Хорт хавдрыг ор мөргүй эмчлэх 42 хоногийн дэглэм худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Австрийн эмч Рудольф Бреусийн 42 хоногийн дэглэм нь хорт хавдрыг ор мөргүй эмчлэх тухай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус 42 хоногийн дэглэм нь эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд уг дэглэм нь биед сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.

2021 оны 11 дүгээр сарын 1-нд “Delgeen News Инээмсэглэл” нэртэй пэйжид “Өвөө маань Австрийн хавдар судлаач эмчийн хорт хавдрын эсрэг 42 дэглэмийг баримтлаад өвчнөө ор мөргүй эмчилж чадсан. Одоо эрүүл саруул амьдарч байгааг нь харах үнэхээр сайхан байна” гэсэн гарчигтай Delgeen.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 4-ний байдлаар 543 реакц, 6 сэтгэгдэл авч, 1,600 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

2021 оны 11 дүгээр сарын 1-нд “Delgeen News Инээмсэглэл” нэртэй пэйжид “Өвөө маань Австрийн хавдар судлаач эмчийн хорт хавдрын эсрэг 42 дэглэмийг баримтлаад өвчнөө ор мөргүй эмчилж чадсан. Одоо эрүүл саруул амьдарч байгааг нь харах үнэхээр сайхан байна” гэсэн гарчигтай Delgeen.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 4-ний байдлаар 543 реакц, 6 сэтгэгдэл авч, 1,600 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна. Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 2,394 удаа хариу үйлдэл үзүүлсэн байна. Delgeen.com домайн дээр байршсан мэдээ нь: Австрийн эмч Рудольф Бреус (Rudolf Breuss) өөрийн амьдралын ихэнх хугацааг хортой, хоргүй хавдрын эсрэг бүтээгдэхүүн гаргаж авахад зориулсан байна. Үүний ачаар тэрээр “Breuss” хэмээх 42 хоногийн дэглэм гаргаж авсан бөгөөд хүмүүс 1980 оноос хойш энэ аргаар хавдартайгаа тэмцэж, гайхалтай үр дүнг мэдэрсээр байна. Хавдрын эсүүд нь эрүүл эсийг бодоход онцгой бодисын солилцоотой учраас “Breuss” хэмээх дэглэм нь биеийн эрүүл эсүүдийг илүү хурдан хөгжүүлэхэд чиглэсэн байна. Танд дахин сануулахад энэхүү “Breuss” дэглэм нь шингэний дэглэм бөгөөд 42 хоногийн турш та хатуу, бүхэл зүйлээс татгалзаж, зөвхөн хүнсний жижиглэсэн жимс хүнсний ногооны шүүс уух хэрэгтэйг анхаараарай. 1 ширхэг цагаан лууван 1 том хүрэн манжин 1 ширхэг дунд зэргийн лууван 3-4 цоохор майлз тал төмс Бреус эмчийн хэлж байгаагаар хавдрын эсүүд нь уургаар хооллодог гэнэ. Тиймээс биед орж буй уургийн хэмжээг багасгах хэрэгтэй гэж тэр үзжээ” гэсэн байна.

Брэуссь дэглэмийн тухай

The Guardian сонины вэбсайтад 2002 оны 09 дүгээр сарын 10-нд нийтлүүлсэн мэдээнд: “Австрийн эмийн бус аргын эмчилгээ судлаач Рудольф Брэуссь 1899 онд мэндэлсэн. Тэрээр 92 насандаа өөд болохоосоо өмнө өөрийгөө хэдэн мянган хүн эмчилсэн гэж хэлж байсан. Брэуссийн дэглэм нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй, хэдэн мянган хүн эмчилсэн гэдгийг ч нотлох баримт байдаггүй. Эцсийн шатандаа орсон өвчтөнийг ч эдгээнэ гэх түүний дэглэмийг Мотоциклын дэлхийн аварга 51 настай Барри Шийн хэрэглэж байна. Их Британийн Хавдрын төвийн ахлах сувилагч Сара Тюрнерийн хэлж буйгаар үнэрээр хоолны дуршил сэргээх, массаж зэрэг альтернатив аргыг сүүлийн үед эмчилгээнд их хэрэглэж буй. Гэвч хавдрын үед барих хоолны дэглэм гэх мэдээллүүд нь шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд эсрэгээрээ өвчтөний хооллолт дахь шим тэжээлийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй” гэсэн байна. Дээрх мэдээнээс 6 сарын дараа The Guardian сонинд Барри Шийн хорт хавдраасаа болж 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барсныг мэдээлсэн байна.

1. Шалгаж буй мэдээлэлд дурдсан дэглэм нь хавдрын үед ач холбогдолгүйд тооцогддог байна

Олон улсын Хавдрын эсрэг судалгааны ажлуудын 2014 оны эмхэтгэлд Германы эрдэмтдийн хэвлүүлсэн хавдрын үед тохиромжтой дэглэмийг өвчтөнүүдэд зөвлөх тухай судалгааны ажилд олон нийтийн дунд алдартай 13 хоолны дэглэмийг харьцуулан судалжээ. Үр дүнд нь хоолны дэглэмүүдийг дараах ангилалд хуваасан байна. Уг ангилалд: Ач тустайг нь нотолсон Ач тустай байх магадлалтай Үр нөлөөгүй Үр нөлөөгүй бөгөөд хавдрын тухай ойлголттой нийцээгүй гэх 4 үзүүлэлтэд тус бүр харгалзуулан эрсдэлгүй, эрсдэлтэй байж болзошгүй гэх 2 хэсэгт хуваасан байна. Шалгаж буй мэдээлэлд дурдсан Брэуссийн дэглэмийг үр нөлөөгүй бөгөөд хавдрын тухай ойлголттой нийцээгүй үзүүлэлтэд эрсдэлтэй байж болзошгүй хэмээн тэмдэглэжээ. Учир нь Брэуссийн дэглэмийг дурдсан эрдэм шинжилгээний ажил нь АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн дата бааз болох Medline системд 1 удаа дурдагдаж, хавдрын өвчтөнд хийсэн албан ёсны туршилтын тайлан болон бусад тохиолдлуудыг мэдээлсэн баримт бичигт байхгүй байна. Харин эрсдэлүүдэд “42 хоног зөвхөн ногоо, жимсний шүүс хэрэглэснээр шим тэжээлийн дутагдалд орох, жин хасах, хавдрын бусад эмчилгээ тасалдах аюултай” болохыг дурджээ. Америкийн Хавдрын нийгэмлэгийн Хавдрын үеийн хоол, хүнсний зөвлөмжид зөвхөн жимс, ногооны шүүс уух нь хавдрын эсрэг үйлчилгээтэй эсэхэд тайлбар хийжээ. Тайлбарт “Жимс, ногооны шүүс уух нь ашигт шим тэжээлийг авах хооллолтын нэг хэлбэр. Тохируулж хэрэглэсэн үед биед тустай. Гэвч шүүс нь эслэгийн агууламж бага, анх ашигласан жимснээсээ илүү их чихрийн агууламжтай болдог. Хэсэг хугацааны турш зөвхөн жимс, ногооны шүүс уух нь биед ашигтай хийгээд хавдрын эсрэг үйлчилгээтэйг нотолсон баримт байхгүй. Зөвхөн жимс, ногооны шүүсийг удаан хугацаанд хэрэглэх нь бөөрний гэмтэл үүсгэж болзошгүй” гэсэн байна.

2. Уг дэглэмийг барьснаар биед сөргөөр нөлөөлсөн тохиолдлууд байна

Норвегийн Арктикийн их сургуулийн Хавдрын үеийн хавсарга болон альтернатив эмчилгээний холбооны вэбсайтад дурдсанаар: “Бусад эрдэмтдээр хянуулсан судалгааны ажил одоогоор байхгүй бөгөөд 1984 онд Брэуссийн дэглэмийг хавдраар өвдсөн 8 өвчтөнд туршиж байжээ. Туршилтын явцад өвчтөнүүд өвдөлт багасаж, бие нь дээрдсэн гэж бичсэн байх ч туршилтын явцад 1 өвчтөн нас барж, туршилт дууссаны дараа 2 өвчтөн нас барсан байна. Цахим илэрц дээр байх Брэуссийн дэглэмтэй холбоотой бусад цөөн тооны ажлууд эрдэм шинжилгээний ажлын шаардлага хангаагүй” гэсэн байна. Мөн бүртгэгдсэн сөрөг нөлөөнүүдэд: “Хэд, хэдэн өвчтөн жингийн дутагдалд өртөж, аюултай нөлөөлөхүйц хэмжээнд турж, эцсэн. Дэглэмийн дараах шим тэжээлийн дутагдал нь өвчтөний амьдрах магадлал, эдгэх хугацаа, амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөн. Өвчтөнүүд нотлогдоогүй дэглэмд итгэснээс болж үндсэн эмчилгээгээ тасалдуулах эрсдэлтэй” гэж дурджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document