Хар тамхитай чихэр тараасан гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 30-нд Mendbayar Purev гэх хэрэглэгчийн хаягаас “Хар тамхитай чихэр тараасан байж болзошгүй гэдэг нь үнэн бололтой” гэсэн тайлбартайгаар “DMNN Korea” пэйжид “2022.10.29. Өмнөд Солонгос Сөүлийн Итэвонд. HALLOWEEN баярт оролцохоор Итевон дүүрэгт өнөөдөр л гэхэд 100.000 гаруй хүн цугларсан байна. Шалтгаан тодорхой биш байгаа боловч олон хүн нас барсан золгүй явдал болжээ” гэсэн тайлбартай, бичлэг оруулсан постыг хуваалцсан байна. Уг бичлэг нь ухаангүй болсон олон тооны хүнийг зөөвөрлөн газарт энд тэндгүй тавьж хиймэл амьсгал хийх зэргээр аврах ажиллагаа явуулж байгаа үеийг дээрээс авсан байна. Энэ нь БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүргийн Хамилтан зочид буудлын баруун талын нарийн гудамжинд Халловены баяр тэмдэглэхээр цугласан олон хүн дарагдаж, 150 гаруй хүн нас барсан харамсалтай үйл явдлын бичлэг юм. Анх цахим орчинд түгэж байхад шалтгааныг мэдэхгүй үед олон янзын таамаг хэлж байсны нэг жишээ болох “Хар тамхитай чихэр тараасан байж болзошгүй” гэх энэ мэдээллийг залруулахын зэрэгцээ тухайн талбайд хичнээн хүн багтах боломжтойг нягтлах аргыг зааж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахдаа талбайн хэмжээ, даац зэргийг урьдчилан тооцоолохдоо ашиглахыг зөвлөж байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Бичлэгт хар тамхитай чихэр идээд мансуурсан хүмүүс биш, яаралтай тусламж шаардлагатай ухаан алдсан иргэдийг зөөж буй хүмүүс, аврах багийнхныг харуулсан. Газарт ухаангүй хэвтэж буй нэгнээ хиймэл амьсгал хийж аврахыг хүссэн хүмүүсийн үйлдэл байна. Үүнийг хар тамхитай чихэр тараасны улмаас олон хүн нас барсан гэж хэлэх боломжгүй тул санаатайгаар хуурамч мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлтэй.

Нарийн гудамжид хоёр талаас нь битүү чихэлдэн, бусдадаа дарагдан олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг болсон “Хамилтон” зочид буудлын баруун талын гудамжийг MapChecking хэрэглүүрээр нягтлахад ойролцоогоор 272 мКв талбайтай гэжээ. Уг талбайд 1 мКв-д 5 хүн буюу зайгүй шахалдаж зогсоход 1,361 орчим хүн багтана гэж тооцоолж байна. MapChecking бол нэгж талбайд хүмүүс хэр сийрэг болон нягт зогссоноос хамаарч, нийт хичнээн хүн байгааг тооцоолох хэрэглүүр юм. Жишээлбэл, Бөхийн өргөөнд дээврийн тойргоор ойролцоогоор хэмжилт хийхэд 2300 мКв талбайтай ба нэг мКв талбайд 5 хүн шахалдаж зогсвол 11,500 орчим хүн багтана гэжээ. Тиймээс Бөхийн өргөөнд хүн цуглуулах гэж байгаа бол 10 мянгаас хэтрүүлбэл эрсдэлтэй гэж үзэх нь.

Осол гэмтлээс үүдэн хүний зүрх зогссон, амьсгалахгүй болсон тохиолдолд суурь сэхээх амилуулалт хийнэ. Үүнд: Цээжний шахалт хийнэ. -Цээжний төв хэсэгт гарын алгын товгор хэсгээр шахалт хийнэ. -Шахалт хийхдээ тохойгоо нугалахгүй, цээжний өргөний ⅓ хүртэл буюу 4-6 см хүртэл дарна. -15 секундэд 30 удаа шахалт хийнэ. Амьсгалын замыг чөлөөлнө. Амны хөндийд ямар нэг зүйл байвал хажуулдуулж, аманд нь хуруугаа хийж тээглэсэн зүйлийг гаргана. Амьсгалуулах -Амьсгалын зам чөлөөтэй бол ам-амаар, эсвэл ам-хамраар 2 удаа амьсгал өгөх хэрэгтэй. -Амьсгал өгч байхдаа цээжний хөдөлгөөн болон сэргэлтийг хянах хэрэгтэй. Анхаарах зүйлс: -Гарын алгыг цээжний төв хэсгээс салгахгүй байх -Тохойгоо түгжиж, нугалахгүй байх -Цээжний өргөний ⅓ хүртэл буюу 4-6 см шахах -15 секундэд 30 удаа шахах -2 удаа амьсгалуулах Амьсгал зүрх сэргэхгүй бол амьсгалуулалтыг түргэн тусламж иртэл үргэлжлүүлэн хийсээр байх болно.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst