Хятадын телевизээр гарсан Флюресцент бодисуудын зургаан аюул гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 24-нд ODOD News нэртэй пэйжид “Хятадын телевизээр сая гарсан мэдээ юм байна. Флюресцент бодисуудын зургаан аюул” гэх мэдээлэл постолсон нь 10 дугаар сарын 31-ны байдлаар 628 реакц, 143 сэтгэгдэл авч, 1,800 удаа цааш түгээгдээд байна. Уг пост нь “Флюросцент бодисууд нь 1. Хүүхдийн цусны хорт хавдрын нэг шалтгаан юм 2. Хорт хавдар үүсгэж, биед хорт хавдрын эсийн хөгжлийг түргэсгэдэг 3. Нөхөн үржихүйн тогтолцоонд нөлөөлж, жирэмсэн эмэгтэйд үр хөврөл өсөлтгүй болох, ургын гажиг үүсгэдэг. 4. Хүүхдийн оюуны хомсдол үүсгэдэг 5. Дархлааг бууруулдаг 6. Харааны системд сөрөг нөлөө үзүүлдэг Мөн хүний биед маш хурдан шингэж, 7 жил гадагшлахгүй байдаг гэнэ. Ийм бодисгүй ямар аяга таваг угаагч, угаалгын нунтаг, саван бүтээгдэхүүнүүд байдаг юм болоо. Бид гэр ахуйн цэвэрлэгээний бодисуудыг аль болох хэрэглээнээсээ хасч, багасгамаар юм байна. Ямартай ч ган сав суулга хэрэглэж эхэлснээс хойш аяга таваг угаагчийг бараг хэрэглэхээ больсон. Зөвхөн диков л цэвэрлэж байна. Ган сав суулга нь халуун бүлээн усаар л маш амархан үлдэгдэлгүй цэвэрлэгддэг” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

АНУ-ын Пеннсильваны их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн тайлбарт: “Флуоресцент цайруулах бодис гэдэг нь хувцсыг илүү цайруулж, өнгө оруулах үйлчилгээтэй будагч бодис юм. Анх худалдаанд гарахдаа “Цэнхэр туяа оруулагч” гэх нэршлээр гарч байсан. Объект ямар өнгөтэй харагдах нь тухайн материалын гэрэл шингээлт, ойлголт зэргээс хамаарна. Аливаа объект ямар ч гэрлийг шингээхгүйгээр бүх гэрлийг ойлгож байвал цагаан, ямар ч гэрлийг ойлгохгүйгээр бүх гэрлийг шингээж байвал хар өнгөтэй харагдана. Цэнхэр өнгийг шингээж бусад гэрлийг ойлгох үед объект шар өнгөтэй харагддаг. Тиймээс цэнхэр туяа оруулагч шингэн хэрэглэх үед цэнхэр гэрэл объектын гадаргууд ойж, шингэлт нь багассанаар өнгө нь цагаарч харагддаг байна. Цэнхэр туяа оруулснаар өнгө илүү цагаан харагддаг байсан бол орчин цагт флуоресцент бодис бүхий угаалгын нунтаг хэрэглэснээр зөвхөн цагаан гэлтгүй илүү тод харагдах боломжтой болсон байна. Синтетик болон пластик хувцасны үйлдвэрлэл, өнгийн цаас, угаалгын нунтаг зэрэгт өргөн ашигладаг. Флуоресцент бодис агуулсан эсэхийг хэт ягаан туяа тусгаж шалгах боломжтой” гэсэн байна. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архивт байршуулсан Флорида мужийн их сургуулийн эрдэмтдийн 2020 оны “Өргөн хэрэглээний барааг хэт ягаан туяа тусгаж шалгах” нэртэй судалгааны ажилд “Ахуйн хэрэглээнд өргөн ашигладаг зөгийн бал, оливын тос, тоникжуулсан ус зэрэг нь флуоресценээр гэрэлтдэг” болохыг дурджээ.

1999 онд Европын холбооны улсуудад ахуйн хэрэгцээнд өргөн ашигладаг цэвэрлэгээний бодисуудын хүн ба байгаль орчинд учруулах эрсдэлийг үнэлэх төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд 2004 онд флуоресцент будагч бодисын эрсдэлийн үнэлгээг боловсруулсан байна. Тайланд: “Ахуйн хэрэглээний цэвэрлэх бодисуудын 90 гаруй хувь нь, бөс бараа, өнгийн цаас зэрэг ч флуоресцент цайруулах бодис агуулсан байдаг. Зарим орнуудад хувцсыг гараар угаах үедээ ч флуоресцент агуулсан цэвэрлэх бодис ашигладаг тул хүний арьсанд шууд хүрэлцэх үед болон бодисын хийг амьсгалах, санамсаргүй уух тохиолдолд хүний бид үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоох үүднээс уг үнэлгээг хийж гүйцэтгэсэн болно. Хоруу чанар тодорхойлох судалгааны үр дүнд флуоресцент бүхий цэвэрлэгээний бодис нь энгийн хэрэглээнд хүний биед арьсаар, амьсгалын замаар үйлчлэх үедээ ямар нэг гаж нөлөө үзүүлээгүй. Дэлгэрүүлбэл: -Флуоресцент бодис нь арьсыг нэвтэлж биед шингэх чадваргүй бөгөөд хоол боловсруулах замд орсон тохиолдолд хүний биеэс гадагшлах хугацаа 7 хоног байна -Арьсанд хор нөлөө үзүүлэх эрсдэл бага байна. Судалгааны үр дүнд ахуйн хэрэглээнд ашиглахад эрхтэн системд нөлөөгүй, үхэлд хүргэх тохиолдол байгаагүй -Нүдэнд дусаасан үед цочроох хэдий ч хараанд нөлөөлөхгүй -Лаборатори болон хүн дээр хийсэн туршилтууд дээр генетикийн өөрчлөлт үүсгэх эрсдэлгүй болохыг баталсан . -30 хулганад тогтмол амаар уулгаж байсан бөгөөд яс болон цусанд ямар нэг өөрчлөлт оруулаагүй -Хэт өндөр тунгаар хоол боловсруулах замдаа ууж хэрэглэсэн тохиолдолд хавдар үүсгэх эрсдэлтэй бөгөөд бусад хэвийн хэрэглээний нөхцөлд хавдар үүсгэх эрсдэлгүй -Өдөрт биеийн жингийн килограмм тутамд 1 гр ба түүнээс өндөр тунгаар флуоресцентийг биед шингээж хэрэглэсэн тохиолдолд эх болон урагт өсөлт, хөгжлийн гажиг үүсгэх боломжтой. Хэвийн хэрэглээнд аюулгүй. -Өдөрт биеийн жингийн килограмм тутамд 1 гр ба түүнээс өндөр тунгаар флуоросцентийг биед шингээж хэрэглэсэн тохиолдолд нөхөн үржихүйн тогтолцоог гэмтээх эрсдэлтэй бөгөөд дээрх үзүүлэлтүүдийг ерөнхийлөн дүгнэхэд ахуйн хэрэглээнд зориулалтын дагуу хэрэглэхэд хүний биед ямар нэг сөрөө нөлөө байхгүй” хэмээн дүгнэсэн байна. Мөн АНУ-ын Хүнс ба эмийн агентлаг 1983 онд уг бодисыг ахуйн хэрэглээнд хэрэглэхэд аюулгүй хэмээн дүгнэж, цэвэрлэгээний бодисын орц найрлагад ашиглахыг зөвшөөржээ. Олон улсын Химийн бодисын мэдээллийн сан буюу CAS системд флуоресцент цайруулах бодисыг 7128-64-5 кодоор тэмдэглэдэг. Монгол Улсын “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д холбогдох нэршил болон кодоор хайлт хийж үзэхэд бүртгэлгүй байна. БНХАУ-ын Химийн салбарын мэдээ, мэдээллийн Ccin.com.cn сайтад 2017 оны 02 сарын 24-нд олон нийтийг худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж флуоресцент бодис бүхий цэвэрлэгээний бодисын тухай мэдэгдэл гаргажээ. Үүнд: “Сүүлийн жилүүдэд ахуйн цэвэрлэгээний бодисууд хүний биед гаж нөлөөтэй гэх үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон. Флуоресцент гэх нэрийг дурдах төдийд л ямар нэг ойлголтгүй хүмүүс шууд хор хэмээн итгэж, баримтгүй худал мэдээллийг бусдад идэвхтэй тарааж эргэн тойрноо мунхруулж байгаад харамсаж байна. Дэлхий даяар сүүлийн 80 гаруй жилд флуоресцент бодисыг ашиглаж буй. БНХАУ-ын Угаалгын нунтаг үйлдвэрлэгчдийн холбооны тооцооллоор олон улсад нийт флуоресцент бодисуудын 50 хувийг цэвэрлэгээний бодисын найрлагад ашиглаж байна. Флуоресцент нь зөвхөн үйлдвэрлэлд зориулж гаргаж авсан бодис биш бөгөөд байгаль дээр гэрэлт цох, хавч, сам хорхой, далайн залхаг зэрэг амьтад болон хүний биед агуулах зарим амин хүчлүүд флуоресцент туяа ялгаруулдаг. Цэвэрлэгээний бодисуудыг шууд хүний биед ямар ч нөлөөгүй гэж хэлэх боломжгүй бөгөөд хэрхэн хэрэглэхээс шалтгаалаад хүний биед янз бүр байдлаар нөлөөлнө. 2011 онд БНХАУ-ын Угаалгын нунтаг үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгдэлдээ “Ууж, амьсгалж, эмзэг хэсгүүддээ дусааж хэрэглэхгүй л бол хүний биед ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй” болохыг сануулж байсан. БНХАУ-ын Үндэсний стандартад ч флуоресцент бодисуудыг аюулгүй гэж үзэн GB/T6687-2006 дугаараар тэмдэглэж, нийтийн хэрэглээнд ашиглахыг зөвшөөрсөн байдаг” гэсэн байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst