Зайсан орчимд хоёр чоно орж иржээ гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 10-нд Eguur News нэртэй пэйжид “Өчигдөр /2022.10.23/ өдөр 13 цагийн үед Богд уулын зам дээр хоёр чоно явж байгаа нь дүрс бичлэгт буусан байна” гэсэн тайлбартай, eguur.mn домайн нэртэй сайтын мэдээллийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг пост 10 дугаар сарын 25-ны байдлаар 163 реакц, 56 сэтгэгдэл авч, 15 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 234 хариу үйлдэл авсан байна. eguur.mn домайн дээр байршсан мэдээнд: “Богд уулын зам дээр явж буй хоёр чоно гэх зургийг “Тус хоёр чоно суурьшлын бүсэд орж ирсэн тул иргэдэд аюул учруулсан эсэх талаар НБОГ-аас тодруулахад “Чонотой холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй” гэсэн хариултыг өглөө. Тэгвэл чоно суурьшлын бүсэд нэвтэрсэн асуудал энэ оны нэгдүгээр сарын 15-ны 05.00 цагт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Бэлхийн төв замаар хоёр чоно явж байсан нь НБОГ-т бүртгэгдэж хоёр чоныг суурьшлын бүсээс гаргаж байсан. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод зэрлэг амьтан орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага 2015 онд 30, 2019 онд 43, 2020 онд 116, 2021 онд 89 удаагийн дуудлага бүртгэгджээ. Харин зэрлэг амьтны тархац нутаг хумигдах, идэш тэжээлийн дутагдалд орсноор Улаанбаатарт зэрлэг амьтан орж ирэх тохиолдол нэмэгдсэн байна. Дэд бүтэц хөгжихийн хэрээр саарал чоно амьдрах орчны хуваагдалд ороод буй. Чөлөөтэй нүүдэллэх боломжгүй болж, идэш тэжээл хайж хотын суурьшлын бүсэд орж ирсэн гэж үзэж болохоор байна” гэсэн бичвэртэй нийтэлсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Eguur.mn домайн дээр байршсан зургийг Google image reverse search tool ашиглан шалгахад 2022 оны 10 дугаар сарын 23-нд @bayaraashu гэх нэртэй Twitter хэрэглэгчийн постолсон бичлэгийн илэрц байна. Энэхүү Twitter хэрэглэгчийн постыг inVID хэрэглүүрт оруулж, мэдээллийг Yandex TinEye платформд хайлт хийхэд илэрц гарч ирсэнгүй. Харин Google image reverse search цэсээр хайхад 2022 оны 10 дугаар сарын 20-нд Silk River нэртэй Twitter хэрэглэгчийн “Хубэй, 10 дугаар сарын 2” гэх тайлбартай оруулсан нь гарч ирлээ. Уг бичлэгийн баруун дээд буланд Хятадын Twitter гэгддэг Weibo сүлжээ болон хаягийн нэртэй оруулсныг хуулж, хайж үзэхэд Хятадын TikTok-той төстэй Douyin дэх бичлэгүүдийн илэрц гарч ирсэн ба 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд цахим орчинд нийтэлсэн байна. Тухайн бичлэгийг анзаарч харвал замын гол зураас шар өнгөтэй байгааг харж болно. Бид 2022 оны 10 дугаар сарын 25-нд Зам, тээврийн хөгжлийн төвийн 7000-3706 лавлах утсаар холбогдон тодруулахад: “Монгол улсад замын хөдөлгөөний эсрэг урсгалийг тусгаарлах шугамыг цагаан өнгөөр тэмдэглэдэг. Богд уулын зам дээр шараар тэмдэглэсэн тусгаарлах шугам байхгүй” гэх мэдээллийг өглөө. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад “Замын тэмдэг, тэмдэглэгээ”-ны стандартыг зааж өгсөн байх ба тус стандартад: “7.4 Түр зогсохыг хориглосон газар 7.9 Удаан зогсохыг хориглосон газар 7.17 Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудлын тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна” гэж заасан байна.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирсэнтэй холбоотой дуудлагын статистикийг хайлт хийж үзэхэд ubn.mn домайн дээр ижил текст бүхий 2022 оны 01 дүгээр сарын 17-ны нийтлэл гарч ирж байна. Эдгээр мэдээллийг бэлтгэсэн автор ижил байна. Бид уг мэдээлийг баттай эсэхийг шалгахаар холбогдох байгууллагуудтай холбогдлоо. 10 дугаар сарын 25-нд Нийслэлийн байгаль орчны газрын 11323780 лавлах утсаар холбогдоход: “Тухайн мэдээг бид харсан. Өнгөрөгч онуудад ирсэн дуудлагын хэмжээн дээр зөрүү байхгүй. Бидэнд өчигдөр ямар нэг зэрлэг амьтантай холбоотой дуудлага ирээгүй. Богд уулын зам нь харъяаллаараа Богд уулын хамгаалалтын бүсэд хамаарах тул холбогдох мэдээллийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас лавлаж баталгаажуулах боломжтой” гэсэн болно. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 75077799 лавлах утсаар холбогдоход: “Ямар нэг чоно, зэрлэг амьтан үзэгдсэн гэх дуудлага өчигдөр бүртгэгдээгүй. Дээрх төрлийн дуудлага манай захиргаанд их ховор ирдэг” гэж хариуллаа.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst