Хүүхдийг төрөнгүүт хүйг нь таслахаар цусны 3/4 хангамжаа алддаг тул 30 минутын дараа таслах ёстой гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 16-нд Энхцэцэг Эко нэртэй хэрэглэгчийн хаягаар “Дөнгөж төрөнгүүт нь хүүхдийн хүйг тасалсанаар хүүхэд эхэсээс авах үүдэл эс, өөрийн 25% ын цусаа авч чаддаггүй байх нь. Хэрвээ энэ үүдэл эс, цусаа авахгүй бол хүчилтөрөгчийн дутагдал, цус багадалт үүсэх нь аргагүй л юм байна даа” гэх мэдээлэл постолсон нь 10 дугаар сарын 20-ны байдлаар 228 реакц, 27 сэтгэгдэл авч, 303 удаа цааш түгээсэн байна. Уг пост нь “Хүүхэд эхэстэй холбогдсон хүйн урт 50-60 см бдгийн учир нь ээжийнхээ цээжин дээр хэвтэхэд байгалиас зориулагдсан. Төрсний дараа ээжийнхээ цээжин дээр ядаж 30 минут хэвтэж ээжтэйгээ сэтгэлийн холбоос үүсдэг. Үүнээс гадна 30 минут хүйг таслахгүй бх маш чухал шалтгаан бол эхсэнд төрөх үед хүүхдийн цусны 25% нь бдаг аж. Эхэсний цус биш, хүүхдийн цус. Ядаж 25-30 минут хүй холбоосыг таслахгүй бвал эхэсээс үлдсэн 25% цусаа авч, цусны дутагдалд ордоггүй бна. Мөн яг энэ 30 минутанд хүйгээр дамжуулж эх хүүхэд хоёр цусаа сэлбэдэг. Эхэснээс хүүхэд үүдэл эсүүдээ энэ хугацаанд авдаг бна. Дөнгөж төрөнгүүт нь хүйг тасалдаг нь ийм учиртай. Эхэст бгаа үүдэл эсээ + цусаа хүүхэд ингээд бүрэн авч чаддаггүй. Эхэст байдаг үүдэл эсээр фарма индастри бизнес хийж, “хүн хийх” туршилтанд ашигладаг. Үүдэл эс бол алт. Ураг үүсэх цагаас үүдэл эс бүрэлддэг. Шууд төрсний дараа эхэснээс хүүхдийн биед шилжэн очдог үүдэл эсүүд ухаалаг/оюунлаг эсүүд бдаг. Дөнгөж төрөнгүүт таслахаар хүүхэд 3/4 цусны эзлэхүүн/хангамжаа мөн алддаг бна. Хамгийн том, үнэ цэнэтэй валют бол цус. Үүдэл эсүүдээр амь аврана гэдэг элитуудын + фармагийн хэлдэг заль юм. Хүүхдийнхээ ДНА + цусыг худалдахаа болих хэрэгтэй” (Орчуулга. Керстин Вилхелмина Тенн, хувиар + системээc гадуур эх баригч/автор, багш). Европт гэртээ их төрдөг. Хувийн эх баригчийн төлбөрийг эрүүл мэндийн даатгал төлдөг” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хүй хавчих удирдамжид: “Төрснөөс 1 минутын дотор буюу хүйг шууд хавчих болон төрснөөс 1-3 минутын дараа буюу хэсэг хугацааны дараа хавчих үндсэн 2 хугацаа байна. Нярайг төрсөн даруйд амьсгал дэмжих аппарат ашиглан амьсгалуулах яаралтай шаардлага үүсээгүй тохиолдолд дор хаяж 1 минутын дараа хүйг хавчих ёстой” гэсэн байна. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны А/545 тушаалаар баталсан “Нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний заавар”-ын 3.3.5-д: “Ариун бээлийтэй гараар хүйн лугшилтыг шалгаж, хүйн лугшилт зогссоны дараа 1-3 минутад ариун хуванцар хавчаараар хүйн угаас 2 см зайтай хавчина, 2 дахь хавчаарыг эхний хавчаараас 3 см зайтай хавчиж, хүйг эхний хавчаарт ойрхон тасална” гэсэн байна. Хүйг хавчих хугацааны талаар Америкийн Жирэмсний хяналтын холбооны вэбсайтад тайлбарласан байна. Мэдээлэлд: “Хэсэг хугацааны дараа хүйг хавчсанаар нярайн цусны улаан эсийн хэмжээ 60 хувь нэмэгдэж, цусан хангамж 30 хувиар дээшилдэг. Мөн цусанд төмрийн дутмагшил үүсэх эрсдэл буурна. Гэвч хүйг хавчихгүй удах тусам зарим нэг эрсдэл тохиох магадлал ихэсдэг. Цусан дахь төмрийн хэмжээ нэмэгдсэнээр нярайн шарлалт ихсэх, цусны улаан эсийн тоо хэт ихэссэнээр амьсгал хямрах, цусны эргэлт саатах боломжтой. Мөн амьсгал дэмжих шаардлагатай нярайн хүйг шууд хавчих шаардлагатай” гэсэн байна. АНУ-ын Эх барих эмч нарын коллежийн зөвлөмжид “Хүйг төрснөөс 3 минутын дараа хавчих шаардлагатай. Хүйг шууд хавчсаны дараа эхэст улаан эс, үүдэл эс, төмрөөр баялаг 54-160 мл цус үлдсэн байдаг. 3 минутын дотор дунджаар 81 мл цус хүйгээр дамжих тул төрснөөс 3 минутын дараа хүйг хавчих нь хамгийн боломжит хугацаа буюу ач холбогдол өндөр, эрсдэл бага сонголт юм” гэсэн байна.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан Кэрстин Вилхелмина Тенн гэх нэрээр олон улсын нэр бүхий шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хайлт хийж үзэхэд хэвлэн, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний ажлын ямар нэг илэрц болон эх сурвалжийн нэр, цол зэргийг тэмдэглэсэн баттай мэдээлэл байхгүй байна. Facebook болон Telegram хуудсуудад ижил нэртэй хэрэглэгчийн илэрц байх хэдий ч шалгаж буй мэдээлэлтэй ижил агуулга бүхий нийтлэл олдсонгүй. Тиймээс дурдсан эх сурвалжийг анагаах ухааны талаар үнэн, зөв мэдээлэл өгөх баттай эх сурвалж гэж үзэх боломжгүй юм.

Чехийн эрдэмтэд 2015-2019 оны хооронд Европт бүртгэгдсэн төрөлтийн үзүүлэлтүүдийг харьцуулан шинжилж байсан байна. Шинжлэх ухааны Sage Сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны үзүүлэлтэд: “Европын орнуудад гэрээр төрөлтийн үзүүлэлт хамгийн өндөр буюу Нидерланд улсад нийт төрөлтийн 16.3 хувь нь гэрээр төрсөн байна. Жагсаалтын 2-т Дани улс 1.4 хувь, 3-т Герман улс 1.3 хувь, 4-т Бельги улс 1.1 хувь гэх үзүүлэлттэй байжээ. Хамгийн өндөр үзүүлэлттэй Нидерланд улсад эмнэлгийн хяналтад төрөх зайлшгүй шаардлагатай биш бол жирэмсэн эмэгтэйчүүд эх барих үйлчилгээг гэрээр авах боломжтой” гэсэн байна.

Их Британи дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн вэбсайтад эх болон нярайг арьсаар шүргэлцүүлэх тухай мэдээлэл орсон байна. Үүнд: “Нярайг төрмөгц биеийг нь хуурайшуулж эхийн цээжин дээр тавьж арьсаар шүргэлцүүлнэ, эхтэй нь хамт дулаан хөнжлөөр хучиж дор хаяж 1 цаг эсвэл амлуулж дуусах хүртэл нь эхийнх нь цээжин дээр хэвтүүлнэ. Эх болон нярайг тайвшруулах, эхийн савнаас гадна орчинд буй нярайн стрессийг бууруулах, нярайд хөхөөр хооллох сэдэл төрүүлэх, биеийн температурыг тэнцвэржүүлэх, эхийн арьсны гадаргууд буй бактериудыг нярайн дархлааны систем тогтооход туслах зэрэг ач холбогдолтой. Нярайг яаралтай тусламжид шилжүүлэх шаардлага үүсээгүй л бол заавал арьс, арьсаар шүргэлцүүлэх ёстой” гэсэн байна. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны А/545 дугаар тушаалын хавсралтаар баталсан Нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний заавар”-ын 3.3 дугаар хэсэгт: “3.3.2 Нярайг төрмөгц эхийн хэвлий дээр хуурай даавуун дээр тавьж, эхний 5 секундээс удаахгүйгээр арчиж эхлэх, бүрэн хуурайшуулна, нойтон даавууг солино 3.3.4 Нярайн биеийн байдал сайн бол нүцгэнээр нь эхийн цээжин дээр тавьж арьс-арьсаар шүргэлцүүлнэ, нярайд малгай өмсгөн, толгойг хажуу тийш харуулж хэвтүүлнэ, эхийн цээжийг өндөрлөнө, эхтэй нь хамт дулаан хөнжлөөр хучна 3.3.8 Нярайг хөхөө хайх, хөхөх оролдлого хийх шинж, дохио ажиглагдмагц хөхийг амлуулна 3.3.13 Төрөх өрөөнд эхтэйгээ хамт 2 цаг болоод төрсний дараах тасаг шилжихийн өмнө нярайн биеийн жин, урт, толгойн тойрог, цээжний тойргийг хэмжинэ” хэмээн тус, тус зааварлажээ.

2020 оны 08 дугаар сарын 16-нд АНУ Харвардын их сургуулийн вэбсайтад нийтлүүлсэн “Хүйн цусыг хадгалахын ач холбогдол” нэртэй мэдээлэлд: “Хүүхэд төрсний дараа хүй болон эхэст буй цусыг хадгалах нь өндөр ач холбогдолтой. Цусанд агуулж буй үүдэл эсүүдээр хожим хүүхэд цусны өвчлөл, дархлаа хомсдол, бодисын солилцооны доголдол, зарим төрлийн хавдраар өвчилсөн тохиолдолд хэрэглэх боломжтой цусны эсүүдийг ургуулах боломжтой. Гэвч хүй болон эхэст буй цусаар эмчилж болох өвчин төдийлөн нийтлэг биш. Хүнд өвчин удамших эрсдэлтэй гэж үзвэл хүйн болон эхэсийн цусыг хадгалуулах нь зүйтэй. Ихэнх тохиолдолд хадгалуулсан цусыг ашиглах шаардлага үүсдэггүй байна” гэсэн байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst