Улаанбаатар хотод 7кг 200 гр хүү төрсөн гэх мэдээлэл #ХУДАЛ

2019 оны 10 дугаар сарын 18-нд SBN tv нэртэй пэйжид “Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө буюу 10 сарын 17-нд 7 кг 200 гр хүү төрсөн байна.Мoнголын үрс маш олон болох болтугай” гэх пост оруулсан нь 10 дугаар сарын 20-ны байдлаар 3.4 мянган реакц, 143 сэтгэгдэл авч, 62 удаа цааш түгээсэн байна. Medee.mn нэртэй пэйжид дээрх мэдээллийг оруулсан нь 4.5 мянган реакц, 148 сэтгэгдэл авч, 99 удаа цааш түгээсэн байна. Мөн энэ агуулгаар цахим орчинд олон тооны пост оруулж, олон нийтийг төөрөгдүүлсэн тохиолдол үргэлжлэн гарсаар байгаа тул баримт шалгалт хийх шаардлагатай гэж үзлээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Бид 10 дугаар сарын 20-ны өдөр Өргөө амаржих газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Н. Пүрэвжаргалтай утсаар холбогдож тодруулахад: “Манай эмнэлэгт одоогоор 7кг 200 гр хүүхэд төрсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Хэвийн тээлттэй төрсөн эрүүл нярай дунджаар 3 кг гаруй жинтэй байдаг. Том төрөлт буюу онцгой тохиолдолд их жинтэй төрж буй нярай 5 кг гаруй байна. Мэдээж их жинтэй нярай төрөх тохиолдол ховор. 7 кг 200 гр гэдэг бол эх, нярайд төрөхийн хүндрэл үүсэх аюултай, мэргэшсэн эмчийн хяналтад төрөх ёстой тохиолдол байна гэсэн үг. Энэ тохиолдолд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд заавал хандана” гэлээ. 10 дугаар сарын 20-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэвлэлийн төлөөлөгч Ш. Алтанзултай холбогдож тодруулахад : “Нийтийн сүлжээгээр тархаад буй мэдээлэл худал. Хүндрэлтэй төрөлт, хяналтад төрөх шаардлагатай тохиолдлуудад ЭХЭМҮТ-д хандана. 7кг давсан жинтэй нярай бол ЭХЭМҮТ-д хяналтад төрөх эсвэл төрж буй эмнэлэгт нь манай эмч нар арга зүйн дэмжлэг үзүүлэх ёстой. Бүртгэгдсэн төрөлтүүд дунд тийм тохиолдол байхгүй” гэж хариуллаа.

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны А/545 тушаалаар “Нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний заавар” болон “Нярайн шилжүүлгийн маягт”-ыг баталжээ. Уг зааварт Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг зааж өгсөн ба зааврын 2.4.5 хэсэгт “Өндөр эрсдэлтэй эх, нярайг төрөх үед тусламж үйлчилгээг багаар үзүүлнэ” гэсэн байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst