Маргаашаас таны зургийг ашиглах боломжтой Facebook-ийн шинэ дүрэм гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 📌2022 оны 10 дугаар сарын 11-нд Баасанжавын Отгон нэртэй хэрэглэгчийн хаягаар “Маргаашнаас таны зургийг ашиглах боломжтой Facebook-ийн шинэ дүрэм” гэх мэдээлэл постолсон нь таван цагийн дараах байдлаар 270 реакц, 49 сэтгэгдэл авч, 159 удаа цааш түгээгдээд байна. Уг пост нь “Маргаашнаас таны зургийг ашиглах боломжтой Facebook-ийн шинэ дүрэм (...шинэ нэр, META) хэрэгжиж эхэлнэ гэдгийг битгий мартаарай. Эцсийн хугацаа өнөөдөр гэдгийг битгий мартаарай!! "Би Facebook болон Facebook-тэй холбоотой аливаа байгууллагад миний өнгөрсөн болон одоо ирээдүйн зураг, мэдээлэл, мессеж, нийтлэлийг ашиглах зөвшөөрөл олгохгүй. Энэхүү мэдэгдэлд би Facebook-д энэхүү профайл болон/эсвэл түүний агуулгыг үндэслэн задруулах, хуулах, тараах, миний эсрэг бусад арга хэмжээ авахыг хатуу хориглож байгааг мэдэгдэж байна! Мэдээлэл: Хувийн нууцыг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ!" (ЖИЧ: Фэйсбүүк нь нийтийн байгууллага болсон. Бүх гишүүд ийм тэмдэглэл оруулах ёстой. Хэрэв та хүсвэл энэ хувилбарыг хуулж постолж болно. Хэрэв та дор хаяж нэг удаа мэдэгдэл энэ мэт нийтлэхгүй бол энэ нь таны зураг болон профайлын статусын шинэчлэлтэд агуулагдах мэдээллийг ашиглахыг зөвшөөрнө, гэсэн үг) /Үүнийг шэйрлэхгүйгээр хуулж аваад өөртөө постол, эсвэл энэ мэт утга бүхий мэдэгдэл хийх юм байна шүү!/ Copy” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

2019 оны 05 дугаар сарын 1-нд АНУ-ын Politifact баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж худал болохыг мэдээлсэн байна. Баримт шалгалтыг дор хүргэж байна.
“Долоон жилийн өмнө цахим сүлжээнд хүчтэй тархаж байсан худал мэдээлэл дахин давлагаалж байна. Уг мэдээлэл 2012 оны 11 сард Facebook нээлттэй компани болох үед уг цуу яриа хүчтэй тархаж байжээ. Хэрэглэгч Facebook сүлжээнд бүртгүүлэхдээ үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэгчийн хаяг үүсдэг. Харин өөрийн хувийн хаягтаа ямар нэг пост оруулж, мэдэгдэл хийх нь анх зөвшөөрсөн үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах боломжгүй. Тархаад буй цуу ярианд залруулга хийх зорилгоор 2012 онд Facebook мэдэгдэл хийж байсан байна. Мэдэгдэлд: “Facebook-ийг хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нийтэлсэн контентыг дур зоргоороо ашиглах боломжтой мэтээр тайлбарласан байна. Манай платформыг ашигладаг хэрэглэгч зөвхөн өөрөө л нийтэлсэн мэдээллээ эзэмших, удирдах эрхтэй” гэжээ.

Facebook буюу 2021 оны 10 сараас хойш Meta нэрээр явж буй цахим платформын үйлчилгээний нөхцөлд: “Бид хэрэглэгчдээс Facebook сүлжээг ашигласан гэж ямар нэг төлбөр авдаггүй. Эсрэгээрээ бизнесийн байгууллага, хувь хүмүүс хэрэглэгчдэд өөрсдийн мэдээллийг идэвхжүүлж хүргэх зорилгоор сурталчилгааны төлбөр төлөх боломжтой. Манай платформыг ашигласнаараа танд ямар сурталчилгааг харуулахыг зөвшөөрсөн хэрэг. Бид таны хэрэглээний зан үйл, сонирхолд тань тааруулж тухайн сурталчилгааг бэлтгэдэг. Ингэхдээ таны хувийн мэдээлэл, хаягийн өгөгдлүүдийг бусад этгээдүүдэд олгодоггүй. Мөн тантай шууд хамааралтай хэрэглэгчийн нэр, цахим хаяг, бусад холбогдох мэдээллийг ямар нэг байдлаар тараадаггүй болно. Эсрэгээрээ сурталчилгаа хийх хүсэлтэй этгээд бидэнд ямар төрлийн үзэгчдэд сурталчилгаагаа харуулмаар байгааг илэрхийлснээр бид мэдээллийг нь хэрэглэгчдэд хүргэдэг” гэжээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst