Барагшин 404 өвчнийг анагаахад тустай гэх мэдээлэл #БҮРЭН_БУС

2022 оны 09 дүгээр сарын 29-нд Эрүүл нийгмийг дэмжигчид нэртэй пэйжид “Барагшун 404 өвчнийг анагаахад тустай” гэсэн тайлбартай, mngoals.com домайн нэртэй сайтын мэдээллийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ.
Уг постыг 09 дүгээр сарын 29-ний байдлаар 691 реакц, 21 сэтгэгдэл авч 2,900 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд нийт 4,700 хариу үйлдэл авсан байна.
Mngoals.com холбоос дахь мэдээлэлд: “Хүний бие махбодь нийт 90 орчим эрдэс агуулдаг. Эрүүл байхын тулд 60 орчмыг нь өдөр тутмын хоол хүнсээр авч байх шаардлагатай. Эрдэс бодис нь эд эсийн бүтцэд орохоос гадна бодисын солилцоо, түүнийг зохицуулагч олон фермент, дааврын үйл ажиллагаа зөвхөн эрдсээс хамааралтай. Барагшун эрдсээс гадна биологийн өвөрмөц идэвхит органик хүчлүүд, уураг, фермент агуулдаг. Эдгээр нь нийлээд дархлааг зохицуулах, сайжруулах, үрэвслийн эсрэг, олон төрлийн бактерийн эсрэг, харшлын эсрэг, цус төлжүүлэх зэрэг эмчилгээний олон талын гайхалтай үйлчлэл үзүүлдэг. Монгол анагаах ухаанд барагшунийг 404 өвчнийг анагаахад тустай гэж үздэг. Найрлагадаа эрдэс 40 гаруй төрөл, органик хүчлүүд (фульвийн, гумины, гиппурийн, бензойны, таннийн чебулийн г.м), давирхайлаг бодис, гликозид, уураг (амин хүчлүүд, протеаза, амилаза, ферментүүд), альбуминойд агуулдаг” гээд төрөл бүрийн өвчинд хэрхэн хэрэглэх тухай заавар оруулжээ.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Netmeds нь Энэтхэг улсад цахим эмийн сангийн үйлчилгээ үзүүлдэг, албан ёсны зөвшөөрөлтэй эрүүл мэндийн платформ юм. Netmeds платформд барагшины талаар мэдээлэхдээ:
“Байгаль дээрх барагшин найрлагадаа органик нэгдлүүд 60-80 хувь, эрдэс бодис 20-40 хувь, микро элементүүд 5 хувийг тус тус агуулдаг. Мөн тосны хүчлүүд, бензолын хүчил, гиппурын хүчил, давирхай, цавуулаг, албумин, бохь, ургамлын нэгдлүүд зэрэг 80 орчим биологийн идэвхт нэгдэл найрлагад нь багтсан байдаг” гэжээ.
2017 оны 08 дугаар сард АНУ-ын Индиана мужийн их сургуулийн эрдэмтдийн хамтран гүйцэтгэсэн “Барагшины эрүүл мэндийн ач тус” нэртэй судалгааны ажлыг Researchgate вебсайтад байршуулжээ. Уг судалгааны ажилд “Монголын эртний анагаах ухааны түүхэнд барагшиныг 404 өвчнийг илааршуулах ач тустай гэж үздэг” хэмээн дурджээ. Тус судалгааны ажлыг нийт 62 удаа эш татсан байна.

Бид 09 дүгээр сарын 27-ны өдөр Манба Дацан Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төвийн 7710-9977 лавлах утсаар холбогдон барагшины талаар тодруулахад: “Барагшин бол Монголчууд эрт үеэс анагаах ухаанд хэрэглэж ирсэн хадны хагаас гаргаж авдаг эм. Ихэвчлэн дотор цул эрхтний болон үе мөчний халуун чанартай өвчний үед хэрэглэнэ. Сэрүүн чанартай эм учраас бусад төрлийн өвчинд дур мэдэн хэрэглэх зохимжгүй. Аливаа эмийг хэзээ, яаж, юунд хэрэглэхээс хамаараад өөр, өөр нөлөө үзүүлдэг тул өвчнийг анагаах тохиолдолд эмчид хандах нь чухал” гэж хариуллаа.
АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний хүрээлэнгийн вебсайтад 2012 онд байршуулсан Чили улсын эрдэмтэд хамтран хийсэн Барагшины тухай судалгааны ажилд: “Байгалийн барагшиныг боловсруулалгүйгээр шууд хэрэглэх нь хүнд метал, хорт ионы хорлогод оруулах боломжтойг анхаарах” гэсэн байна.
Ази номхон далайн халуун орнуудын биоанагаахын сэтгүүлд нийтлүүлсэн 2012 онд Энэтхэгийн эрдэмтдийн хамтран гүйцэтгэсэн харханд барагшин ашигласан лабораторийн туршилтын тайланд “Барагшин нь цусан дахь төмрийн хэмжээг нэмэгдүүлдэг тул цусны төмрийн илүүдэлтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай” болохыг онцолжээ. Wiley судалгааны цахим санд байршуулсан 2015 онд Энэтхэгийн Аюурведийн анагаах ухааны коллежийн судлаачдын хамтран гүйцэтгэсэн судалгааны ажилд “Барагшин гормоны тэнцвэрийг алдагдуулах нөлөөтэй, тэр тусмаа тестостерон буюу эр бэлгийн дааврын ялгарлыг нэмэгдүүлэх тул гормоны асуудалтай өвчтөн анхаарч хэрэглэх ёстой” болохыг дурдсан байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst