Herbalife нь эрүүл мэндэд хортой, хориотой бүтээгдэхүүн гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌2022 оны 08 дугаар сарын 10-нд “Эрүүл Нийгмийг Дэмжигчид” нэртэй пэйжид “НОЦТОЙ:Эмч Б.Батболд HERBALIFE нь эрүүл мэндэд XOPTOЙ, XOPИOTOЙ бүтээгдэхүүн” гэсэн тайлбартай, mngoals.com домайн нэртэй сайтын холбоосыг оруулсан пост оруулсан нь 09 дүгээр сарын 9-ны байдлаар 229 реакц, 29 сэтгэгдэл авч, 253 удаа цааш түгээсэн байна. Холбоосоор орж мэдээллийн тархалтыг нягтлахад Facebook платформд нийт 997 хариу үйлдэл авсан байна.
📌Уг мэдээлэлд “Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболдтой биологийн идэвхит бүтээгдэхүүний талаар ярилцлаа” гээд дараах агуулгыг оруулжээ. /мэдээллээс давхардсан утгыг хасав./ “Барууны орнууд, Америкт 60-70-аад онд нэмэлт бүтээгдэхүүнүүд гарч ирээд, үүнийг нь шинжлэх ухаан 5-10 жилийн дотор судлаад ерөөсөө хүний биед дэмий юм байна, энэ яриад байгаа ашиг тус нь байхгүй байна гэдгийг баталсан. Тэр тусмаа сүүлийн үед манайд хүчээ аваад байгаа “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх маш олон бодисууд байгааг тогтоочихсон. Мөн пирамидын луйвар болох нь батлагдчихсан. Энэ компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс олон бий. Пирамидын луйвар болох нь батлагдсан эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитай, тэргүүлж буй шинжлэх ухаантай, хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээллийг интернэт сайтуудад ил тавьсан байхад манайхан л бие биеэ хуурч, хэрэглэж байгаа нь эмгэнэлтэй байна. Бүр рекламдахдаа хүртэл хүмүүсийг доромжилж, арав хорин институтийн тийм ийм докторууд хийсэн гэж худлаа ярьдаг” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид мэдээллийн үнэн бодит байдлыг шалгахаар Б.Батболд эмчийн ярилцлагын эх сурвалжийг олж, нэмэлт мэдээлэлд нь мөн баримт шалгалт хийлээ.

Мэдээллийг дахин түгээхдээ хэсэгчилж авсан байна

📌 Тус мэдээлэл нь 2014 оны 3-р сарын 21-нд olloo.mn сайтад нийтлэгдсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эмч Б. Батболдын өгсөн ярилцлагын нэг хэсэг байсан ба түүний ярианы бүрэн агуулгыг оруулалгүйгээр Herbalife-н бүтээгдэхүүнтэй холбоотой хэсгийг оруулсан байна.
👉 Гэхдээ хэсэгчлэн авсан мэдээллээс гадна ярилцлагын үндсэн хэсгээс шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан агуулгыг нэмж орууллаа. Тухайлбал,

  1. “Биологийн идэвхит бүтээгдэхүүнд хүний биед ашигтай зүйл бараг байдаггүй. Ихэнх биологийн идэвхит бүтээгдэхүүнд эфедрин ордог. Эфедрин хэрэглэсэн хүн тухайн үедээ бие нь сэргэг болж, хөнгөрч, сэтгэл санаа нь дээшлээд ирэхээрээ энэ үнэхээр сайн юм байна гэж итгэдэг. Гэвч эмчилгээний үр дүн талаас яривал шинжлэх ухаанаар батлагдсан биологийн идэвхит бүтээгдэхүүнд эфедрин байх ёсгүй. Шинжлэх ухаанаар батлагдсан нэмэлтэд олон төрлийн витамин, В1, В6, эрдэс бодисууд ордог. Харин судлагдаагүй янз бүрийн ургамлаар хийсэн, үйлчилгээ, үр нөлөө дагавар нь танигдаж, нотлогдоогүй үл мэдэгдэх нэмэлтийг хэрэглэхээс болгоомжлох нь зүйтэй. Жишээ нь, Төвдийн Гималай уулаас түүж авсан ургамлаар хийсэн ч гэх шиг эргэлзээтэй сурталчилгаанаас сэрэмжлэх нь зохимжтой”
  2. “Wikipedia-д бичсэнээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хийдэг ажилчид нь “Энэ бүтээгдэхүүнд хүнд хэрэгтэй зүйл юу ч байхгүй” гэж хэлсэн байна”
  3. “Hepatology” сэтгvvлийн 2013 оны 7 дугаар сарын дугаарт “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэснээр элэгний өөрчлөлтүүд, элэгний цочмог эмгэг үүсгэж, бодисын солилцоонд өөрчлөлт гарч байгааг баталсан эрдэм шинжилгээний өгүүлэл гарсан”
👉 Эдгээр агуулгаар ярьсныг нэгтгэн, баримтын шалгалт хийх нь шалгаж буй мэдээллийн талаар бүрэн ойлголт өгөх ач холбогдолтой гэж үзлээ.
👉 Ерөнхий мэдээлэл:
📌 Herbalife нь 1980 онд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод үүсгэн байгуулагдаж, үүсгэн байгуулагч Марк Хюгес биеийн жин зохицуулах бүтээгдэхүүн зарж эхлэж байсан. Тэрээр компаниа шууд борлуулалт (direct-selling), сүлжээний маркетингийн (multi-level marketing) чиглэлд зохион байгуулан хожим компани нь АНУ дахь хамгийн хурдацтай өсөж буй компаниудын нэг болж, эрүүл мэндийн бүтээгдэхүүний чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж эхлэсэн. 2021 оны байдлаар тус компани нь 10,800 ажилтан, 6.3 сая гаруй гишүүдтэй болсон байна.

👉 Бидний шалгаж буй мэдээлэлд Herbalife-н тодорхой бүтээгдэхүүнүүдийг нэрлээгүй ба чухам ямар сөрөг нөлөөтэйг тодорхой мэдэгдээгүй.
📌 Тус компани 2021 оны тайландаа 7 сая орчим бүтээгдэхүүн гишүүддээ борлуулсан гэж мэдээлсэн ба 2019-2021 оны байдлаар нийт бүтээгдэхүүний борлуулалтын 50-иас доошгүй хувь нь жин зохицуулалтын бүтээгдэхүүн байжээ. Үүнд дараах бүтээгдэхүүнүүд багтана гэж тус компани 2021 оны тайландаа дурджээ.

  • Formula 1 Healthy Meal
  • Herbal Tea Concentrate
  • Protein Drink Mix
  • Personalized Protein Powder
  • Total Control®
  • Formula 2 Multivitamin Complex
  • Prolessa™ Duo
  • Protein Bar
📌 Цаашлаад борлуулалтын хэмжээгээрээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд жин зохицуулах бүтээгдэхүүнүүдийн дараа жагсаж байна. Үүнд:
  • Herbal Aloe Concentrate
  • Active Fiber Complex
  • Niteworks®
  • Herbalifeline®

👉 Хэдийгээр Herbalife-ийн бүтээгдэхүүнээс шалтгаалан элэгний өвчлөл, гэмтэлтэй болсон тухай мэдээллүүд байгаа ч одоогийн байдлаар тус компанийн бүтээгдэхүүний ямар бодис эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоогоогүй байна.
👉 2018 онд АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн (National Institute of Health) танилцуулсан мэдээллээр АНУ, Израиль, Исланд, Испани, Швейцар, Латин Америкт Herbalife-н бүтээгдэхүүнээс болж элэгний гэмтэлтэй болсон гэх 50 гаруй өвчтөн клиникийн түвшинд бүртгэгдэж, судлагдсаныг мэдээлсэн байна.
📌 Гэхдээ элэгний гэмтлийн зэрэг нь голдуу хөнгөн, дунд хэлбэртэй байсан ба Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосноос 1-2 сарын дотор хэвийн байдалдаа шилжиж байсан байна.
👉 Харин яг ямар бодисоос болж элэг гэмтэж буйг тогтооход төвөгтэй байсан бөгөөд гол хүндрэл учруулж байсан зүйлүүд нь өвчтөнүүд тус компанийн нэгээс олон бүтээгдэхүүн хэрэглэж байсан, эсвэл хэрэглэсэн бүтээгдэхүүнүүд нь найрлагадаа олон бүрэлдэхүүнтэй байсан гэжээ.
📌 Herbalife-н бүтээгдэхүүн болон элэгний өвчлөлийн хамаарлыг судалсан хэд хэдэн судалгаа хэвлэгдсэн. Үүнд, 2009 онд Феликс Стикэл (Felix Stickel) нарын “Journal of Hepatology” сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд тус компанийн бүтээгдэхүүнээс тогтоогдсон “Bacillus subtilis” бактераас шалтгаалсан байх боломжтой элэгний гэмтэлтэй хоёр өвчтөнийг судлан тогтоосон байна.
📌 Мөн 2019 онд Драган Юрчич (Dragan Jurčić) нарын “Acta Clinica Croatica” сэтгүүлд хэвлүүлсэн “Herbalife-н бүтээгдэхүүнээс шалтгаалсан элэгний цочмог гэмтэлтэй эрүүл эмэгтэй” (Herbalife® associated severe hepatotoxicity in a previously healthy woman) гарчигтай өгүүлэлд Herbalife-н бүтээгдэхүүнээс шалтгаалан элэгний өвчлөлтэй болсон тохиолдолуудыг тоймлохдоо тус компанийн ногоон цай, алое агуулсан бүтээгдэхүүнүүд элэгний өвчлөл үүсгэж байсан тухай дурджээ. Үүнд 2003 онд “Exolise” бүтээгдэхүүнээс шалтгаалсан өвчлөлийн тохиолдол Испанид 4, Францад 9 бүртгэгдсэн тухай мэдээлсэн ба Франц, Испани тус бүтээгдэхүүнийг хориглосон байна. Мөн алое агуулсан бүтээгдэхүүнүүд болон элэгний гэмтлийн хооронд холбоо байгааг тогтоосон судалгааг тус өгүүлэлд тоймлон дурджээ.
👉 2011 онд Феликс Стикэл нарын “Liver International” сэтгүүлд хэвлүүлсэн “Зохистой хоололтын бүтээгдэхүүнүүдтэй холбогдсон элэгний гэмтэлний тойм” (Review of liver injury associated with dietary supplements) гарчигтай өгүүлэлд бүртгэгдэж, судлагдсан элэгний гэмтэл Herbalife-н бүтээгдэхүүнээс шалтгаалж байгаа эсэх асуудалд дараах тайлбар хийжээ:
📌“Өвчтөнүүд 17 хүртэлх тооны Herbalife-н бүтээгдэхүүн нэг дор хэрэглэж байсан нь чухам ямар бодисоос болж элэгний гэмтэл үүсэж байгааг таамаглахаас цаашгүй байна. Зарим өвчтөнүүдийн плазмын эсийн ажиглалтад суурилан Елинав (Elinav et al.) нарын дархлаанаас хамаарсан элэгний гэмтэл гэж зарим өвчлөлийг тайлбарлаж болно гэж таамагласан. 📌 Цаашлаад элэгний хатуурал оношлогдсон хоёр өвчтөн бүртгэгдсэн нь Herbalife-н хэд хэдэн бүтээгдэхүүнээс илэрсэн “Bacillus subtilis” нянгаас шалтгаалсан байж болох тайлбар нэмэгдсэн нь нэмэлт хольцтой бүтээгдэхүүний талаарх таамаглалыг өргөжүүлсэн. 👉 Herbalife нь олон тооны үйлдвэрээс өөр өөр бүс нутагт бүтээгдэхүүн хүргэдэг учир тодорхой нянгаар бохирдсон бүтээгдэхүүн нь зөөлрүүлэгч, хадгалах хугацаа уртасгагч, амт оруулагч, пестицид эсвэл хүнд металл зэрэг химийн бодисыг үйлдвэрлэлийн явцад санаатай нэмсэнээс эсвэл ургамлын хэсэг зэрэг боловсруулагдаагүй түүхий бүтээгдэхүүнээс шалтгаалан хэд хэдэн хязгаарлагдмал хүрээн дэх элэгний өвчлөл үүсгэж байж болох юм” гэжээ.

👉Дээр дурдсанчлан АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн 2018 оны судалгаанд АНУ, Израиль, Исланд, Испани, Швейцар, Латин Америкт Herbalife-ийн бүтээгдэхүүнээс болж элэгний гэмтэлтэй болсон гэх 50 гаруй өвчтөн клиникийн түвшинд бүртгэгдэж, судлагдсан. Харин эдгээр тохиолдлоос өөр эрүүл мэндээрээ хохирсон мэдээлэл байхгүй байна.
📌Herbalife компанийн 2018 оны тайланд 5.8 сая бүтээгдэхүүн борлуулсан гэж мэдээлснээс үзвэл энэхүү судалгаанд дурдагдсан 50 гаруй өвчлөлийн тохиолдлыг “эрүүл мэндээрээ хохирсон олон хүн бий” гэж тодорхойлох нь учир дутагдалтай.
📌Харин “эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бий” гэдгийг дээрх судалгаанууд баталж байна.

👉2012 оны 12 дугаар сард Herbalife компанийн хувьцаа эзэмшигч, тэрбумтан хөрөнгө оруулагч Билл Акман (Bill Ackman) тус компанийнг “пирамидын луйвар” (pyramid scheme) гээд “хувьцаа нь тэг рүү унана” гэж мэтгэн 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмж хийгээд, дампуурахаас нь өмнө зарахаар төлөвлөсөн юм. Тэрээр 2012 онд танилцуулсан илтгэлдээ “Би Herbalife-г дэлхийн хэмжээний пирамид луйвар гэдэг 100% итгэж байна. Бид үүнийг гэмт хэргийн үйл ажиллагаа гэж бодож байна” гэжээ. Харин Herbalife-н хувьцаа тус оны 12 дугаар сарын 21-нд 13.64 ам.доллар хүрч унаж байсан боловч энэ үеэс хойш өсөлттэй буюу 13.64 ам.доллароос доош унаагүй байна.
👉 АНУ-ын трастын хуулийг мөрдүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн байгууллага Холбооны Худалдааны Комисс (Federal Trade Commission) дээрх Билл Акманы пирамидын луйвар гэсэн гомдлын дагуу 2014 онд Herbalife-ийг шалгахаар болсон ба 2016 онд шалгалтаа дуусгасан.
📌 Холбооны Худалдааны Комисс 2016 оны 07 дугаар сарын 15-нд шийдвэрээ танилцуулсан бөгөөд Herbalife компанийг пирамдын луйвар ажиллуулдаг гэж шийдвэрлээгүй. Гэхдээ 200 сая ам.доллараар торгож, компанийн үйл ажиллагааны бүтцээ өөрчлөхийг шаардсан.
📌 Тодруулбал, комиссын анализын дагуу Herbalife-ийг “хүмүүсийг ажлаасаа гарч, их хэмжээний мөнгө олох боломж гэж худал сурталчилгаа явуулсан” гээд “бүтээгдэхүүний борлуулалтаар мөнгө олох бараг боломжгүй” ба “борлуулагч нар сард дунджаар таваас бага ам.доллар олдог” гэж дүгнэсэн байна. 👉 Комисс дээрх дүгнэлтийг үндэслэн компанийн борлуулагч нар бүтээгдэхүүн авах хэрэглэгч, шинэ борлуулагч элсүүлэхээс хамаарч шагнал, урамшуулал авах бус бүтээгдэхүүн борлуулсан эсэхээс хамаарч авдаг болохыг үүрэгдсэн байна. Цаашлаад комиссын шийдвэрт бүтээгдэхүүн авахаар элссэн хэрэглэгч болон бизнесийн боломж хайсан хүмүүсийг ялгадаг болохыг шийдвэрлэсэн ба компанийн борлуулалтын 80% нь жинхэнэ худалдан авагч нарт очдог байхыг шаардсан байна.

👉Хэдийгээр Herbalife-н пирамидын луйвар хэмээн ихээхэн шүүмжлүүлдэг ч АНУ-д үйл ажиллагаа нь хориглогдоогүй байна.
👉 Харин 2011 онд Бельгийн доод шатны шүүх 7 жил үргэлжилсэн шүүхийн маргааны дараа “Herbalife-ийг хууль бус пирамид луйвар” гэж шийдвэрлэсэн.
📌 Гэхдээ хоёр жилийн дараа буюу 2013 онд Бельгийн дээд шатны шүүх Herbalife-ийн гомдлыг үндэслэн 2011 оны шийдвэрийг цуцлан, “компанийн борлуулалтын үйл ажиллагаа хуулийн дагуу” гэж мэдэгдсэн байна.
👉Мөн тус компани Израил дахь үйл ажиллагаагаа зогсоогоогүй бөгөөд Израилийн Эрүүл мэндийн яамнаас тус компанийн бүтээгдэхүүнээс шалтгаалан элэгний гэмтэл үүсэж байгаа тохиолдолууд гарсан гэх асуудлаар шалгалт явуулах үед зөвхөн Израилд борлуулдаг гэх “Sesame & Herb” нэртэй бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг 2005 онд түр хугацаанд зогсоож байсан гэж тус компани АНУ-ын Үнэт цаас, солилцооны (U.S. Securities and Exchange Commission) комисст мэдээлсэн байна.
👉Өмнө дурдсанчлан Herbalife-н тодорхой бүтээгдэхүүнүүдийг хориглож байснаас тус компанийн үйл ажиллагаа, борлуулалтыг бүхэлд нь зогсоосон тохиолдол одоогоор гараагүй байна.

    Нэмэлтээр оруулж ирсэн агуулгад дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
  1. Эфедрин (Ephedrine Alkaloid) буюу Эфедра (Ма хуанг) ургамлаас гаргаж авдаг алкалойд бөгөөд Хятадын уламжлалт эмийн ургамлын бодис юм. Орчин үед зохицуулах хүнсний бүтээгдэхүүнд богино хугацаанд жин хасах, хөдөлгөөний чадавх нэмэгдүүлэх зорилгоор өргөн ашиглаж байжээ. Харин АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (Food and Drug Administration) толгой эргэх, өвдөх, бөөлжих, даралт ихсэх гэх мэт олон төрлийн сөрөг нөлөө үүсгэж байснаас шалтгаалан 2004 оны 02 дугаар сарын 09-нд эфедринийг хориглосон. Herbalife компани тус агентлагийн шалгалт, судалгаанаас үүдэн 2002 оны 12 дугаар сарын 31-нээс эфедра агуулсан “Thermojetics®” нэртэй бүтээгдэхүүнээ худалдаалахаа зогсоосон байна.
  2. Herbalife Nutrition гарчигтай Wikipedia вэб сайт дахь хуудсын өмнө хувилбарууд буюу 2014 оны үеийн хувилбаруудыг шалгаж үзэхэд тус компанийн ажилчид “энэ бүтээгдэхүүнд хүнд хэрэгтэй зүйл юу ч байхгүй” гэсэн мэдэгдсэн тухай мэдээлэл байхгүй байна.
  3. Б.Батболд эмчийн дурдсан сэтгүүл дэх өгүүллийг хайж үзэхэд 2013 оны 07 дугаар сард “World Journal of Hepatology” сэтгүүлд Ролф Тешке (Rolf Teschke) нарын хэвлүүлсэн “Herbalife-аас шалтгаалсан элэгний гэмтэл: Дахин илрүүлэх тест эерэг гарсан кэйсүүдийн үнэлгээ” (Herbalife hepatotoxicity: Evaluation of cases with positive reexposure tests) нэртэй өгүүллийг дурдсан байх боломжтой байна. Тус өгүүлэлд Herbalife-ийн бүтээгдэхүүнээс шалтгаалан элэгний өвчлөлтэй болсон гэж бүртгэгдсэн 53 тохиолдлыг судалж үзэн зөвхөн 1 тохиолдол нь Herbalife-ийн бүтээгдэхүүнээс шалтгаалсан болохыг тогтоосон байна.
    Харин 2015 онд Бразилын “Planitox” компанийн Флавио Замброн нарын “Brazilian Journal of Pharmaceutical Sciences” сэтгүүлд хэвлүүлсэн “Herbalife-ийн бүтээгдэхүүнүүдтэй холбогдсон элэгний гэмтлийн судалгаануудад тайлбарласан кэйсүүдийг шүүмжлэн судалсан нь” (A critical analysis of the hepatotoxicity cases described in the literature related to Herbalife® products) гарчигтай өгүүлэлд өмнө бүртгэгдсэн тохиолдлуудын мэдээлэл, анализ дээр үндэслэн “Herbalife-ийн бүтээгдэхүүн болон элэгний өвчлөлийн хооронд шууд холбоог батлах боломжгүй” гэжээ. Гэхдээ “Planitox” компани нь Herbalife-ийн Бразил дахь компанид зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан мэдээлэл байгаа нь сонирхлын зөрчилгүй, бие даасан шийдвэр гаргасан гэдэгт нь эргэлзээ төрүүлж болох юм.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst