5 хоногийн дотор уйланхай алга болгосон ундаа гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌2022 оны 08 дугаар сарын 22-нд “Эрүүл амьдрал” нэртэй пэйжид “Би энэ ундааг уусан бөгөөд 5 хоногийн дотор уйланхай алга болсон. Хамгийн үр дүнтэй жорыг үзнэ үү” гэсэн тайлбартай Lantuu.xyz домайн нэртэй сайтын мэдээг хавсарган нийтэлсэн нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны байдлаар 667 реакц, 12 сэтгэгдэл авч, 2,100 удаа цааш түгээсэн байна. 📌Уг холбоосыг дарж сайт руу ороход 2022 оны 08 дугаар сарын 22-нд нийтлэгдсэн байх ба тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 2911 хариу үйлдэл авсан байна. Lantuu.xyz сайт дээр байршсан мэдээнд:
📌“Энэ өвчнөөр дэлхийн өнцөг булан бүрт олон мянган эмэгтэйчүүд өвддөг! Ихэнх өвчтөнүүд нь цэвэршилтийн шатанд орох гэж буй эмэгтэйчүүд байдаг. Эдгээр уйланхай ба фибройдууд ихэвчлэн ямар ч шалтгаангүйгээр гарч ирдэг. Хэдийгээр фибройд болон өндгөвчийн уйланхай нь эрүүл мэндийн ноцтой асуудал биш боловч олон өвдөлт, таагүй байдлыг үүсгэдэг. Бүх эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эмчид тогтмол очиж байх ёстой бөгөөд хэрэв фибройд байгаа бол эмч үүнийг цаг тухайд нь илрүүлэх боломжтой болно. Дээр дурдсанчлан уйланхай нь умайн булчингийн давхаргад үүсдэг хоргүй хавдар юм. Хавдар нь тодорхой хэлбэрээр хөгжиж, ургаж эхэлдэг бөгөөд энэ нь тэвчихийн аргагүй өвдөлтийг үүсгэдэг. Олон өвчтөнд дааврын тэнцвэргүй байдал нь түүний хөгжилд хувь нэмэр оруулдаг. Ардын жор нь үүнийг амжилттай арилгахад тусална! Бид танд уйланхай, миоматай холбоотой асуудлыг хурдан шийдвэрлэхэд туслах хоол хийх жорыг санал болгож байна!
📌Найрлага: Байгалийн зөгийн бал 250 грамм; 1 литр хүрэн манжингийн шүүс (шинэхэн шахсан жүүс хэрэглэдэггүй. Үүнийг хөргөгчинд хоёр цаг байлгана, аяга тавгаар дээр нь таглаж болохгүй. Хэрэв гадаргуу дээр хөөс үүссэн бол түүнийг арилгана). Бэлтгэл ажил: Бүрэлдэхүүн хэсгүүдийг хутгагч руу хийнэ, нэгэн төрлийн холимог авах хүртэл холино. Хэрэглэх: Өдөр бүр хоол бүрийн дараа хүлээн авсан шүүсийг 100 мл ууна. Тухайлбал, өглөөний цайны дараа нэг аяга, өдрийн хоолны дараа, оройн хоолны дараа нэг аяга уух хэрэгтэй.
📌Умай цэвэрлэгч ханд бэлдэх арга: Үүний тулд та celandine өвсний хандмал бэлтгэх хэрэгтэй: Сelandine өвсний 1 хэсгийг 40%-тай архинд 10-ны 1 хэмжээтэйгээр бодож хийнэ. Нийтдээ курс 30 хоног үргэлжилнэ. Дараа нь бид 60-аас доошгүй хоногийн завсарлага авдаг. Шаардлагатай бол курсээ давтана. Хэрэв эмчилгээг эхний үе шатанд эхлүүлсэн бол нэг курс хангалттай. Мэдээжийн хэрэг, ардын эмчилгээний тусламжтай аливаа эмчилгээг эхлэхдээ эмчтэй зөвлөлдөж, бүх процедурыг зөвхөн түүний хяналтан дор хийх шаардлагатай юм” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

👉Умайн фибройд буюу “миома” болон “өндгөвчийн уйланхай” гэх хоёр ойлголтыг нэг ижил мэтээр хамтад нь бичсэн байна. Эдгээр нь дараах ялгаатай. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн байгууллагын цахим тайлбар тольд тайлбарласнаар:
📌“Умайн фибройд буюу миома Зарим тохиолдолд умайн миома эсвэл лэймиома гэж нэрлэдэг. Гурван эмэгтэй тутмын нэгд тохиох бөгөөд 30-50 насны эмэгтэйчүүдийн дунд элбэг. Сав /умай/ дотор болон савны гадаргууд үүсэх боломжтой, хорт хавдар болох магадлал асар бага. Эстроген идэвхтэй ялгарах үе буюу 16-50 насанд үүсэж, цэвэршилт эхэлсний дараа эстрогений ялгарал буурах үед агших нь нийтлэг. Зовуурь илрээгүй л бол эмчилгээ хийлгэх шаардлагагүй.
📌Өндгөвчийн уйланхай Өндгөвчинд болон өндгөвчийн гадна үүсэх уутанцар хэлбэрт уйланхай. Ямар нэг эмчилгээ шаардлагагүйгээр хэдэн сарын дараа өөрөө алга болдог. Хэрэв уйланхай алга болохгүй томрох, өндгөвчинд очих цусны эргэлтийг хаах, эсвэл уйланхай урагдах зэрэгт зовуурилах шинж тэмдгүүд илэрнэ. Тухайн тохиолдолд эмчид хандах нь зүйтэй” гэжээ.
👉Шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг “өндгөвчийн уйланхай нь умайн булчингийн давхаргад үүсдэг хоргүй хавдар” биш, харин өндгөвчийн үйл ажиллагааны явцад үүсэж болох хальсаар бүрхэгдсэн хуримтлагдсан шингэн юм.

📌Шалгаж буй мэдээлэлд дааврын тэнцвэргүй байдал хавдар ургалтыг дэмждэг гээд түүнийг алга болгохын тулд ардын уламжлалт жороор бэлтгэсэн бэлдмэлийг ууж хэрэглэхийг санал болгосон байна.
👉Хоол хүнсээр дамжуулан өндгөвчийн уйланхай, миома үүсэх эрсдэл, хүндрэлээс шууд бусаар сэргийлж болох ч тэдгээрийг ширгээх, алга болгох боломжгүй аж.
📌Энэ төрлийн төөрөгдүүлсэн мэдээлэл Нигер улсад 2020 онд тархаж байсантай холбогдуулан “Эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолдох тэдгээр асуудлыг ямар нэг хүнсний бүтээгдэхүүн алга болгох боломжгүй” болохыг Нигерийн Бениний клиник төвийн эмэгтэйчүүдийн эмч Увагбо мэдээлсэн нь Nimedhealth вебсайтад 2020 оны 06 дугаар сарын 26-нд нийтлэгдсэн байна.
Уг мэдээлэлд:
“Ихэнх миома ямар нэг шинж тэмдэг үзүүлдэггүй, ховор тохиолдолд хүндрэх боломж бий. Нийт миомын 1 хувь нь хорт хавдар болон хүндрэх эрсдэлтэй. Эстрогений ялгарал миома өсөх гол нөлөөлөгч болдог. Миома томорсон тохиолдолд хагалгаа хийж авдаг. Зарим тан, эмийн нөлөөгөөр миомын хэмжээг багасгах боломжтой ч алга болгохгүй. Тиймээс том хэмжээтэй миома үүссэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Ахуйн нөхцөлд элдэв жор туршиж цаг алдах нь буруу” гэжээ.

📌Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газрын мэдээлэл, үйлчилгээ дамжуулагч Push Doctor платформ дээр мэдээлснээр: “Өдөрт 1 аяга хүрэн манжингийн шүүс эсвэл тэнцүү хэмжээний хүрэн манжин идсэнээр цусны даралт буурна. Дасгал хөдөлгөөний дараа алдагдсан эрч хүчийг сайн нөхдөг. Цөөн тооны туршилтаар хавдрын өсөлтийг удаашруулж байгаа үзүүлэлттэй гарсан. Эслэг ихтэй ургамал бөгөөд жин хасахад тустай. Бие махбодын төрөл бүрийн үрэвсэл хүндрэхээс сэргийлдэг” хэмээн бичжээ.
👉Хүрэн манжингийн шим тэжээлийн үзүүлэлтээс харахад миома, өндгөвчийн уйланхай үүсэх, хүндрэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэж болох бүтээгдэхүүн хэдий ч нэгэнт бий болсон умайн хөндийн асуудлыг бүрэн эмчилж чадахгүй тул заавал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

👉Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Шүүдэргэнэ” болон худалдаанд буй “Их шүүдэргэнэ” хоёр нь өөр овгийн ургамлууд болохыг анхаарч, дур мэдэн эмийн ургамал ууж эрүүл мэндээ хохироох эрсдэлээс сэргийлнэ үү.
📌Шүүдэргэнэ /Celandine/ - Холтсон цэцгийнхэн овгийн ургамал
📌Их шүүдэргэнэ /Great celandine/ - Намуу цэцгийнхэн овгийн ургамал
☝Шүүдэргэнэ цэцгийг миома болон өндгөвчийн уйланхайн үед ашиглах талаар шинжлэх ухааны нэр бүхий сэтгүүлүүд дээр ямар нэгэн илэрц байхгүй байна. 👉Харин Их шүүдэргэнэтэй холбоотой шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хавдрын эсийн өсөлтийг бууруулах зорилгоор туршсан судалгааны ажил цөөн тоогоор нийтлэгдсэн ч умайн миома эсвэл өндгөвчийн уйланхайн үед туршсан илэрц байхгүй байна.
👉Их шүүдэргэнэ цэцгийн талаар лавлахаар 2022 оны 08 дугаар сарын 21-ны 17:00 цагт Шинжлэх ухааны академийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэгтэй утсаар холбогдож тодруулга өгөхийг хүссэн. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагаас эш татаж болохыг зөвшөөрсний дагуу түүний Peak.mn вебсайтад 2018 оны 05 дугаар сарын 01-нд өгсөн ярилцлага дахь эмийн ургамлын талаарх мэдээллийг хүргэе.
📌“Сүүлийн үед монголчуудын хэрэглэх дуртай болоод байгаа “Мянган уулын их шүүдэргэнэ” гэж эмийн ургамлыг нэрлэж болно. Голдуу хавдар өвчнийг анагаах болон B, C вирусийг устгах зорилгоор хэрэглэх болсон.
📌Гэтэл энэ ургамал алкалойд өндөртэй учраас яг тунг нь тааруулж хэрэглэхгүй бол аюултай. Жин тутамдаа тунг нь тааруулж хэрэглэж байж эерэг нөлөө үзүүлнэ. Харин манайхан байгалиас шууд аваад дураараа хэрэглэж байна. Ер нь хэдий чинээ эмийн чанар өндөртэй байна тэр хэмжээгээрээ хоруу чанар өндөртэй бодисын агууламж ихтэй байдгийг иргэд мэдэх нь чухал. Их шүүдэргэнэ гэдэг ургамлаар цай хийчихсэн байгааг олж харсан. Энэ ургамлыг “Дэлхийн эмийн ургамал” номонд хэрэв хэтрүүлж хэрэглэвэл ходоод дотор эрхтэнд хямрал үүсгэх хоруу чанартайг дурдсан байна. Тиймээс хэзээ ч цай хэлбэрээр хэрэглэж болохгүй гэж тусгайлан анхааруулсан. Учир нь цай болгочихвол алкалойдын тунг нь тааруулах боломжгүй байдаг” гэжээ.
Нэмэлт мэдээлэл:
👉Ямар нэг эм, хүнсний бүтээгдэхүүн миомыг бүрэн алга болгохгүй ч миома үүсэх, үрэвсэх эрсдэлийг нэмэгдүүлэгч болон бууруулагч хүчин зүйлсийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
📌Миома үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэгч хүчин зүйлс:
-Алкохолын хэрэглээ
АНУ-ын Биотехнологийн үндэсний хүрээлэнгийн вебсайтад 2017 оны 11 дугаар сарын 27-нд байршсан нэгэн судалгааны ажил алкохолын хэрэглээ болон умайн миома хоорондын хамаарлыг тодорхойлохыг оролдсон байдаг. Судалгааны ажлыг Италийн эрдэмтэд хамтран гүйцэтгэсэн бөгөөд 9,315 миомын тохиолдол, 486,068 эмэгтэйг хамруулсан нийт 6 туршилтын үр дүнг нэгтгэн дүгнэсэн. Өдөрт тогтмол алкохол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн миома үүсэх эрсдэл хэрэглэдэггүй эмэгтэйчүүдийнхээс даруй 50 гаруй хувиар илүү байжээ.
-Эстроген дааврын ялгарал хэтрэх
2016 онд АНУ-ын эрдэмтэд хамтран хийсэн судалгааны ажилд миомыг эмчлэхэд эстроген дааврын ялгарлыг бууруулах эмчилгээ хийдэг учир эстрогенийг тэнцвэрт түвшинд нь барьснаар миома үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой гэх дүгнэлтэд хүрсэн байна. Жин илүүдсэн тохиолдолд эсүүд улам их эстроген үйлдвэрлэдэг учраас илүүдэл жингээ хассанаар миомын өсөлтийг бууруулах, нэмж үүсэхээс сэргийлэх боломжтой болох аж.
-Цусны даралт өндөр байх
Их Британийн Цусны даралтын тухай цахим сэтгүүлд 2021 оны 05 сард нийтэлсэн 2020 онд БНХАУ-д хийсэн судалгаанд хамрагдсан умайн миоматай эмэгтэйчүүдийн 40%-д нийтлэг ажиглагдсан шинж тэмдэг нь цусны даралт өндөр байх байсан байна. Тиймээс дасгал хөдөлгөөн сайн хийж, хагас боловсруулсан хүнснээс татгалзах, давсны хэрэглээгээ бууруулж, хүнсний ногоог сайн хэрэглэн, калийн хэрэглээгээ нэмэгдүүлснээр цусны даралт ихсэхээс сэргийлэх боломжтой хэмээн үзсэн байна.
-Д витамины дутагдал
АНУ-ын Өвчний тархалт судлалын цахим сэтгүүлд 2013 оны 05 сард нийтэлсэн “Умайн миома үүсэх эрсдэл болон Д витамины хамаарал” нэртэй судалгааны ажилд Д витамины дутагдалтай эмэгтэйчүүд умайн миоматай болох магадлал бусад эмэгтэйчүүдээс 32% аар илүү байсныг дурджээ.
📌Миома үүсэх, үрэвсэх эрсдэлийг бууруулах хүчин зүйлс:
-Хүнсний эслэг
АНУ-ын Клевланд клиник төвийн вебсайтад 2022 оны 02 дугаар сарын 11-нд нийтэлсэн эслэг өндөр бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад “Эслэг нь жин хасахад тустай бөгөөд дааврыг тэнцвэржүүлдэг” болохыг онцолсон байна. Эдгээр бүтээгдэхүүнд:
-Бүхэл үрийн болон арвайн гурил
-Төрөл бүрийн шош
-Ногоон вандуй
-Сэвэг зарам
-Жимсгэнүүд
-Лийр
-Артишок
-Давжаа байцай
-Чиа үр зэргийг нэрлэсэн байна.
-Кали
ДЭМБ-ын Шим тэжээл ба эрүүл мэндийн хөгжлийн албаны 2013 оны судалгаа Их Британийн үндэсний эрүүл мэндийн сэтгүүлийн вебсайтад нийтлэгдсэн байна.Тус судалгааны ажилд калийн хэрэглээний зүрх, судасны өвчлөлөөс сэргийлэх байдлыг судалсан байна. Өмнө дурдсанчлан цусны даралт хэвийн байх нь умайн эрүүл байдалд чухал нөлөөтэй юм. Калийн хэрэгцээгээ та бүхэн дараах бүтээгдэхүүнүүдээр хангаарай.
-Авокадо
-Гадил
-Цитрусийн төрлийн жимс
-Цэцэгт ногоо
-Хасарваань
-Сэвэг зарам
-Улаан лооль
-Сүү, сүүн бүтээгдэхүүн
Их Британийн Оксфордын их сургуулийн цахим санд 2010 онд нийтэлсэн АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаанд “Сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагдах кальци, фосфор, магни нь миомаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” болохыг дурджээ.
-Ногоон цай
2012 онд Египет болон АНУ-ын эрдэмтдийн хамтран хийсэн судалгаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн цахим сэтгүүлд 2013 оны 02 дугаар сарын 15-нд нийтлэгдсэн байна. Уг судалгааны ажил нь ногоон цайны хандыг миомаас урьдчилан сэргийлэх байдлаар ашиглаж болох эсэхийг турших зорилготой байсан ба үр дүнд миомын үрэвслийг бууруулж, дааврын ялгарлыг тэнцвэржүүлж, миомаас үүдэлтэй цус алдалтыг бууруулдаг болохыг олж тогтоосон аж.
📌Нэгэнт зовуурьт миома үүссэн тохиолдолд:
Их Британийн Оксфордын их сургуулийн цахим санд 2010 онд нийтэлсэн АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар чихэрлэг хүнс болон эстрогений ялгарлыг нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд миома үүсэх магадлал улам өсдөг болохыг дурджээ. Иймд эстрогений ялгарлыг нэмэгдүүлэх чихэрлэг хүнс болон улаан мах, шар буурцаг, дүпү, маалингын үрийг хэт их хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.
📌Өндгөвчийн уйланхай ба хоолны дэглэм
АНУ-ын Үндэсний хүн ба эрүүл мэндийн танхимын вебсайтад:
“Хүүхэд тээх боломжит насны 10 эмэгтэй тутмын 1 нь “Олон уйланхайт өндгөвчийн хам шинж”-тэй байдаг. Өндгөвчид уйланхай үүсэн хагарч байх нь хэвийн үзэгдэл ч зарим эмэгтэйчүүдэд хэд, хэдэн уйланхай зэрэг үүсэж, сарын тэмдгийн үед маш тухгүй мэдрэгддэг. Нарийн шалтгаан нь юу болохыг бүрэн тогтоогоогүй ч андроген болон инсулин гэх 2 төрлийн даавар хэтэрснээр хам шинж өдөөгдөх хандлагатай байна.
Андроген буюу олон нийт эр даавар гэх нэршлээр мэдэх уг даавар хэтэрсэн тохиолдолд толгойн үс унах, биеийн бусад хэсгүүд үсэрхэг болох, батгаших зэрэг шинж тэмдэг илэрдэг. Андроген дааврын хэт ялгарлаар өндгөвч өндгөн эс ялгаруулж чадахгүй байсаар үрэвсэх магадлалтай.
“Инсулиний эсэргүүцэлтэй” буюу инсулин дааварт үзүүлэх эсийн хариу үйлдлүүд хэвийн бус тохиолдолд инсулиний түвшин байх ёстой хэмжээнээсээ хэтэрдэг. “Олон уйланхайт өндгөвчийн хам шинж”-ээр шаналж буй эмэгтэйчүүдийн дунд нийтлэг байх шинж нь инсулиний эсэргүүцэл юм. Илүүдэл жинтэй, таргалалттай, зөв бус хооллолттой эмэгтэйчүүд инсулиний эсэргүүцэлтэй байх нь олонтоо” гэжээ.
📌2015 онд Даавар ба бодисын солилцооны Thieme сэтгүүлд нийтэлсэн судалгааны ажилд зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ургамал нь инсулиний эсэргүүцлийг бууруулж байгааг тогтоосон байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд:
-Үйлдвэрийн аргаар боловсруулаагүй, байгалийн гаралтай хүнс
-Эслэг өндөртэй хүнс
-Тослог ихтэй загас
-Хар, ногоон навчит хүнсний ногоо
-Улаан, хар өнгийн жимс, жимсгэнэ
-Хатаасан шош, буурцаг, вандуй
-Брокколи, цэцэгт байцай
-Оливийн тос, авокадоны тос, наргил модны самрын тос
-Үр, самар
-Хар шоколад
-Турмерик, синнамон зэрэг бүтээгдэхүүнүүд багтсан байна.
📌Грекийн Шим тэжээл, хооллолтын сэтгүүлд 2017 оны 07 дугаар сарын 21-нд байршсан судалгааны ажилд Олон уйланхайт өндгөвчийн хам шинжийн үед авах арга хэмжээнд “Биеийн илүүдэл үсийг ургалтыг зогсоох, лазер эмчилгээгээр үс авхуулах нь андроген дааврын ялгарлыг зохиомлоор багасгах боломжтой” болохыг дурджээ.
👉Өндгөвчийн уйланхай болон умайн миома хүндэрсэн тохиолдолд илрэх шинж: Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газрын цахим тайлбар тольд тайлбарласнаар өндгөвчийн уйланхай болон умайн миома хүндэрсэн тохиолдолд доорх шинж тэмдгүүд илэрдэг аж.
📌Миома
-Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
-Хэвлийгээр өвдөх
-Нурууны доод хэсгээр өвдөх
-Ойр, ойрхон шээх
-Гэдэс түгжрэх
-Бэлгийн харилцааны үед хүчтэй өвдөлт, тухгүй байдал мэдрэгдэх.
📌Өндгөвчийн уйланхай
-Аарцаг өвдөх
-Сарын тэмдэг хэт их эсвэл хэт бага гарах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах
-Бэлгийн харилцааны үед хүчтэй өвдөлт, тухгүй байдал мэдрэгдэх
-Гэдэс цүдийх, хөөх
-Багахан хоолны дараа цадсан мэт гэдэс дүүрэх
-Ойр, ойрхон шээх
-Үр тогтохгүй байх... гэжээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst