Хятадад зомби үзэгдсэн бичлэг тархжээ гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[ТӨӨРӨГДҮҮЛСЭН] 📌2022 оны 8-р сарын 16-нд news.mn вэбсайт “Хятадад зомби үзэгдсэн бичлэг тархжээ” гэх гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд Хятадын нэгэн эмнэлгийн цогцос хадгалах газарт байсан үхсэн хүн амь орж, босч ирсэн болон Хятадын цахим сүлжээнд энэ тухай шуугиж буйг тайлбарлаж бичсэн байна. Мэдээндээ Youtube-д байсан “Хятадад Зомби үзэгдсэн” (Zombie spotted in China) гэх гарчигтай видеог ашиглан мэдээнийхээ эх сурвалжийг “Unilad” гэж тодотгожээ. Тус мэдээ нь 08 дугаар сарын 18-ны байдлаар фэйсбүүкт 2474 реакц, 1682 коммент авч, 937 удаа цааш түгээгдсэн байна.

#FactCheckedByMFCC

📌08 дугаар сарын 15-нд unilad.com вэбсайтад нийтлэгдсэн “ТикТокчид Хятадад зомбигийн сүйрэл болж байна гэж итгэж байна” (TikTokers are convinced there’s a zombie apocalypse going on in China) гэсэн гарчигтай мэдээг news.mn мэдээнийхээ эх сурвалжаар дурдсан байна. Ингэхдээ unilad.com-д хэвлэгдсэн мэдээг бүхэлд нь бус зарим хэсгийг авч орчуулжээ.
📌Unilad.com вэбсайт мэдээндээ “зомби” босож ирсэн бичлэгийн эх сурвалжийг тодорхой бичээгүй ба хүмүүс Оросд эсвэл Хятадад болсон үйл явдал гэж ярьж буй талаар дурджээ. News.mn мэдээндээ энэ хэсэг болон бичлэгийг тайлбарласан бусад хэсгийг оруулаагүй учир тус мэдээ төөрөгдүүлсэн агуулгатай байна.

📌Unilad.com болон news.mn мэдээндээ ашигласан видео нь зомби босч ирж буй бичлэг биш харин 2022 онд гарч эхэлсэн Оросын “Дахин сайн уу” (И снова здравствуйте!) нэртэй инээдмийн цуврал киноны зураг авалтын үеэрх бичлэг юм. Мэдээнд ашигласан хяналтын камерын бичлэг 01 дүгээр сарын 24-өөс Оросын нийгмийн сүлжээнд “Тверь мужийн моргт зомби босож ирсэн” гэх агуулгатай тархаж эхэлсэн бөгөөд Оросын хэвлэлүүд үүнийг мэдээлж байсан.
👉Тверийн Эрүүл мэндийн газраас (Министерство здравоохранения Тверской области) “Тверийн моргт хүн босч ирээгүй бөгөөд ийм морг хотод байдаггүй” гэж мэдээлсэн. Мөн тус яам “зомби”-ны тухай мэдээллийг худал гэсэн ба бичлэг нь “"Дахин сайн уу" киноны трэйлэрийн хэсэг бөгөөд интернетэд аль хэдийн орсон” гэж мэдэгдсэн хэмээн “Росийская Газета” вэбсайтад бичжээ.
📌Цаашлаад киноны зураг авалтыг Тверьт биш Москва дахь Оросын Эрүүл мэндийн их сургуулийн моргт болсон гэж тус сургуулийн профессор Эдуард Туманов мэдэгдсэнийг “Комсомальская Правда” 01 дүгээр сарын 24-нд мэдээлжээ.
👉“Дахин сайн уу” кинонд гол дүр Борис (Андрей Мерзликин) гэх үл бүтэх этгээд амьдралаа өөрчилж, чихрийн дэлгүүр нээхээр шийдсэн боловч буудуулж үхдэг ба гэнэт моргт сэрдэг. Тэрээр хэн түүнийг хороож, мөнгийг нь хулгайлсныг мэдэхээр явдаг боловч дахин алуулж, “зомби” болж босож ирсээр байдаг тухай гардаг байна.
📌Бид киноны трэйлэрийг “зомби” босч ирсэн бичлэгтэй харьцуулж үзэхэд өөр өнцгөөс бичигдсэн ч ижил өрөөнд зураг авсан нь тодорхой харагдаж байна.
😊Хяналтын камераас авсан бичлэг кино зураг авалтад оролгүй “алдагдаж” нийгмийн сүлжээнд цацагджээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst