АНУ-д хорт хавдрын эсрэг тарианы туршилтад оролцсон бүх өвчтөн эдгэрчээ гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 06 дугаар сарын 9-нд Дагдангийн Анхбаяр нэртэй хэрэглэгчийн хаягаас “АНУ-д хорт хавдрын эсрэг тарианы туршилтад оролцсон бүх өвчтөн бүрэн эдгэрчээ” гэх мэдээлэл оруулсан нь 06 дугаар сарын 27-ны байдлаар 2.7 мянган реакц, 314 сэтгэгдэл авч, 4.3 мянган удаа цааш түгээгдсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 06 дугаар сарын 9-нд Дагдангийн Анхбаяр нэртэй хэрэглэгчийн хаягаас “АНУ-д хорт хавдрын эсрэг тарианы туршилтад оролцсон бүх өвчтөн бүрэн эдгэрчээ” гэх мэдээлэл оруулсан нь 06 дугаар сарын 27-ны байдлаар 2.7 мянган реакц, 314 сэтгэгдэл авч, 4.3 мянган удаа цааш түгээгдсэн байна.

📌Уг постод, “АНУ-д хийгдсэн эмнэл зүйн туршилтаар достарлимаб хэмээх эмийн бэлдмэл нь туршилтад хамрагдсан өвчтөн бүрийн хорт хавдрыг амжилттай устгасан байна. Достарлимаб хэмээх энэхүү эм нь Жемперли гэдэг брэнд нэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд эндометрийн хорт хавдрын үед хэрэглэдэг, дархлаа эмчилгээний бэлдмэл юм. Харин энэ удаагийн судалгаагаар тус эмийг шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг хэрхэн ажиллахыг хүний биед туршжээ. Туршилтыг Memorial Sloan Kettering хавдар судлалын төвийн судлаачид гүйцэтгэсэн байна. Туршилтад шулуун гэдэсний хорт хавдартай, химийн болон цацрагийн эмчилгээ хийлгээгүй 12 өвчтөн хамрагдсан ба тэд зургаан сарын турш гурван долоо хоног тутамд достарлимабыг тариулсан байна. Зургаан сарын дараа туршилтад хамрагдсан 12 өвчтөнд бүгдэд нь хорт хавдрын шинж тэмдэг байхгүй болсон бөгөөд хавдрыг илрүүлэх хамгийн сайн шинжилгээний аргууд болох MRI, PET, дурангийн шинжилгээ, биопси хийсэн боловч алинд ч хавдар илрээгүй ажээ. Энэхүү туршилтын эхний үр дүнгүүдээс үзэхэд өнөөг хүртэл мэдээлэгдсэн хорт хавдрын эсрэг төрөл бүрийн эмийн бэлдмэлүүдээс хамгийн үр дүнтэй нь ч байж магадгүй байна. Учир нь өмнө нь ямар ч хорт хавдрын эсрэг эмчилгээ ийм өндөр үр дүнд хүрч байгаагүй юм. Туршилтын хугацаанд өвчтөнүүдийн дөрөвний гуравт нь тууралт гарах, загатнах, ядрах, дотор муухайрах зэрэг бага болон дунд зэргийн гаж нөлөө илэрсэн байна. Эдгээр 12 өвчтөний эмчилгээ бүрэн дууссан бөгөөд хавдар дахин гарч ирэх эсэхийг тогтоохын тулд судалгааны багийн хяналтад байлгаж байгаа юм. Одоогоор хэнд нь ч хавдар илрээгүй бөгөөд цаашид ч хавдар илрэхгүй байх гэдэгт судалгааны баг илтгэлтэй байгаа юм” гэсэн байна.

1. Клиник туршилтад 18 өвчтөн хамрагдаж одоогийн байдлаар 12 өвчтөний хавдар бүрэн устсан байна.

📌Америкийн Хавдар судлалын нийгэмлэгийн cancer.org судалгааны сайтад 2018 онд дэлхий даяар 17 сая хүн шинээр хорт хавдартай нь оношлогдож, 9.6 сая нь нас барсан гэсэн тооцоолол гаргасан. Энэ тоо жил бүр харилцан адилгүй ч төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд 2040 он гэхэд 27.5 сая хүн хорт хавдараар оношлогдоно гэсэн тооцоолол гаргасан байна.
📌Үүнтэй харьцуулахад 12 хүнд хийсэн судалгаа гэдэг маш жижиг нэгжид хийсэн судалгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Түүнчлэн зөвхөн шулуун гэдэсний хорт хавдарын 2, 3 дугаар шатанд орсон, хими эмчилгээ, мэс засал хийлгээгүй гэсэн үзүүлэлтээр туршилтад орсон өвчтөнүүдийг хязгаарласан байна. Шалгаж буй мэдээлэлд дурдсан судалгааны тайлан гарахаас 18 хоногийн өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 5-нд “Нью-Йорк таймс”-ын нийтлэлч Жина Колата /шинжлэх ухаан, анагаах ухааны талаар бичдэг, Пулитцерийн шагналын финалд хоёр удаа шалгарч байсан бөгөөд генетик болон хувь заяа, шинжлэх ухааны холбогдолтой зургаан номын зохиогч юм/ сурвалжилга гаргаж байв.
Уг нийтлэлд энэхүү клиник туршилтад нийт 18 өвчтөн хамрагдсан бөгөөд үүнээс 12 өвчтөн нь 6 сараас доошгүй хугацаанд достарлимабыг тариулан шулуун гэдэсний хорт хавдараас бүрэн ангижирсан тухай бичжээ.
📌Анх 18 өвчтөнд судалгааг эхлүүлснээс 12 нь тууштай эмчилгээ хийлгэж эдгэрсэн байна. Гэхдээ хорт хавдрын 20-30 хувь нь дахих магадлалтай гэсэн судалгаа байдаг тул эдгээр эдгэсэн хүмүүсийг удаан хугацааны хяналтад байлгаж, туршилтын үр дүнг ажиглах үйл явц үргэлжилнэ.

2. Достарлимабыг бүх төрлийн хавдрын эмчилгээнд хэрэглэж болох эсэх нь тодорхойгүй, судалгаа үргэлжилсээр байна.

📌Туршилтад хамрагдсан өвчтөнүүд бүгд хавдрын ховор төрлийн генетик тэмдэглэгээтэй /dMMR гэгддэг удамшлын шинж чанартай дархлааны нэг төрлийн өвөрмөц дутагдалтай/ байсан ба судлаачид клиник туршилтыг өргөжүүлэх хэрэгтэй гэжээ.
📌2021 оны 04 дүгээр сарын 22-нд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас / FDA / хими эмчилгээ хийлгэсний дараа эсвэл даамжирсан эндометрийн хорт хавдартай, хорт хавдар нь dMMR гэгдэх өвөрмөц удамшлын шинж чанартай өвчтөнүүдийг эмчлэхэд “Жемперли” (достарлимаб)- эмийг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон байна.
📌Америкийн Биотехнологийн Мэдээллийн Үндэсний Төв / NCBI /-ийн сайтад 2020 оны 10 дугаар сарын 1-нд нийтлэгдсэн достарлимабыг умайн хорт хавдарыг эмчлэхэд ашигласан клиник туршилтын тайлан гаргасан ба “Жемперли” хүлээн авсан dMMR-ийн дахилт буюу өвөрмөц удамшлын шинж чанартай 71 өвчтөний 42.3% нь бүрэн хариу үйлдэл үзүүлсэн (хавдар алга болсон) эсвэл хэсэгчилсэн хариу (хавдрын агшилт) үзүүлсэн байсан. Судалгаанд хамрагдагсдын 93% нь зургаан сар ба түүнээс дээш хугацаанд хариу үзүүлсэн байна.

3. Достарлимаб нь хавдрыг бүрэн эмчлэх эмчилгээний түвшинд очоогүй байгаа.

📌Хойд Каролины их сургуулийн Линебергерийн хавдар судлалын төвийн эмч Др. Ханна К.Санофф хавдар нь дахин сэргэх тохиолдлууд байдгийг тодотгон клиник туршилт хангалттай хугацаанд үргэлжлэн достарлимаб нь хавдрыг бүрэн эмчлэх эмчилгээний түвшинд очоогүй байгаа гэдгийг онцолжээ.
👉“Жемперли” (достарлимаб)- эмийг dMMR дархлааны нэг төрлийн өвөрмөц дутагдалтай шулуун гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдэд туршсан нь өндөр үр дүн үзүүлсэн боловч энэ нь БҮХ ТӨРЛИЙН ХОРТ ХАВДРЫГ ЭНЭ ЭМЭЭР ЭМЧИЛДЭГ БОЛЛОО ГЭСЭН ҮГ БИШ юм.
☝Эрдэмтэд, судлаачдын энэ талаар хэлж буй байр суурь дунд “одоо хийж байгаа эмчилгээгээ зогсоож, “Жемперли”-г хэрэглэхийг яаравчлах хэрэггүй” гэдгийг онцолж байна. Мөн “хорт хавдраар оношлогдсон хүн “Жемперли”-г хэрэглээнд нэвтрүүлэхийг хүлээж, хими эмчилгээ болон бусад эмчилгээ хийлгэхээс татгалзах хэрэггүй”-г анхааруулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document