Simpsons хүүхэлдэйн кино Орос, Украины дайныг зөгнөсөн гэх мэдээлэл #ХУДАЛ

[Худал] 2022 оны 3-р сарын 18-ны 14:49 цагт Ider-Od Bat-Erdene нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас “Энэ The Simpsons гэж гайхмаар хүүхэлдэйн кино байнаа.
- 9.11ний ихэр цамхагийг зурсан.
- Кобэгийн нисдэг тэргийг зурсан.
- Трампын цахилгаан шатыг зурсан.
- Азиас гарсан коронаг зурсан.
Одоо Украйныг зурсан нь биелсэн.
Нэмээд 5.5-нд цөмийн пуужин зурчихсан байх юм .. Ума хум” гэсэн пост оруулсан нь 2022.03.18 өдрийн 16:27 цагийн байдлаар 4.9 мянган риакц, 559 сэтгэгдэл авч, 996 удаа цааш түгээсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅IFCN-ий баталгаажуулалттай, Германы баримт шалгах төв (Correctiv.org) 2022 оны 3 дугаар сарын 10-нд баримт шалгалт хийсэн бөгөөд уг зурагт Simpsons хүүхэлдэйн киноны хэсгийг өөрчилж, засварлан хуурамч тайлбартайгаар олон улсад мөн түгээжээ. Зургаар хайлт хийх аргаар шалгаж, хүүхэлдэйн киноны эх хувилбартай тулгаж үзэхэд цөмийн пуужин болон Орос, Украины дайны хэсэг байгаагүй бөгөөд Хомер Симпсоны аав АНУ-ын цэргийн дүрэмт хувцастай, Дэлхийн II дайнд оролцож буйг харуулдаг байна. Ханцуй дээр нь Украины далбай байхгүй.
✅Зурагт харагдаж буй сцени нь Simpsons хүүхэлдэйн киноны 30 дугаар бүлгийн 11 дүгээр ангид (“Mad About the Toy”) гардаг. /Холбоосыг хавсаргав/
*Олон улсын баримт шалгагчдын сүлжээний (IFCN) баталгаажуулалттай баримт шалгах төвүүд Орос, Украины асуудалтай холбоотой төөрөгдүүлсэн болон хуурамч мэдээлүүдэд баримт шалгалт хийснээ тухай бүрт нь албан ёсны тайланд нэгтгэн, хамтарч ажиллаж байгаа юм. Одоогоор олон улсын баримт шалгах төвүүд зөвхөн Орос, Украины нөхцөл байдалтай холбоотой нийт 1,800 орчим баримт шалгалт хийжээ.

✅Путин Simpsons хүүхэлдэйн киноны АНУ-ын тухайн үеийн сонгуулийг тохиолдуулж хийсэн “Homer Votes 2016” богино хэмжээний тусгай ангид гардаг бөгөөд “RED SOX” гэсэн улаан өнгийн подволк өмссөн байдаг. Харин хуурамч агуулгатай зурагт харуулснаар “СССР” болгож янзалжээ. /Хавсралтаар оруулсан зургаас хараарай/

✅Шалгасан мэдээллийн зурагт Хомер Украины туг барьсан зогсож байгаа боловч 2005 онд гарч байсан жинхэнэ цувралынхаа 17 дугаар бүлгийн 8 дугаар ангид (“The Italian Bob”) адилхан байрлалтайгаар, АНУ-ын тугийг барин зогсож буйг харуулсан байдаг. /Хавсралтаар оруулсан зургаас хараарай/

✅Зургийн зүүн талын хэсэг нь фото монтаж бөгөөд Симпсонтой холбоогүй. Газарт хагас булсан байдалтай цөмийн бөмбгийн зураг нь үнэгүй ашиглах боломжтой график. Уг PNG график нь “PNG EGG” гэх мэт янз бүрийн үнэгүй платформууд дээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн байршсан бөгөөд “The Simpsons”-ийн дэвсгэр зураг дээр янзалж оруулсан байна. Түүнчлэн 2022 оны 05 дугаар сарын 5-ны өдөр гэсэн огноог нэмэлтээр бичсэн. /Хавсралтаар оруулсан зургаас хараарай/
📌Зургийн баруун талд 2010 онд цацагдсан 21 дүгээр улирлын 20 дугаар ангид (“To Surveil With Love”) гардаг мөөгөн хэлбэртэй, дэлбэрэлтийн утаа харагдаж байна. Үүнтэй ижил байдлаар янзалсан хуурамч зураг мөн олон нийтийн сүлжээ болон YouTube дээр “2022 оны 04 дүгээр сарын 12” гэх өөр огноотой тархсан байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst