Байр, зуслангийн байшинтай бол нэмэлт татвар төлөх нь гэх мэдээлэл #ХУДАЛ, гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нэмэгдсэн нь #ҮНЭН

   [Худал] 2021 оны 12 дугаар сарын 13-нд Хуульч Батхүү нэртэй Twitter хэрэглэгч “Хотод 1 байртай, зундаа гаргадаг лагерын байшинтай бол нэмэлт татвар төлөх нь” гэж жиргэсэн нь 12 дугаар сарын 15-ны 16:00 цагийн байдлаар 168 удаа дахин түгээгдэж, 277 лайк авсан байна.
Уг жиргээгээ “Энэ бол тансаг хэрэглээ ерөөсөө биш. Залхуураад, төрөөр тэжээлгээд байвал толгойг нь илээд, ажиллаад зүтгээд байвал шийтгээд байх уу? Тэр татварын мөнгөөр нь хөшөө барих уу тэгээд” гэж үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн MunkhtsetsegPM нэртэй Twitter хаягийг холбосон байв.

   Жиргээний сэтгэгдэл дунд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн хаягаараа “Одоогоор ийм хуулийн төсөл гараагүй бгаа шүү. Скандинавын орнууд, ХБНГУ зэрэг соц дек бодлоготой улсуудын нийгмийн тэгш бус байдлыг бууруулах татварын бодлого ийм бдаг бөгөөд үүнийг МУ-д нэвтрүүлэх нь зөв гэж ярьсан байгаа” гэж хариу өгсөн байна.
Аль аль нь эргэлзээтэй асуудал тул олон нийтэд үнэн бодит ойлголтыг өгөх зорилгоор баримт шалгалт хийх шаардлагатай гэж үзлээ.

#FactCheckedByMFCC

🔎 Бид өмгөөллийн Fidelitas Partners /Фиделитас Партнерс/ ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅УИХ-аас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдсанаар өмнөх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон. Уг шинэчилсэн найруулгыг баталсантай холбоотойгоор Газрын тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

✅Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1-д үл хөдлөх хөрөнгийн албан татвараас ЧӨЛӨӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ нөхцлийг заасан байна. Тус жагсаалтын 7.1.2-ыг "иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц" гэж өөрчлөн найруулснаас үзвэл нийслэлд хоёр орон сууц нь татвараас чөлөөлөгдөхөөр байна.

📌Тодруулбал, хоёроос дээш орон сууцтай бол гурав дахь, дөрөв дэх болон түүнээс дээшх орон сууцандаа иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан хувь хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөхөөр болсон гэж ойлгоно.

✅Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна” гэж заасныг “Энэ хэсэгт “0.6-1.0” гэснийг “0.6-2.0” гэж 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн өөрчлөлт оруулсан.

📌Өөрөөр хэлбэл татварын дээд хэмжээ нэмэгдсэн. Гэхдээ татварын хэмжээг 0.6-2.0 хувийн хооронд тогтоох асуудал нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх байна.

* Тухайлбал, Орхон аймгийн ИТХ-ын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 04/02 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай" тогтоолд уул уурхайн салбарын ААН-үүдийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2 хувиар тогтоосон байна. Мөн тогтоолд “бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар” гэж заасан. 📌Энэ нь Орхон аймагт хоёроос дээш орон сууцтай иргэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа 0.6 хувиар жилд нэг удаа төлнө гэж ойлгогдож байна.

* Харин Баянхонгор аймгийн ИТХ-ын 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 5/17 тоот тогтоолоор аймгийн хэмжээнд үйл ажилллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг салбар бүрээс хамааран 0.6-1 хувиар тогтоосон байна. Энэхүү тогтоолд иргэний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын талаар хөндөөгүй тул өөр тогтоолоор зохицуулалт хийнэ гэж ойлгож болно.

📌Баримт шалгалтын тайлан бэлдэх үед Нийслэлийн ИТХ-ын албан ёсны вэбсайт болон эрх зүйн мэдээллийн санд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай НИТХ-ын тогтоол оруулаагүй, ийм тогтоол баталсан тухай мэдээлэл байхгүй байв.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst