Тусгай замын нийтийн тээврийг ашиглалтад оруулна

Олон жилийн турш яригдсан BRT буюу Тусгай замын автобус төслийг эхлүүлж, гүйцээх амлалтыг Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд дэвшүүлж байжээ.

Ийнхүү 2023 онд Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар “Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”-ийг эхлүүлэхээ мэдэгдэж байсан ч одоог хүртэл нүдэнд үзэгдэж, гарт баригдах бүтээн байгуулалт байхгүй хэвээр. Энэ амлалтын хэрэгжилтийн талаар Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяа Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжтэй 2024 оны 01 дүгээр сарын 18-нд холбогдож тодруулга авсныг дор хүргэе.

2023 оны 03 сард болсон Засгийн газрын хуралдаанаар Азийн хөгжлийн банкны 655,0 сая ам.долларын багц зээлийн санхүүжилтээс нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”-ийг (BRT) хэлэлцээд дэмжсэн. Уг төслийг Түгжрэлийг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн засаг даргын тамгын газарт хариуцуулсан бөгөөд ажлын хэсэг 2023 оны 11 сард байгуулагдсан.

Анх уг төсөл Энхтайвангийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө гэсэн хоёр корридорт хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлт гарч байлаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжүүлэх учир тус банкны зөвлөх компани болох Far East BRT компани дээрх хоёр коридорын аль нь тохиромжтойг Монгол Улсад ирээд шийдэх ёстой байсан. Гэвч та бүхний мэдэж байгаачлан Монгол Улсын Засгийн газар метро барих шийдвэр гаргаснаар Энх тайвны өргөн чөлөөг бусад төслөөс чөлөөлөх хэрэгтэй болсноор нэг сонголт хасагдсан гэж хэлж болно. Ийнхүү бид Ард Аюушийн өргөн чөлөөнөөс гадна босоо тэнхлэгт Буянт ухаа-7 буудал гэсэн шугамд коридор байх боломжтой гэж үзээд хоёр сонголт бэлтгэсэн. Зөвлөх компани Монгол Улсад 2 дугаар сарын сүүлээр ирнэ. Тэр үед инженерүүд нь аль чиглэл нь илүү тохиромжтойг сонгосноор дараагийн шатны зураг төслийн ажил руу бүрэн шилжих боломжтой. Одоогийн байдлаар хэрэгжилт энэ хүрээнд л байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

Уг амлалтын хэрэгжилт хараахан эхлээгүй хэвээр л байна. Бэлтгэл ажлуудаа ч бүрэн хийгээгүй нь “Хэрэгжээгүй” гэх үнэлгээ авах хангалттай шалтгаан билээ.

Мэдээлэл шинэчлэгдсэн огноо: 2024 оны 01 дүгээр сарын 18

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

ИТХ-ын сонгууль 2020

Яав

Check document