Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг эрх барьж буй МАН-ын 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 55 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 2.3.1-д “Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина” гэжээ.

2022 оны 11 дүгээр сарын 16-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын эрчим хүчний сайдтай уулзлалт хийхдээ, “…ОХУ-аас Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг хэмжээг ирэх онд нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьсан…” гэжээ.

2023 оны 12 дугаар сарын 13-нд “Манай улс ОХУ-аас ойролцоогоор 350МВт цахилгаан эрчим импортоор авдаг бөгөөд энэ хэмжээг 150 МВт болгохоор төлөвлөсөн” тухай мэдээлэл гарч, өвлийн ид хүйтнээр цахилгаан хязгаарлаж болзошгүй талаар, мөн удалгүй хязгаарлахаа больсон тухай мэдээлж байсан.

Эдгээр нь Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангана гэх амлалтыг хэрэгжээгүйг харуулж байна.

Нэмэлт мэдээлэл

2021 оны 11 дүгээр сарын 25-нд “Тавантолгой 450 мВт-ийн дулааны цахилгаан станц барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөх төсөл“-ийн шалгаруулалт зарлагдаж байсан ч одоо хүртэл баригдаагүй байна. Хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сард “Тавантолгой дулааны цахилгаан станц (ДЦС)-ын 450 МВт-ын хүчин чадалтай бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих тус ДЦС-ын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер зарлажээ. “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК нь Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300МВт+150МВт гэсэн 2 үе шаттай хэрэгжүүлэх юм. Эхний ээлжийн 300МВт-ын түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих тус станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг Эрчим хүчний яамнаас зарлаж байгаа тул сонирхсон этгээдийг оролцохыг урьж байна” гэж мэдээлж байжээ.

Энэхүү ДЦС баригдвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, тодорхой цагуудад илүүдэл эрчим хүчээ экспортлох боломжтой гэж үзэж байгаа аж.

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

УИХ-ын сонгууль 2020

Яав

Check document