Түгжрэлгүй хот: Агаарын дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж, зориулалтын зогсоол дэд бүтцийг барьж байгуулна 

“Амлалт шалгагч”-ийн амлалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохдоо Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аудитаар баталгаажуулсан 13 хуудас материалаас түүвэрлэн авсан болно. Амлалтаа тодорхой байдлаар гаргасан, хэмжигдэхүйц, мөн олон нийтийн эрх ашгийг хөндсөн байх зэрэг шалгуураар түүврийг сонголоо. Амлалтыг шалгахдаа хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тайлан, нээлттэй мэдээллийн сан болон эх сурвалжийн тодруулгад үндэслэн баримт болгон хавсаргаж байна.

Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлж оролцох мөрийн хөтөлбөрийн “Түгжрэлгүй хотын 1 дүгээр шийдлийн 64-т Агаарын дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж, зориулалтын зогсоол дэд бүтцийг барьж байгуулна.” хэмээн амлалт өгчээ. 

Баримтуудаас үзвэл дүүжин тээврийг барих үйл ажиллагаа амласан хугацаандаа амжихгүй ч тасралтгүй явсаар байсныг харуулж байна. Гэвч нийслэлийн МАН-ын хорооны “Агаарын дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж, зориулалтын зогсоол дэд бүтцийг барьж байгуулна” гэсэн амлалтдаа хүрээгүй тул хэрэгжээгүй үнэлгээг авлаа.

Ерөнхий мэдээлэл: 

Өнгөрсөн хугацаанд дүүжин тээврийн төсөлд нийтэд ил мэдээлснээр нийт 40,580,027,047 төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Харин бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байна. 

 Монцамэ мэдээллийн агентлагийн 2020 оны нэгдүгээр сарын 21-ны өдрийн мэдээлэлд “… Францын хөгжлийн Засгийн газрын санхүүжилтээр 2020-2021 онд дүүжин тээврийн ТЭЗҮ-г хийж дуусах бөгөөд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл ирэх 4 дүгээр сард эхлүүлэх аж” хэмээжээ. 

GoGo мэдээллийн сайтад  2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдээлэлд “2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм” хэмээн дурджээ. 

Тэгвэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдөр News.mn  сайтад өгсөн ярилцлагадаа “… Зураг төслийн ажил ирэх зургаадугаар сард дуусна. Барилга угсралтын ажлыг  энэ оны найм, есдүгээр сард багтаан эхлүүлнэ.  Эхний маршрутын барилга угсралтын ажлыг 18 сар дотроо багтаан дуусгаж, 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй.

Хоёрдугаар  чиглэлийг ярьж байна. Баянхошуу- Ханын материал- 3, 4 хорооллын эцэс гэсэн 4.9 км, гурван буудалтай дүүжин тээврийг байгуулна.  Энэ чиглэлийг 2026 онд дуусгана. Хоёр чиглэл бүрэн ашиглалтад оронгуут нийлээд 1 цагт 3500 хүн тээвэрлэх масс транзит бэлэн болох юм.” хэмээжээ. 

2022 онд Дүүжин тээврийн төслийн нарийвчилсан текник эдийн засгийн үндэслэлийн эцсийн тайланг гаргаж үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулжээ. “Бүгд  Найрамдах  Франц  Улс  /БНФУ/-ын  Засгийн газар  нь  Монгол  Улсын  Засгийн  газрын  тэргүүлэх ач  холбогдол  бүхий  Нийслэлийн  нийтийн  тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөлд зориулан Монгол Улсын Засгийн газарт 60,700,000 евро /жаран сая  долоон  зуун  мянган  евро/-гийн  санхүүгийн дэмжлэг  үзүүлэхийг  зөвшөөрч  2020  оны  9  дүгээр сарын  1-нд  хэлэлцээр  хийгдсэн” гэж тус судалгаанд дурдсан. Мөн дүүжин тээврийн чиглэлийн нийт 5 хувилбарыг гаргасан байна. Үүнд : 

  • Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд 2 хувилбар
  • Зайсан – Хүүхдийн ордон 
  • Централь Тауэр -Будда  бурхант цогцолбор 
  • Яармаг – Саппоро – Гэмтлийн эмнэлэг гэжээ. 

Хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Itoim.mn сайтад “… Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр 2024 оны дөрөвдүгээр улирал гэхэд дүүжин тээврийн угсралтын ажлыг дуусгаж, 2025 оны эхний улиралд ашиглалт оруулна гэж тооцож байгаа аж”  хэмээжээ. 

Шилэн данс:

Байгууллагын нэр: НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭРТ ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ

2020 оны наймдугаар сард төслийн гүйцэтгэгч компани болох “Пома групп” рүү 16.1 тэрбум /16,172,551,800₮/, “Эжис рэйл” ХХК руу 6 тэрбум /6,066,375,336₮/-ийг “Захиалагчаас гүйцэтгэгчид шилжүүлсэн эхний урьдчилгаа төлбөр” болгон тус тус шилжүүлсэн мэдээллийг шилэн данс системд оруулжээ. 

  • Тус төслийн 2020 оны урсгал зардалд 150,174,700 төгрөгийн төсөв батлагдсан ба үүнээс 65,098,601 төгрөгийг нь  гүйцэтгэлд оруулжээ. 
  • 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “Дүүжин тээврийн 2 дугаар шугам буюу Яармаг Хархорин чиглэлийн барилгын ажлын урьдчилгаа төлбөр”-т 17,869,607,140.00 ₮-ийн төсөв баталсан. 

Эдгээр баримт нь дүүжин тээврийг барих үйл ажиллагаа амласан хугацаандаа амжихгүй ч тасралтгүй явсаар байсныг харуулж байна. Гэвч нийслэлийн МАН-ын хорооны “Агаарын дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж, зориулалтын зогсоол дэд бүтцийг барьж байгуулна” гэсэн амлалтдаа хүрээгүй тул хэрэгжээгүй үнэлгээг авлаа.

Нэмэлт мэдээлэл

Төсөл гүйцэтгэгч “Пома групп”-ийн албан ёсны вэбсайтад 2020 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр “Пома групп Улаанбаатар хотын анхны агаарын дүүжин замын төслийг хэрэгжүүлнэ” хэмээн нийтэлсэн. 

Пома компанийн бүтээн байгуулсан “Нжны Новгород хотын Гондол лифт”-ны төсөл нь Монгол Улсын уур амьсгалтай төстэй улсад хийгдсэн дүүжин тээврийн жишээ юм. Тус дүүжин тээврийн урт нь 3,6 км, туулах хугацаа нь 13 минут байна. Уг төслийн зураг төслийн ажлыг 2009 онд эхлүүлэн, 2010 онд барилгын ажил эхлүүлж, 2012 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулж дүүжин тээврийг зорчигчдод нээлттэй болгожээ. “Коммерсанть” Оросын өдөр тутмын сонины 2022 оны 9 дүгээр сарын  02 ны өдөр гарсан мэдээлэлд “Хиймэл дагуул руу хүрэх зам” мэдээлэлд төслийн нийт өртөг 900 сая рубль давсан хэмээсэн. Энэ нь одоогийн ханшаар 10 сая орчим евро юм.

Хуваалцах

Хэн

МАН

Хэзээ

ИТХ-ын сонгууль 2020

Яав

Check document