Иргэд төрөөс зээлийг нэг удаа ТЭГЛЭХИЙГ гуйж эхэллээ гэх мэдээлэл өндөр хандалттай байгаа ч Монгол Улсын нэг жилийн төсвөөс өндөр дүнтэй иргэдийн нийт зээлийг тэглэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #448

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Иргэд төрөөс зээлийг нэг удаа ТЭГЛЭХИЙГ гуйж эхэллээ!!! дэмжиж байвал шейр хийж түгээнэ үү!!!” гэсэн тайлбартай мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Санал өгч, шэйрлэхэд иргэдийн зээлийг тэглэх мэтээр ойлгуулан, олон тооны хандалт авсаар байгаа гарчигаар төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг олон нийтэд таниулах шаардлагатай тул мэдээлэл хүргэж байна. 

2023 оны 02 дугаар сарын 12-нд Monnews нэртэй пэйжид “Иргэд төрөөс зээлийг нэг удаа ТЭГЛЭХИЙГ гуйж эхэллээ!!! дэмжиж байвал шейр хийж түгээнэ үү!!!” гэсэн тайлбартай, төрийн гурван өндөрлөгийн зургийг monnews.life нэртэй домайны холбоосын хамт оруулсан нь 02 дугаар сарын 27-ны байдлаар 1287 реакц, 472 сэтгэгдэл авч, 1218 удаа цааш түгээсэн байна. Сайтын холбоос дахь мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад 2022 оны 12 дугаар сарын 27-ноос хойш нийт 137 удаа дахин шэйрлэж, 32,106 хариу үйлдлээр идэвхжүүлсэн байна. 

Уг мэдээлэлд иргэдийн зээлийг тэглэх талаар ямар ч бодитой мэдээлэл байхгүй, харин цахим хэрэглэгчдийн үзэл бодлоо илэрхийлсэн постуудыг хуулж оруулжээ. 

Санал өгч, шэйрлэхэд иргэдийн зээлийг тэглэх мэтээр ойлгуулан, олон тооны хандалт авсаар байгаа гарчигаар төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг олон нийтэд таниулах шаардлагатай тул мэдээлэл хүргэж байна. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Хаягийг шалгах

4516 лайк, 71 мянган дагагчтай Monnews нэртэй пэйжийг 2017 оны 04 дүгээр сарын 3-нд нээсэн ба танилцуулга хэсэгтээ monnews.life сайтын холбоосыг хавсаргаж, 60096001 гэх дугаарыг утасны дугаарын мэдээлэл хэсэгт оруулсан байна. Уг домайн нэрийг сайтын мэдээллийг нягтлах хэрэглүүрт оруулж үзэхэд мэдээллээ нууцалсан байна. 

Харин баримт шалгагчдын тусгай эрхээр ашигладаг CrowdTangle хэрэглүүрт пэйжийн хандалтын үзүүлэлтийг шалгахад 2022 оны 09 дүгээр сараас эрс өссөн байна. Эдгээр өсөлтийн гол шалтгаан нь “Иргэдийн цалин тэтгэврийг нэмэхийг дэмжиж байвал шэйр хий”, “Цалин тэтгэврийн доод хэмжээг 1 сая төгрөг болгохыг дэмжиж байвал шэйр”, “Иргэн бүрд 13 сая хөдөлгөөнийг дэмжиж байвал шэйр” гэх мэтээр гарчигласан холбоос хавсаргаж, ороод үзэхэд агуулга зөрсөн мэдээллүүд оруулсан байна. 

Ингэж хуурамч мэдээллээр иргэдийг үйлдэлд уриалж, хандалтаа өсгөх нь ашиг хонжоо хайх, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхийг оролдох санаархал байж болзошгүй бөгөөд хөтөлж буй байдал, мэдээлэл оруулдаг хэлбэр зэргээс болгоомжилж, нөлөөллийг багасгах шаардлагатай байна. 

2022 онд иргэдийн нийт зээл ₮19.3 их наяд бол улсын төсвийн орлого ₮16.4 их наяд байна

2022 оны 10 дугаар сарын 14-нд Үндэсний статистикийн газраас гаргасан тайланд Монгол Улсын хэмжээнд иргэдийн нийт хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 9 дүгээр сарын эцэст 19.3 их наяд болсон гэдгийг дурджээ. Энэхүү хэвийн ангилалд байгаа зээл нь нийт зээлийн 83.8 хувийг эзэлж байгаа гэжээ.

Монголбанкны статистик мэдээнд 2022 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар нийт зээл 22.5 их наяд төгрөг гэжээ.

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг ₮16.4 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг ₮18.1 их наяд байхаар баталж байв.

Үүнээс үзэхэд иргэдийн зээлийг тэглэхэд улсын нэг жилийн бүх орлого ч хүрэлцээргүй байна. Өөрөөр хэлбэл тухайн жилд нэг ч хүнд цалин, тэтгэвэр, халамж олгохгүй, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, худалдан авалт гэх мэт бүх зардлаа хааж, иргэдийн зээлийг тэглэхэд зарцуулъя гэхэд 3 их наяд орчим төгрөг дутахаар байна.

Нэмэлт мэдээлэл:

Тэтгэврийн зээлийг баяжмал барьцаалан гаргасан бондоор барагдуулсан

2020 оны 01 сарын 10 өдөр батлагдсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн дагуу зээлийг чөлөөлсөн. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар уг хуульд заасан. “Эрдэнэс бонд”-ын 66.3 хувийг Хаан банк, 223 хувийг Төрийн банк, үлдсэн хувийг бусад долоон банк худалдан авсан байна.Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болох Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн 2021 оны аудитын тайланд “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрдэнэс Монгол ХХК-аас гаргасан Эрдэнэс-2, Эрдэнэс-3 бондын 215,494.7 сая төгрөгийн өглөгийг барагдуулсан, төлбөрийн 69.7 хувийг хүдэр, баяжмал борлуулахаар урьдчилж орсон орлогоос, 16 хувийг хуримтлагдсан ашгаас, 14.3 хувийг 2021 оны борлуулалтын орлогоос тус тус барагдуулсан байна” гэж мэдээлж байжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document