Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс “Баримт нэн тэргүүнд” сүлжээний 20 орчим байгууллагын төлөөлөл дунд чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын зорилго нь сүлжээний үйл ажиллагааг идэвхжүүлэх, редакцуудын олон нийтийн төлөөх эрэн сурвалжилсан бүтээлийг олон улсын уралдаанд сойх арга замуудыг таниулах байв. Сургалтад салбар бүрийн мэргэжилтнүүд эрүүл мэнд, улс төр, нийгэм, эдийн засгийн салбар дахь хуурамч мэдээллийн тархацын нөхцөл байдлыг танилцууллаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг төлөөлж Анагаах ухааны салбарт 20 гаруй жил судлаач, багш, удирдлагын түвшинд ажилласан хүүхдийн эмч, сэтгүүлч С.Наранчимэг, улс төрийн салбарыг төлөөлж Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг, нийгэм, эдийн засгийн салбарыг төлөөлж УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр нар ажил, мэргэжил тус бүрийнхээ арвин туршлага, салбарын тулгамдсан асуудлуудын шийдлийг оролцогчидтой хуваалцсан.
Үүнээс гадна тус сургалтад АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн Др. Дэвид Гракон сэтгүүл зүйн бүтээлийн олон улсын уралдаанд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөмж өгснөөрөө энэ удаагийн сургалт онцлог байлаа. Тэрбээр Монголд нэг сарын хугацаатай ирсэн бөгөөд цаашид сүлжээний гишүүдтэй ганцаарчилсан байдлаар уулзаж, сэтгүүл зүйн бүтээлийн олон улсын уралдаануудын талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл өгөх юм.