ДЭМБ улс оронд торгууль ногдуулдаг субьект биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #426

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын уриалгыг хэрэгжүүлээгүй улсуудыг 600 сая ам.доллароор торгох боломжтой мэтээр нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

ДЭМБ-ын үндсэн дүрэмд улс орнуудыг торгох тухай тусгаагүй байдаг ба ДЭМБ аливаа улсад торгууль ногдуулах эрх бүхий субьект биш.

2023 оны 01 дүгээр сарын 27-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгч “Хуурамч эм эмийн зүйлс, ханиадны сиропыг хориглосон ДЭМБ-ын ОНЦГОЙ ШИЙДВЭР гэгч гарчээ. Онцгой шийдвэр хэрэгжүүлээгүйн торгууль 600сая$ хүртэл байдгийг мэдэж байгаа юу” гэж нийтэлсэн нь 02 дугаар сарын 08-ны байдлаар 800 реакц, 62 сэтгэгдэл авч, постыг 313 удаа цааш хуваалцсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. ДЭМБ гишүүн орнууддаа эм, эмийн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх яаралтай уриалга гаргасан

Бид өмнө нь ханиалганы сироптой холбоотой мэдээлэлд баримт шалгалт хийж нийтэлж байсан. Тухайн үед буюу 2022 оны 10 дугаар сарын 05-нд Гамби улсад ханиадны сиропоос үүдэлтэй бага насны 66 хүүхэд нас бараад байсан ба сиропууд диэтилен гликоль, этилен гликоль гэх аюултай бодисуудыг агуулж байжээ. Үүнээс хойш ижил орцтой ханиалганы сироп 2 ч улсад бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ энэ талаар анхааруулга гаргаж байв.

Мөн тэдгээр сироп Монгол Улсад албан ёсоор худалдаалагддаггүй тухай бид өмнөх баримт шалгалтдаа мөн дурдаж байсан билээ.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан онц шийдвэр гарсан эсэхийг 2023 оны 01 дүгээр сарын 30-нд ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас тодруулахад:
“ДЭМБ аюултай эм, эмийн бүтээгдэхүүний талаар гурван ч анхааруулга гаргасан” гээд холбогдох мэдээллийн холбоосыг бидэнд илгээсэн юм.

ДЭМБ 2023 оны 01 дүгээр сарын 23-нд гаргасан уриалгад гишүүн орнуудын Засгийн газрыг:

  • ДЭМБ-аас анхааруулсан эм, эмийн бүтээгдэхүүнүүд өөрийн орны зах зээлд байгаа эсэхийг тодорхойлж, илэрсэн тохиолдолд худалдаанаас татах,
  • Худалдаалж буй эм, эмийн бүтээгдэхүүнүүдийн зөвшөөрлийн бичгийг баталгаажуулж худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар худалдаалж буй эсэхийг шалгах,
  • Олон улсын норм, стандартад нийцүүлэн үйлдвэрлэж буй эсэхийг хянах,
  • Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээгдэхүүнүүдийг туршиж, албан болон албан бус сувгаар худалдаалж буй эмийн хяналтыг нэмэгдүүлэх,
  • Хуурамч болон стандарт хангаагүй эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаатай хатуу тэмцэж, шаардлагатай хууль ёсны арга хэмжээг авах зэрэг ажлыг яаралтай хийхийг уриалсан байна.

2. ДЭМБ аливаа нэг улсыг торгох субьект биш

2023 оны 02 дугаар сарын 09-нд ДЭМБ аливаа нэг улсыг торгох хариуцлагын механизмтай эсэхийг тодруулахаар Дани улсын Копенгаген хот дахь ДЭМБ-ийн оффисын Хэвлэл мэдээллийн байгууллага хариуцсан мэргэжилтэн Бану Батнагартай холбогдоход “ДЭМБ-ын үйл ажиллагаа өөрийн үндсэн дүрмээс гажих ёсгүй учир дүрэмд заагаагүй хариуцлагын механизм байх боломжгүй. ДЭМБ улс оронд торгууль ногдуулдаг субьект биш. Аливаа улсын дотоод хэрэгт үл оролцох зарчмаа баримталж улс орнуудын засгийн газруудад зөвлөмж, уриалга гаргаж ажилладаг” гэх хариултыг өглөө.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document