Цахим орчинд “Whieda брэндийн улавч, нүдний шилээр өвчин эдгээнэ” гэх агуулгатай, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн байж болзошгүй зар сурталчилгаа түгээсэн үйлдэлд Монополын эсрэг газраас зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, арга хэмжээ авчээ. Тодруулбал, Whieda Mongolia гэх хуудаснаас тус брэндийн улавч, нүдний шилийг сурталчлахдаа Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу хоёр аж ахуйн нэгж, нэг иргэнд нийт 10.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар Монополын эсрэг газраас мэдээллээ. Мөн тус байгууллагаас худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгч үйлчлэх, хуульд заасан чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлж, худалдахыг анхааруулсан байна.
Хамгийн гол нь торгууль ногдуулаад зогсохгүй, зөрчлийг арилгах хугацаат үүрэг өгч, цаашид дахин гаргуулахгүй байхад Монополын эсрэг газар анхаардаг. Ингэснээр хуурамч зар сурталчилгаа бүхий мэдээллүүдийг цахим болон биет хэлбэрээр түгээсэн бүх мэдээллийг устгаж, давтан түгээвэл торгууль ногдуулдаг.
Бид энэхүү бүтээгдэхүүнийг өмнө нь баримтаар шалгаж, хөлийн нум дэмжих энгийн улавчийг “бүх төрлийн өвчнийг эдгээж, биеэс хор гадагшлуулна” гэх мэтээр хэтрүүлэн сурталчилж буйг анхааруулж байсан. Хөлийн нум дэмжих улавч нь хөлийн байрлал, биеийн галбирт тодорхой хэмжээгээр нөлөөлж, өвдөлт намдаахад туслах ч бүх төрлийн өвчнийг эмчлэхгүй. Мөн сөрөг ионтой нүдний шил, ариун цэврийн хэрэглэл гэж сурталчилж буй бүтээгдэхүүн нь аюулгүй байдал, үр нөлөөг судалсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилтгүй баталгаагүй эд юм.
Иймд аливаа бүтээгдэхүүнийг “өвчин эдгээнэ”, “хор гадагшлуулна”, “эмчилгээний үйлчилгээтэй” гэх мэт эрүүл мэндийн нөлөөтэйгөөр сурталчилж байгаа тохиолдолд шууд худалдан авахаас татгалзаж, найдвартай эх сурвалжид тулгуурлан мэдээллийг нягталж байхыг зөвлөж байна. Мөн биед илэрч буй шинж тэмдэг, зовуурийн шалтгааныг мэргэжлийн эмчид үзүүлж тогтоолгон, өөрт тохирох батлагдсан эмчилгээний аргыг сонгоорой.


