2023 оны 02 дугаар сарын 19-нд Suvdaa Fit гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгч шөнийн цагаар ухаалаг утас удаан хэрэглэснээс шалтгаалан нүдний хорт хавдар туссан тухай мэдээллийг нийтэлсэн. Уг мэдээлэлд тайлбарласнаар Хятад улсад 40 настай залуу шөнийн цагаар ухаалаг утас удаан хэрэглэснээсээ болж нүдний хорт хавдар туссан тохиолдол гарсан гээд “үүний гол шалтгаан нь ухаалаг утас, таблет, зурагтыг хэт удаан үзэх ялангуяа харанхуйд үзсэнээс болж байгаа гэж эрдэмтэд анхааруулж байна.” гэж мэдэгдсэн байна. Цаашлаад тэрээр “Манай Монгол улсад ч гэсэн бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдүүд ухаалаг утсыг маш их хэрэглэж байгаа. Та үүнийг өөрийнхөө хүүхэд, дүү нар дээрээ бодоод үзээрэй. Хэрвээ бид эртнээс анхаарахгүй бол ийм аюул бидэнд ч гэсэн тун ойрхон байна шүү” гэж анхааруулан нүд нь улайсан хүний зургийг хамт постолсон байна.
Уг мэдээллийг 02 дугаар сарын 27-ны байдлаар 3.4 мянга гаруй удаа цааш түгээгээд байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллагууд шалгаж, хуурамч болохыг тогтоосон
Дээрх мэдээлэлд ашигласан зураг нь нүдний хавдар туссан хүний зураг биш бөгөөд нүдний салст бүрхүүлийн үрэвсэл буюу конъюнктивит өвчтэй (conjunctivitis) хүний зураг юм. Түүнчлэн энэ худал мэдээлэл нь 2013 оноос хойш тархаж байгаа ба шөнийн цагаар гар утас хэрэглэх нь нүдний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь батлагдаагүй болохыг Snopes, VERA Files зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай байгууллагууд мэдээлсэн байна.
Гар утасны RF долгион нь ионжуулаагүй цацрагийн нэг хэлбэр бөгөөд эсийн доторх ДНХ-г гэмтээж, хорт хавдар үүсгэх чадамжгүй
Хэдийгээр компьютер, төрөл бүрийн ухаалаг цахилгаан барааны хэрэглээ их байх нь нүдний хараа муудах, нүд хуурайших эрсдэлийг нэмэгдүүлдэг ч нүдний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг нь батлагдаагүй талаар АНУ-ын Хавдрын нийгэмлэгийн цахим платформд нийтэлжээ. Тодруулбал, “Гар утас нь RF долгион ашиглан ойролцоох үүрэн цамхаг (суурь станц) руу дохио илгээдэг (мөн тэдгээрээс хүлээн авдаг) . Энэ нь FM радио долгион болон богино долгионы хооронд унадаг цахилгаан соронзон спектрийн энергийн нэг хэлбэр юм. FM радио долгион, богино долгион, үзэгдэх гэрэл, дулааны нэгэн адил RF долгион нь ионжуулдаггүй цацрагийн нэг хэлбэр юм . Тэд эсийн доторх ДНХ-г (ген) шууд гэмтээж, хорт хавдар үүсгэх хангалттай эрчим хүчгүй байдаг. RF долгион нь рентген туяа, гамма туяа, хэт ягаан туяа ( хэт ягаан туяа) гэх мэт илүү хүчтэй ( ионжуулагч ) цацрагаас ялгаатай . Ионжуулагч цацраг нь ДНХ дахь химийн холбоог тасалж, хорт хавдар үүсгэдэг” гэжээ.
Харвардын их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн нүдний мэс заслийн эмч Дэвид Рамсэй (David Ramsey) “ухаалаг утас, таблет, LCD телевиз, зөөврийн компьютер зэрэг цахилгаан бараанаас ялгардаг цэнхэр туяа нүдний торлог бүрхэвчид толбо үүсэх (macular degeneration) эрсдэлийг нэмэгдүүлдэггүй” гэж мэдээлсэн байна.
Ашигласан зураг дахь өвчлөл нь 7-14 хоногийн дараа ямар нэг эмгүйгээр эдгэрдэг
Харин шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг дахь улайсан нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь ханиад, томуу эсвэл бактерын халдварын үед түүнчлэн харшлын үед үүсэж болдогийг АНУ-ын Халдварт өвчний хяналтын төвийн вэб сайтад мэдээлсэн байна. Цаашлаад, ихэнхи тохиолдолд энэ үрэвсэл нь ямар нэг эмгүйгээр 7-оос 14 хоногт арилж эдгэдэгийг мөн мэдээлсэн байна. Харин шаардлагатай тохиолдолд өвчлөлийн шалтгаанаас хамаарч антибиотик, вирусийн эсрэг эм зэргийг хэрэглэдэг болохыг АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайтад мэдээлжээ.