Нэгэнт устсан Facebook хаяг, зурвасыг сэргээх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #449

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Таны устсан хаяг, зурвасыг сэргээж өгнө гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Платформын үйлчилгээний бодлогод тусгасан дүрмийг хэн нэгэн хэрэглэгч зөрчих боломжгүй юм.

2023 оны 02 дугаар сарын 25-нд Фэйсбүүк менежер нэртэй хаягаас Оёдол, эсгүүр, бөс бараа, туслах материалын худалдаа & оёдолчид групп нэртэй бүлгэмд “Хуучин Facebook аккаунт сэргээнэ. Хүний аккаунтаар давхар орно, чат сэргээнэ” гэх постыг нийтэлсэн байна. Уг постыг олон гишүүдтэй бүлгэмүүд рүү удаа дараалан нийтэлсээр иржээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Нийтэлсэн хэрэглэгч нь Facebook-ийг төлөөлөх эрхтэй этгээд биш

Постыг оруулсан хэрэглэгчийн Фэйсбүүк Менежер гэж байх ч тухайн хаяг Facebook платформыг төлөөлөх эрхгүй. Учир нь Facebook платформын албан ёсны хаягууд баталгаажсан цэнхэр тэмдэглэгээтэй байдаг.

Шалгаж буй мэдээллийг нийтэлсэн хэрэглэгчийн хаягийн нээлттэй мэдээлэл хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 27-нд үүсгэсэн гэсэн байна. Нүүр болон арын зурагтаа Facebook платформын лого, зургуудыг ашигласан нь хэрэглэгчдэд худал сэтгэгдэл төрүүлэх оролдлого байж болзошгүй.

2. Нэгэнт устсан хаяг, зурвасыг сэргээх боломжгүй

Хэрэглэгч өөрийн хүслээр хаягаа идэвхгүй болгох эсвэл устгах гэсэн хоёр сонголт бий. Facebook платформын үйлчилгээний бодлогод Deactivated буюу түр хугацаанд идэвхгүй болгосон хаягийг нэр, нууц үгээ мэдэж байх тохиолдолд сэргээх боломжтой гэсэн байна. Харин Permanently deleted буюу устгасан хаягийг сэргээх боломжгүй ба зураг, нийтлэл, зурвасууд зэрэг мэдэгдлүүдийг сэргээх боломж байхгүйг анхааруулжээ. Нэгэнт устгасан зурвасыг ч мөн адил сэргээх боломжгүй юм.

3. Facebook нь таныг хувийн мэдээллээ бусдад хуваалцахгүй байхыг зөвлөдөг

Та бусдад өөрийн хувийн мэдээллийг өгөх эсвэл хувийн мэдээллээ алдсанаас бусад тохиолдолд хэн нэгэн таны хаяг руу нэвтрэх боломжгүй. Энэ тухайд Facebook платформын хэрэглэгчийн хаягийг аюулгүй байлгах зөвлөмжид дараах сануулгыг тусгажээ.
“Таны нууц үг бол таны хувийн нууц. Хэн нэгэн танаас нууц үгийг чинь асуувал хуваалцаж болохгүй, мөн олон нийтийн сүлжээнд нууц үгээ бүү зарла. Фишинг буюу хэн нэгэн тань руу сэжигтэй холбоос явуулж хувийн мэдээллийг чинь олж авдаг гэмт хэрэг ч байдаг. Тэд таны хаягийг авсан даруйдаа төрөл бүрийн спам идэвхжүүлж, хохирол учруулдаг тул болгоомжилно уу” гэжээ.

Иймд та баталгаагүй эх сурвалжид итгэн хувийн мэдээллээ хуваалцах нь буруу бөгөөд платформын үйлчилгээний бодлогод тодорхой заасан дүрмийг хэн нэгэн дураараа зөрчиж устсан хаяг, зурвасыг сэргээх боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document