“Ашкарын арга” гэх үр дүнгүй аргыг хавдрын эмчилгээ мэт сурталчилж байна

Баталгаагүй эх сурвалж дээр үндэслэн үр дүнгүй, худал мэдээлэл түгээж байна. “Ашкарын хавдар эмчлэх арга” гэх үр дүнгүй аргыг худал мэдээллээр нэмэгдүүлэн сурталчилж, төлбөртэй групп уруу орохыг уриалж байна. Хавдар туссан тохиолдолд мэргэшсэн эмч, эмнэлэгтэй заавал холбогдох хэрэгтэй бөгөөд эмнэлгийн байгууллагаас санал болгоогүй арга хэрэглэх нь хавдрын эмчилгээг хойшлуулж, эмчлэх боломжийг алдах эрсдэлтэй болохыг анхааруулж байна.
Одоогоор витамин ашиглаж хорт хавдрыг эдгээх баталгаат арга байхгүй

Хуучирсан үр дүнтэй судалгаа ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Одоогийн байдлаар витамин нь хавдрыг бүрэн эдгээдэг, хавдартай хүний насыг уртасгадаг гэсэн баталгаа байхгүй бөгөөд зөвхөн мэргэшсэн эмч, эмнэлгийн зөвлөмжөөр эмнэлгийн эмчилгээнд хамрагдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг хүсье.
Хүж өвснөөс ялгаж авсан дауринол нь лабораторийн туршилтаар хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлсэн ч бусад бодис нь хавдрыг идэвхжүүлдэг

Хүж өвсөнд буй хорт хавдрын эсрэг идэвхжилтэй дауринол гэдэг бодисыг ялгаж авч лабораторийн түвшинд туршихад хавдрын эсийг дарангуйлах үр нөлөө үзүүлсэн ч хүн дээр туршаагүй, мөн өвсөнд буй бусад бодис хаврыг идэвхжүүлдэг болохыг анхаараарай.
ОХУ-ын эрдэмтдийн судалж буй хорт хавдрын эмчилгээний вакцин бүрэн баталгаажаагүй

ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Оросын эрдэмтэд хүний өөрийн дархлааг дэмжих замаар хорт хавдрын эмчилгээнд ашиглах вакцин нээх гэж буй”-г мэдэгдсэн. Тус вакциныг арьс, бүдүүн гэдэсний хавдрын үед ашиглахаар судалж байгаа бөгөөд илүү нарийвчлан шинжлэх хэрэгтэй байгаа аж.
“Хэт боловсорсон гадилд хорт хавдрын эсрэг TNF бодис агуулагддаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

TNF нь хөхтөн амьтанд байгалиасаа байдаг дархлааны системийн нэг хэсэг ба гадил жимсэнд байдаггүй. Гадил хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй талаарх судалгаа хязгаарлагдмал тул нэмэлт судалгаа хийх шаардлагатай байна.
“Угаалгын нунтагт умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг” гэдгийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй

Зарим угаалгын нунтагт ашигладаг бодисууд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй ангилалд хамаардаг. Тиймээс угаалгын нунтгийн шошго дээрх мэдээллийг нягтлах нь зүйтэй. Харин угаалгын нунтагт агуулагдах бодис умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гэдгийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй байна.