“АНУ газар хөдлөлтөд нөлөөлдөг” гэх агуулга нь хуйвалдааны онол

“Америк газар хөдлөлт үүсгэх технологитой” гэх агуулга нь интернэт орчинд өргөн тархсан хуйвалдааны онол юм. Газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдэл болох үед дахин сэргээж түгээдэг байна. Венесуэл улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дурдсан HAARP төсөл нь агаар мандлын дээд давхарга дахь физик үйл явдлыг судалдаг ба хэрэглэдэг радио долгион нь дэлхийн царцдас, доод давхаргад нөлөөлөх боломжгүй юм.
Дундговь аймгийн замыг зассан мэт егөөджээ

“Дундговь аймгийн Өлзийт сум явах зам сайхан болжээ” гэх бичлэг егөөдөл юм. Хошигнол хуурамч мэдээлэл болж түгэх тохиолдол элбэг тул бодит байдлыг нягталж, бусдад хуваалцаарай.
Гэрлэн дохио хэт их халалтаас бус ойролцоох галын улмаас хайлжээ

Хэт халалтын улмаас Германд гэрлэн дохио хайлсан гэх бичлэг нь 2025 онд ойролцоох барилгад гарсан галын улмаас үүдэлтэй. Мөн Италид автомашин шатсаны улмаас ойролцоох гэрлэн дохио хайлж, урссаныг хэт халалттай холбоотой хэмээн тайлбарлаж, төөрөгдүүлжээ.
Швед улс 2018 онд ураны олборлолт, хайгуулыг хориглосон ч 2026 онд тус хоригийг цуцалсан

Швед улс 2018 онд уран олборлохыг хориглосон нь үнэн боловч, уг хоригийг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс албан ёсоор цуцалж, уран олборлохыг дахин зөвшөөрсөн. Харин шалгасан мэдээлэлд дурдсан Герман, Австри улсын хувьд одоогоор уран олборлодоггүй нь үнэн. Гэхдээ зөвхөн байгаль орчны асуудлаас болж хориглосон талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна.
Мьянмарын газрын ховор элементийн орд нь Халзан бүрэгтэйн ордоос өөр тогтоцтой тул эрсдэлийг зүйрлүүлэх боломжгүй

Мьянмарын Качин муж дахь газрын ховор элементийн олборлолт нь ион шингээсэн шаварлаг ордод хамаардаг тул аммонийн хлорид эсвэл аммонийн сульфатын уусмал ашиглан ион солилцооны зарчмаар олборлолт явуулдаг. Мөн газрын ховор элементийн олборлолтын байгаль орчны нөлөөллийн талаар судалгааны мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд Мьянмар дахь нөлөөллийн цар хүрээ, эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх бодит үр дагаврыг бүрэн тогтоосон шинжлэх ухааны үнэлгээ одоогоор хангалтгүй байна. Түүнчлэн Халзан бүрэгтэй ордын хувьд олборлолт, баяжуулалтын технологийн эцсийн шийдэл хараахан тодорхой болоогүй бөгөөд холбогдох судалгаа, туршилтууд үргэлжилж байгаа юм.
Хиймэл оюунаар бүтээсэн зургаар худал мэдээлэл түгээжээ

Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн загасны зургийг “Венесуэлд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өвөрмөц төрөл зүйлийн загас илрүүлж, юу гэж нэр өгөхөө мэдэхгүй байна” хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.