Мөнгөн бөгж резинэн бээлийг бэхжүүлсэн хүхэртэй урвалд орж харлах тохиолдол байдаг ба шууд хортой гэсэн үг биш

Хүнсний зориулалттай хар бээлийг үйлдвэрлэх явцад үлдсэн хүхрийн нөлөөгөөр мөнгөн бөгж харлах тохиолдол бий. Гэхдээ энэ нь зөвшөөрөгдсөн стандарттай бөгөөд хүний биед аюултай гэж шууд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тавиурт байгаа мөнгөн аяга агаар дахь хүхэртэй урвалд орж, харладагтай ижил процесс юм. Харин бээлий хурц үнэртэй, харшил өгч тууралт гарсан зэрэг тохиолдолд хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Нүдний шил, улавч, ариун цэврийн хэрэглэлээр аливаа өвчнийг эдгээхгүй

Энгийн бүтээгдэхүүнийг “сөрөг ионтой, эрүүл мэндэд тустай, олон өвчнийг анагаана” гэж төөрөгдүүлж байна. Хэдий биед шууд илрэх сөрөг нөлөөгүй ч цаг алдах, цаашлаад өвчин эмгэг хүндрэх эрсдэлтэй. Иймд “эрүүл мэндэд тустай, өвчнийг эдгээнэ, сэргийлнэ” гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө заавал эмч, мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.

Хөрсөнд байх хүнд металл тампоны түүхий эдээр дамжин илэрсэн ч хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц биш

Тампонд бага хэмжээний хүнд металлууд илэрсэн талаарх 2024 оны судалгаа байгаа боловч үтрээний салстаар дамжин цусанд орох боломжтой эсэхийг тогтоогоогүй байна. Мөн Америкийн Анагаах Ухааны Хор Судлалын Коллеж болон бусад мэргэжилтнүүд уг судалгааг тампон эрүүл мэндэд асуудал үүсгэдэгийг батлаагүйг онцолж, нэмэлт судалгаа шаардлагатай талаар мэдээлжээ.

Фтортой оог залгиж болохгүй бөгөөд хэт их хэмжээгээр авах нь IQ-г бууруулахад нөлөөлнө

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 2 наснаас доош хүүхдэд фтор агуулсан шүдний оо болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө эмч, шүдний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг онцолжээ. Мөн фторын хэрэглээ нь зөвхөн шүдний оо төдийгүй ундны ус, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон эх үүсвэрээс бүрддэг бөгөөд нийт өртөлт нь зарим тохиолдолд аюулгүй хэмжээнээс давж гарах эрсдэлтэй байдаг байна. АНУ-ын Үндэсний Хор Судлалын Хөтөлбөрийн тойм судалгаанд литр тутамд 1.5 мг-аас их фтор агуулсан усны өндөр өртөлт нь хүүхдийн IQ-д сөрөг нөлөөтэй байж болзошгүй талаар мэдээлжээ.

Терпен агуулсан үнэртэй бүтээгдэхүүн агаарт тоосонцор үүсгэдэг ба эрүүл мэндэд ямар эрсдэл учруулахыг судлах шаардлагатай

Үнэр гаргах зорилгоор тусгай хэрэглүүр ашиглан хайлуулдаг лав төдийгүй терпен агуулсан үнэртүүлэгчүүд нь дотоод орчин дахь агаарын озонтой урвалд орж, нано бөөм үүсгэдэг ба амьсгалын замаар дамжиж хүний биед сөргөөр нөлөөлөх магадлалтай. Гэхдээ яг ямар төрлийн өвчин үүсгэх эрсдэлтэйг бүрэн тогтоогоогүй. Үүнийг үргэлжлүүлэн судалж, илүү нарийн тогтоохоор ажиллаж байгааг судалгаандаа дурджээ.

“Сар бүр үсээ будсанаас бөөр нь өвдсөн байж болзошгүй” гэж эмч нар таамагласныг хэтрүүлэн мэдээлжээ

Үсний будаг нь олон төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд эдгээр бодис хүний биед арьсаар шингэх эсвэл агаарт ууршин амьсгалаар дамжин бие махбодод сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Гэхдээ одоогоор хийгдсэн клиник судалгаагаар PPD-ын хордлого ихэвчлэн санамсаргүй залгиснаар үүсдэг бөгөөд нүүр, хүзүүний хаван, хурц бөөрний дутагдал зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Харин арьсаар дамжин бөөрний шууд гэмтэл үүсгэх нь харьцангуй цөөн тохиолддог байна.