2021 оны 09 дүгээр сарын 23-нд delgeen.com вэб сайт сонгины эмчилгээний үйлчилгээний талаар “Сонгиныг голоор нь 4 хуваагаад гэртээ тарааж тавь. Ямар учиртай болохыг нь сонсоод та шоконд орох болно!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Энэ мэдээлэлдээ “сонгино нь ханиад томуу, бронхит зэрэг халдварт өвчний үед үр дүнтэй тул хүнсэндээ өргөн хэрэглэхийг” Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөсөн гэсэн ба “түүхий сонгино нь агаарт дэгдэж буй нянг устгах чадалтай гэсэн онол ч явдаг” гэжээ. Түүнчлэн, тус мэдээлэлд сонгино хувааж хөлийн уландаа тавих, оймсон дотроо хийхийг зөвлөсөн агуулгыг оруулсан байна.
Сонгины эрүүл мэндийн ач холбогдлын талаарх худал мэдээллүүдийг бид өмнө шалгаж байсан (энд, энд, энд бас энд) ба дээр тайлбарласан мэдээлэл нь бидний шалгасан өмнөх агуулгуудын адил худал зөвлөмжийг санал болгосон байна.
ДЭМБ сонгиныг ханиад томуу болон бронхитыг эмчлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөмжиндөө тусгасан баримт байхгүй бөгөөд ДЭМБ-ын вэб сайт болон ханиад томууны эмчилгээний зөвлөмжийн тайланд сонгины ач холбогдлын талаарх мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн, сонгино нь агаарт дэгдсэн нянг устгах эсвэл өөртөө сорох чадваргүй ба энэ нь сонгины талаарх эртний мухар сүсэг болохыг Snopes мэдээлж байсан.
Мөн сонгиныг хөлийн уландаа тавих нь ямар нэг өвчнийг анагаах нөлөөгүй болохыг ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч AFP Fact Check-д 2021 онд мэдээлж байсан ба тэрээр “сонгиныг хөлийн уландаа тавих нь Ковид-19, хавдар, хумхаа, эвсэл өөр ямар нэгэн өвчнийг эдгээхгүй” гэж мэдэгдсэн байна.