Хүнсний содын стандартын тэмдэглэгээг өөрчилсөн, харин үйлдвэрлэлийн технологийг өөрчлөөгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #437

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

ГОСТ 32802-2014 тэмдэглэгээтэй бол хуурамч сода гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

ГОСТ 32802-2014 болон ГОСТ 2156-76 тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүд нь яг нэг ижил үйлдвэрлэлийн технологиор үйлдвэрлэгдсэн. Зөвхөн хууль, эрх зүй, бүртгэлийн баримт бичигт өөрчлөлт орсон.

2022 оны 02 дугаар сарын 23-нд Бэбэ Бат-Очир нэртэй хэрэглэгч “Манайхаан! Гадуур худалдаанд хольцтой, хүнсэнд хэрэглэж болохгүй “хүнсний сода- пищевая сода” байна. Ориг сода нь ГОСТ 2156-76 юм шүү” гэх мэдээллийг 2 өөр төрлийн бүтээгдэхүүний дугаартай содыг харьцуулсан зургийн хамт нийтэлсэн нь 276 реакц, 12 сэтгэгдэл авч, 5,211 удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Шалгаж буй мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүн нь хүнсэнд хэрэглэхэд аюулгүй

Энэ төрлийн худал мэдээлэл зөвхөн Монголд төдийгүй бусад оронд ч түгсэнтэй холбогдуулан, хэрэглэгчдийн төөрөгдлийг арилгах зорилгоор ОХУ-ын “Крымийн содны үйлдвэр” Төр, хувийн хэвшлийн хувь нийлүүлсэн компаниас 2021 оны 11 дүгээр сарын 18-нд дараах мэдэгдлийг гаргаж байжээ.

Хүнсний Содын ГОСТ: Хэрхэн Өөрчлөгдөв?
/ГОСТ нь Евро-Азийн Стандарт, хэмжил зүй, гэрчилгээжүүлэх зөвлөлөөс баталдаг олон улсын техникийн шаардлага/

ГОСТ 32802-2014 стандарт буюу “Хүнсний нэмэлт: Натрийн карбонат E500. Техникийн ерөнхий шаардлага” батлагдсанаас хойш цахим орчинд шинэ хүнсний сода бол хор гэх шуугиан дэгдээд байна. Энэ шуугиан нь шинэ сода чанаргүй, хүнд хор нөлөөтэй зэрэг цуурхлыг араасаа дагуулах болсон. Бүтээгдэхүүн дээр өмнө нь “Натрийн гидрокарбонат” гэх шошго байдаг байсан нь одоо “Натрийн гидрокарбонат E500 (ii)” гэж солигдсонд төөрөгдөж буй хэрэглэгчид ч их байна.

  • Оросын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэргэдэх Бүх Оросын хүнсний амтлагч, будаг, хүчил судлалын хүрээлэн “Хүнсний нэмэлт: Натрийн карбонат E500. Ерөнхий техникийн үзүүлэлт” буюу ГОСТ 32802-2014 Олон улсын стандартыг боловсруулжээ

Бүх Оросын хүнсний амтлагч, будаг, хүчил судлалын хүрээлэн нь хүнсний бүтээгдэхүүний биотехнологи болон химийн технологийн салбарын ололт, амжилт, туршлагад суурилан хүнсний нэмэлтийн үйлдвэрлэл болон хэрэглээг судалж, шинжилсээр хагас зууныг өнгөрөөжээ.

2014 оны 06 дугаар сард Армени, Беларусь, Киргизстан, Орос, Тажикистан зэрэг орны төлөөлөгчдөөс бүрдсэн Евро-Азийн Стандарт, хэмжил зүй, гэрчилгээжүүлэх зөвлөлийн шийдвэрээр шинэ стандартыг баталсан.

  • ОХУ-д ГОСТ 32802-2014 стандарт нь 2016 оны 01 дүгээр сарын 01-с эхлэн хүчин төгөлдөр болсон

Крымийн содын үйлдвэр нь 2020 оны 06 сараас эхлэн шинэ стандартыг мөрдөх болсон. Мөрдөж буй стандартад өөрчлөлт орлоо гээд манай бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн технологи өөрчлөгдөөгүй. Зөвхөн хууль, эрх зүйн баримт бичиг болон бүтээгдэхүүний бүртгэлийн хуудас зэрэг өөрчлөгдсөн гэж ойлгож болно.

Иймд хуучин болон шинэ стандартуудыг хооронд нь харьцуулахад бүтээгдэхүүний чанар муудсан гэж хэрэглэгчдэд худал ойлголт түгээх нь буруу.

Шинэ стандарт мөрдөж буй тул хүнс үйлдвэрлэлийн салбарт ашигладаг байсан натрийн гидрокарбонатыг одоо “Натрийн гидрокарбонат E500 (ii)” гэж тэмдэглэж байна.

  • Натрийн гидрокарбонат E500 (ii) тэмдэглэгээтэй содыг ГОСТ 2156-76 содтой яг ижил технологиор үйлдвэрлэсэн

ГОСТ 32802-2014 стандарт нь зөвхөн E500 (ii) тэмдэглэгээтэй содоос гадна:
– E500 (i) Натрийн карбонатын уусмал болон натрийн карбонатын ангидрид (усгүй)
– E500 (ii) Натрийн карбонат болон натрийн карбонатын ангидридын холимог гэх хоёр бүтээгдэхүүнд үйлчилнэ.

Мэдээж мэргэжлийн бус хүмүүс дээрх олон нэршлийн дунд төөрөгдөх боломжтой. Гэвч дээрх бүх сода нь хүнс үйлдвэрлэлийн салбарт хүчиллэг зохицуулагч, сийрэгжүүлэгч, өсгөгч зэргээр ашиглахад аюулгүй.

Хүнсний содыг үйлдвэрлэхэд хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилготой өөр олон төрлийн стандартууд үйлчилж байдаг тул үйлдвэрлэлийн хяналт маш нягт, нарийн байдаг.

Иймд та бүхэн Крымийн содны үйлдвэрийн ГОСТ 32802-2014 содыг итгэл дүүрэн хэрэглэж болно” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

One Response

  1. Энэ хүнсний соданы талаар маш тодорхой мэдээлэлийг ЮТУБ дээрээс авсан шүү! Та нар тэгээд шинжлээд шалгачих вуу? Тэр шалгасан тухай хүнсэнд хэрэглэж болно гэсэн албан ёсны баримтаа явуулчих!

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document