2026 оны 01 дүгээр сарын 23-нд Мишээл экспод зохион байгуулж буй цагаан сарын үзэсгэлэн худалдааны үеэр иргэдэд цахим залилангаас сэргийлэх мэдээлэл өгч, сургалт, асуулт хариултын уралдаан өрнүүлэх зэргээр олон нийтийн идэвхтэй оролцоотой өдөрлөг боллоо.

Монголын баримт шалгах төв нь Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр тав дахь жилдээ ажиллаж байна. Энэ нь Facebook, Instagram, Threads платформд түгж буй хуурамч мэдээлэлд баримтын шалгалт хийж, тухайн мэдээлэлд “худал”, “төөрөгдүүлсэн”, “эвлүүлэг” зэрэг тэмдэглэгээ зүүж, үзэгдэлтийг бууруулахын зэрэгцээ шэйрлэсэн хэрэглэгч бүрд бүрэн дүүрэн, нэмэлт мэдээллийг уншуулахаар холбоос илгээдэг автоматжуулалт юм.
Монголбанк, ЦЕГ, Монголын банкны холбоо хамтран орон даяар өрнүүлсэн “Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд тус төв нь залилангийн мэдээллүүдийн үзэгдэлтийг бууруулж, олон хүнд хүрч хор хөнөөл учруулахаас сэргийлэх чиглэлээр ажиллажээ. Хоёр сарын хугацаанд нийт 731 залилангийн пост, лайв бичлэгт тэмдэглэгээ зүүж, үзэгдэлтийг бууруулсан байна. Жишээлбэл, “Хусдаг сугалаа” гэх лайв бичлэгт анхны удаад 500-4000 гаруй хүн идэвхтэй үзэж, сэтгэгдлээр оролцсон тухайгаа бичиж, 100-аас дээш шэйрлэн түгээдэг байсныг Монголын баримт шалгах төвийн ашигладаг автоматжуулалтаар бууруулсны дараа 2-10 бодит хүн үзэж, сэтгэгдэл бичиж, оролцох хүнгүй болдог байна. Үүний цаана олон өөр хаягаас явуулдаг сугалааны лайвууд, банк, санхүүгийн байгууллагын нэр барьсан “азтан болсон тул хувийн мэдээллээ бөглө” гэж шаарддаг залилангийн постууд болон олны танил хүн, байгууллагуудын нэр барьсан хуурамч мэдээллүүд гээд залилангийн санаархалтай мэдээллүүдийг бууруулж байна.
Мета компанийн хуурамч мэдээллийг бууруулах алгоритмын ажиллагаагаар тухайн түгээсэн постыг хуулбарлан түгээсэн, хуурамч зургийг ашигласан тохиолдол бүрд нөлөөлж, автоматаар хязгаарлалт хийдэг байна.
Түүнчлэн “Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд Монголын банкны холбооны дэмжлэгээр хуурамч мэдээллийн эсрэг “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний гишүүн редакцуудын дунд залилангийн эсрэг нийтлэл, нэвтрүүлгийн төслийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, itoim.mn, ub.life, Дорнод дата гурван байгууллага шалгарсан юм. Шалгарсан редакц тус бүр 5 сая төгрөгийн дэмжлэг авч, олон нийтэд цахим залилангийн эсрэг мэдээлэл хүргэн ажиллаж байна.



