Хуурамч пэйжүүд “Бэлэг тарааж байна” гэх худал мэдээлэл түгээж хандалтаа өсгөдөг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #443

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Samsung брэндийн ойн баярыг тохиолдуулан бэлэг тарааж байна гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч хаягаар агуулгын зөрчилтэй худал мэдээлэл түгээсэн байна.

2023 оны 02 дугаар сарын 20-нд Samsung fans нэртэй пэйжид “Бүгдээрээ сайн уу .
@SAMSUNG-ийн 36 насны төрсөн өдрийг тохиолдуулан 375 ширхэг утсыг хайрцганд нь бага зэрэг зурааснаас болж зарагдах боломжгүй санамсаргүй байдлаар тарааж байгааг дуулгахад таатай байна. Хүссэн өнгийг оруулна уу” гэх пост оруулсан нь 02 дугаар сарын 28-ны байдлаар 1.8 мянган реакц, 6 мянган сэтгэгдэл авч, 4.6 мянган удаа цааш хуваалцсан байна.

Factcheck: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хаяг, агуулгыг нягтлах

Ихэнх олон улсын брэндийн албан ёсны пэйж хуудас баталгаажуулсаныг илтгэх цэнхэр тэмдэглэгээтэй байдаг. Шалгаж буй мэдээллийг нийтэлсэн пэйж баталгаажуулсан тэмдэггүй байна.

Мэдээллийг нийтэлсэн пэйжийн танилцуулгад пэйжийн ангиллыг “Үл хөдлөх хөрөнгө” гэсэн байна. Олонд танигдсан электрон бараа, технологийн брэндийн пэйж хуудас ямар нэг зураггүй, холбогдох утасны дугаар, и-мейл хаяг зэрэг мэдээлэл байхгүй байна гэдэг хуурамч гэж сэжиглэх үндэслэл мөн. Пэйжийн нээлттэй мэдээлэл хэсэгт 02 дугаар сарын 20-нд үүсгэсэн гэжээ.

Олон улсад нэр хүнд бүхий байгууллага ойн баярын урамшууллаа 1.1 мянган дагагчтай, албан хаяг хөтлөлт байхгүй пэйжээр явуулахгүй. Дээр дурдсан шинжүүдээс үзэхэд эх сурвалжийг хуурамч гэж үнэлэж болохоор байна.

Samsung.com сайтаас Монгол улс дахь албан ёсны олон нийттэй харилцах сувгуудыг харах боломжтой. Албан ёсны вэбсайт болон пэйжийн алинд нь ч ойн баяр, утас тараах зэрэг мэдээллийг ойрын хугацаанд нийтлээгүй байна.

Брэндийн албан ёсны сайт дахь танилцуулгад Samsung брэнд анх 1969 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэжээ. 2023 онд Samsung брэндийн 54 жилийн ой тохиох атал шалгаж буй мэдээлэлд 36 гэж зөрүүтэй мэдээлжээ.

Ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад Galaxy m11 утас гарч байх үе буюу 2020 оны үеэр цахим сүлжээнд тархаж байсан зураг байна. Уг зургийг хандалтыг нь хязгаарласан хэд, хэдэн сайтад мөн байршуулжээ.

Ашигласан зураг, хаяг хөтлөлт, постын агуулгын зөрчил зэрэг нь уг мэдээлэл худал болохыг илтгэж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document