Search

Румыны сонгуульд ТикТок дахь Оросын хаягууд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн, үр дүнг цуцаллаа 

Зургийн эх сурвалж: Babu

Өнгөрсөн баасан гарагт Румыны Үндсэн хуулийн шүүх тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг цуцалсан шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр нь өнгөрсөн лхагва гарагт Румыны ерөнхийлөгч Клаус Иоханнисын зүгээс Телеграм, TикТок зэрэг платформд олон мянган хаяг сонгуульд нэр дэвшсэн Кэлин Жоржескуг дэмжин зохион байгуулалттай мэдээлэл түгээсэн гэх тагнуулын мэдээллийг танилцуулсантай холбоотой юм. 

Хэдийгээр мягмар гарагт буюу 12 дугаар сарын 02-нд Румыны Үндсэн хуулийн шүүх сонгуулийн үр дүнг баталгаажуулан хоёр дахь шатны сонгууль явуулахаар шийдвэрлэсэн ч ерөнхийлөгч Клаус Иоханнисийн танилцуулсан мэдээллийн улмаас шийдвэрээ эргэн харахад хүрсэн байна.  

Тус тагнуулын мэдээллийг Румыны Тагнуулын алба, Гадаад тагнуулын алба, Тусгай харилцаа холбооны алба болон Дотоод хэргийн яамнаас бэлтгэсэн ба тус мэдээлэлд дурдсанаар Кэлин Жоржеску үл мэдэх этгээдээс 1 сая евро авсан болон Оросыг дэмжигч хаягууд Телеграм, ТикТок зэрэг аппликейшнд Жоржескүг дэмжсэн мэдээлэл түгээснийг анхааруулсан байна.  

Мөн тагнуулын мэдээлэлд 381,000 ам.долларын шилжүүлгийг нэг ТикТок хаяг 10 дугаар сарын 24-ноос хойш нэг сарын хугацаанд Жоржескуг дэмжсэн хаягууд руу шилжүүлсэн хэмээснийг BBC мэдээлсэн ба энэ нь Румыны хууль болон ТикТокын журмын дагуу зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа юм. 

Харин Жоржеску дээрх мэдээллийг няцаан санхүүжүүлэгч болон инфлүэнсэрүүдийн тухай мэдэхгүй хэмээсэн байна. 

Румыны ээлжит ерөнхийлөгчийн сонгуулиар Кэлин Жоржеску 23% орчмын санал авсан бол түүний дараа Елена Ласкони 19.17%-ийн санал авч хоёрдугаарт жагссан байна. Хоёр нэр дэвшигчээс хэн нь ч олонхын санал аваагүй учир 12 дугаар сарын 08-нд болох байсан дараагийн шатанд хоорондоо өрсөлдөх байсан юм. Одоогоор ерөнхийлөгчийн сонгуулийг дахин товлосон шийдвэр гараагүй байна. 

Шүүхийн шийдвэрийн талаар нэр дэвшигч Жоржеску “албан ёсожсон төрийн эргэлт” гэж мэдэгдсэн бол Ласкони энэ шийдвэр нь “ардчиллын гол амин сүнсийг дэвсэлж байна” гээд “хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл” хэмээн тодорхойлсон тухай BBC мэдээлсэн байна 

ТикТокын Төв болон Зүүн европын засгийн газрын харилцаа хариуцсан захирал Якуб Олек 11 дүгээр сарын 28-нд Румыны Ziarul Financiar вэбсайтын мэдээлснээр “Манай платформд Румыны сонгуультай холбоотойгоор гаднын эсвэл далд нөлөөллийн ажиллагаа сүүлийн долоо хоногуудад болсон тухай баримт олоогүй” хэмээн мэдэгдсэн байна. 

12 дугаар сарын 05-нд Европын Комисс ТикТокыг сонгуультай холбоотой датаг царцаахыг үүрэг болгосон ба ТикТокоос сонгуулийн дараах үйл явдалтай холбогдуулан 12 дугаар сарын 07-нд гаргасан мэдэгдэлдээ “Европын комисстой хамтран ажиллаж байгаа”-гаа мэдэгдэн Румын дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа онцолсон байна. 

Европын Комисс мэдэгдэлдээ Румыны ерөнхийлөгчөөс гаргасан тагнуулын мэдээллийг эшлэн одоогийн байдлаар Европын Холбооны хууль, журамд нийцсэн эсэхийг судалж байгаа ба ТикТокыг Digital Services Act (DSA) буюу Европын Холбооноос сошиал медиа, технологийн платформуудын үйл ажиллагааг зохицуулсан хуулийг зөрчсөн эсэх талаар дүгнэлтэд хүрээгүй байгааг илэрхийлсэн байна. 

Кэлин Жоржеску нь Украины дайн болон НАТО, Европын Холбоо зэргийг шүүмжлэлтэй хандаж байсан зэрэг нь Оросыг дэмжигч хэмээн цоллогдоход хүргэсэн ба тэрээр 12 дугаар сарын 04-нд Reuters-д өгсөн ярилцлагадаа Украиныг “дэмжих боломжгүй” хэмээн мэдэгдэж байжээ. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document