Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон түүний дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс Оросыг дэмжсэн хуурамч мэдээлэл, нарративын талаарх хамгийн сүүлийн үеийн судалгаагаа танилцуулахад таатай байна. Энэхүү судалгаа нь Монгол дахь Оросын нөлөө тэр дундаа Оросыг дэмжсэн нарратив буюу өгүүлэмж нь мэдээллийн орчинд хэрхэн тархаж, ямар байр суурь эзэлж байгааг тодруулах зорилготой юм.
Монгол Улс нь интернэт болон сошиал медиа хэрэглээ ихтэй улсуудын нэг бөгөөд сошиал медиа дахь зохицуулалт, иргэдийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол сул байдгаас аливаа мэдээллийн манипуляцад өртөх, автах эрсдэл өндөр байдаг. Бид энэхүү судалгаагаар дамжуулан гаднын зохион байгуулалттай хуурамч мэдээллийн ажиллагаа болоод Монгол дахь хуурамч мэдээллийн судалгааны санд хувь нэмэр оруулахын зэрэгцээ хортой хуурамч мэдээллийн талаарх нийгмийн хэлэлцүүлгийг дэмжихийг зорьсон.
Судалгааны гол ололтууд:
Бид монголчуудын дунд хамгийн өргөн хэрэглэгддэг сошиал медиа платформ болох Facebook-т Оросыг дэмжсэн мэдээллийг тогтмол түгээдэг 16 хаяг, үүнд хувь хүний хаягууд болон эзэмшигч нь тодорхойгүй пэйжүүдийг сонгон авч 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх постыг үндсэн дата болгосон.
Судалгааны дата: 16 хаягийн 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх 16,622 пост
Судалгааны дата цуглуулалт: Датаг нээлттэй хэрэглүүр ашиглан цуглуулж хаягуудын постын контент, линк, хандалтын (like, share, comment) мэдээллийг судалгаандаа ашигласан.
Судалгааны хязгаарлагдмал байдал:
- Хэдийгээр судалгааны хүрээнд хиймэл оюун ухааны технологийг ашиглан илүү олон хаягийг хамруулахыг зорьсон боловч хэтэрхий их дата, хиймэл оюун ухаан дахь монгол хэлний хязгаарлагдмал хэрэглээ зэргээс шалтгаалан судалгааны үндсэн датаг хязгаарласан нь өргөн хэмжээнд дүгнэлт хийхэд хангалттай бус байж болно.
- Судалгааны үндсэн дата ангиллыг гар аргаар буюу пост тус бүрийг урьдчилан таамагласан сэдвүүдийн дагуу ангилсан нь судалгааны үндсэн датад төөрөгдөл (bias) болон гажуудал (distortion) үүсгэх эрсдэлтэй.
- Судалгааны хүрээнд Оросыг дэмжсэн хаягуудын харилцан хамаарал, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлохыг зорьсон боловч үндсэн дата нь энэхүү сүлжээг тодорхойлоход хангалтгүй байсан.
Голлох нарративууд: Судалгааны эцсийн дата ангилалын дагуу Оросыг дэмжигч хаягуудын дунд хамгийн идэвхтэй түгсэн сэдэв нь Оросын эдийн засаг, улс төр, соёлын ололт амжилтууд болон тус улсын Монголын түүхэн дэх оролцоог онцолсон агуулгууд (841 пост) хамгийн өндөр байр суурийг эзэлж байсан ба удаах нь Украины дотоод хэрэг болон Орос-Украины дайнтай холбоотой Оросыг дэмжсэн агуулгуудыг (677 пост) түгээсэн байна. Эдгээр нь олон улсад Оросыг дэмжсэн онлайн хаягуудын түгээдэг нийтлэг сэдвүүдтэй давхцаж буй юм.
Онцлог нарративууд: Дээрх сэдвүүдээс гадна Оросыг дэмжигч хаягууд Хятадыг эсэргүүцсэн буюу хятадуудыг үзэн ядах, ялгаварлах агуулгуудыг түгээж байсан ба Орано компани болон Монголын Засгийн газрын хоорондын уран олборлох гэрээний тухай хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцээд уран олборлолтыг эсэргүүцсэн постууд ихээхэн түгээсэн байна. Хэдийгээр Хятадыг дэмжсэн постуудыг сонгогдсон хаягууд түгээж байсан ч харьцангуй бага байсан юм. Мөн Халзан бүрэгтэй орд дахь үйл ажиллагааг эсэргүүцсэн болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагыг дэмжсэн агуулгууд их байхыг таамаглаж байсан боловч судалгааны үр дүнд тэдгээр сэдвүүд нь өндөр байр суурь эзлээгүй байна.
Үйл явдалтай холбоотой идэвхжлүүд: 2024 оны Улсын Их Хурлын сонгууль, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол дахь айлчлал, хүний папиллома вирусын эсрэг вакцинжуулалт болон уран олборлолтын асуудал яригдаж эхэлсэн үетэй зэрэгцээд Оросыг дэмжсэн хаягуудын өндөр хандалт авч байсныг бид судалгааны үр дүндээ харуулсан.
Онцлох кэйсүүд: Таамагласан нарратив сэдвүүд буюу Оросыг дэмжсэн, Хятадыг эсэргүүцсэн, Хуйвалдааны онол, Украины дайн гэх мэт сэдвүүдэд харгалзуулсан өндөр хандалттай, онцлох хуурамч мэдээллийн жишээг сонгон авч шинжилсэн ба эдгээр нь Оросыг дэмжсэн хаягуудад хортой, өндөр хандалттай хуурамч мэдээлэл түгээж байсныг илтгэж буй юм.
Бид энэхүү судалгаагаар дамжуулан хуурамч мэдээлэл үүнд гаднын зохион байгуулалттай хуурамч мэдээллийн ажиллагаа, нарратив Монголын улс төр, нийгмийн хэлэлцүүлэгт нөлөөлж буй явдалд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байгаа ба энэ чиглэлд үргэлжлүүлэн судлах шаардлагатайг анхааруулж буй юм. Үүнд:
- Хуурамч мэдээллийн нөлөөнд өртсөн нийгмийн бүлэг, хүмүүсийг тодорхойлох, цаашлаад урт хугацаанд хуурамч мэдээллийн нөлөө, зохион байгуулалттай үйл ажиллагааны динамикийг судлах
- Оросыг дэмжсэн хаягуудын тодорхой үйл явдлуудын үеэрх мэдээлэл түгээсэн байдал цаашлаад гаднын нөлөөллийг нарийвчлан судлах, үүнд сонгууль, төрийн шийдвэрүүд гэх мэт
- Онлайн мэдээллийн сувгуудын харилцан хамаарал, мэдээлэл түгээх зохион байгуулалтын хэлбэр байгаа эсэхийг судлах шаардлагатай юм.
Disclaimer: Энэхүү судалгааг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Дойче Велле Академийн дэмжлэгтэй хийсэн ба Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон дэргэдэх Монголын баримт шалгах төв нь энэхүү судалгааны аливаа агуулга, дүгнэлтийг хариуцах бөгөөд Дойче Велле Академи болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны аливаа байр суурийг илэрхийлэхгүй болно.
Судалгааг дараах линкүүдээр дамжуулан англи болон монгол хэлээр татна уу.


