Хэрвээ та манайхыг дагадаг, түгээж буй мэдээллийг маань тогтмол уншдаг бол Post-Fact подкастыг хэдийн үзсэн байж магадгүй. Бид хамгийн эхний дугаараараа Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг (Third-party Fact-checking Program) АНУ-д зогсоосон тухай, post-fact буюу үнэний дараах нийгэм Монголд бий болсон эсэх, Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” номд өгүүлсэн сэтгүүлчийн үүрэг, тэдний нийгэмд гүйцэтгэх үүргийн үнэ цэний талаар ярилцсан. Харин хоёр дахь дугаарт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Оюун-Эрдэнэтэй агаарын бохирдлыг шийдвэрлэхэд Засгийн газар, олон нийтийн зүгээс хэрхэн хандах талаар ярилцсан.
Бид цахим орчин дахь хуурамч мэдээллийг бууруулах, түгээх учир шалтгаан, мөчлөг, эх сурвалжуудыг тогтоож тав дахь жилдээ ажиллаж буй туршлага, судалгааны дата мэдээлэлдээ тулгуурлан, зайлшгүй хүргэх шаардлагатай сэдэв агуулгуудыг томьёолж, олон нийтэд баримтад түшиглэсэн баталгаатай мэдээлэл өгөх зорилгоор энэхүү подкастаа эхлүүлсэн.
Улам бүр эмх замбараагүй болж буй өнөөгийн мэдээллийн орон зайд баримттай, цэгцтэй, ул суурьтай мэдээлэл ховордож, нийгмийн хэлэлцүүлгийг залуурдах, өөрөөр хэлбэл олон нийтийг хүссэн тал руугаа ханаруулахад зохион байгуулалттай мэдээллийн манипуляц хийх нь түгээмэл үзэгдэл болоод байна. Улс төрийн зөрчилдөөн, сошиал медиа дахь анхаарал сарниулсан сенсацаас эхлээд технологийн компаниудын бодлогын өөрчлөлтүүд хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой байдал, олон нийтийн хандлагад нөлөөлсөөр байна.
2018 онд Gallup, John S. болон James L. Knight сангийн АНУ-д хийсэн судалгаагаар оролцогчдын 60 орчим хувь нь мэдээлэлтэй байхад улам хүнд болж буйг онцолсон ба улс төрийн үзэл суртлын зөрчилдөөн, өрөөсгөл хандлагаас үүдэн, яг юу нь үнэн бодит баримт, юу нь худал мэдээлэл гэдгийг ялгахад төвөгтэй болж байгааг тайлбарласан байна.
Үүнтэй зэрэгцээд Мета компани буюу Facebook, Instagram, Threads платформыг эзэмшигч хэвлэл мэдээллийн байгууллагуудын сошиал медиагаас авах хандалтыг бууруулах өөрчлөлтүүдийг сүүлийн жилүүдэд хийж байгаа. Энэ үйл явцад нэмж өнгөрсөн нэгдүгээр сарын 07-нд тус компанийн захирал Марк Зукерберг контент зохицуулалтаа сулруулж, Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг АНУ-аас эхлэн зогсоохоо мэдэгдсэн.
Хэдийгээр энэ шийдвэрт Монголын баримт шалгах төв Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн түншийн хувьд өртөөгүй ч баримт шалгагчид болон баримттай мэдээлэл түгээх орон зай хумигдаж байгааг судлаачид сануулж байна.
Манай төв дээрх өөрчлөлтийг харгалзан олон нийт, уншигчдадаа илүү ойртож ажиллан, нийгмийн янз бүрийн бүлгүүдэд хүрэхээр олон төрлийн контент, хөтөлбөрүүдийг хүргэхээр зорьж байгаа билээ. Post-fact буюу post-truth гэх үг нь 2016 онд Оксфордын толь бичгийн оны үгээр тодорхойлогдон, “үнэний дараах” буюу баримт, үнэн мэдээлэл олон нийтийн санаа бодлыг тодорхойлохоо больж, сэтгэл хөдлөл, хувийн явцуу итгэл үнэмшил давамгайлан, нийгмийн үйл явцыг чиглүүлж буйг онцлоод, АНУ дахь сонгууль, Брекситийн санал асуулга зэргийг жишээ болгон анхааруулсан юм.
Гэхдээ энэ үг нь зөвхөн дээрх утгаар хязгаарлагдахгүй бөгөөд бидний харж буй нийгмийн үзэгдлүүдийг илүү тайлбарлах боломжтой юм. Тодруулбал,
- Эхний үзэгдэл нь хүмүүс сэтгэл хөдлөлөөр худал мэдээлэлд итгэж, хохирох эрсдэл бий болж байна.
- Хоёр дахь шинж нь батлагдсан үнэн мэдээлэл улстөрчид, “эксперт”-үүдийн манипуляцад орж, нийгмийн гишүүд итгэх итгэлгүй болох явдал юм.
- Гурав дахь шинж нь улстөрчид, эрх мэдэлтнүүд худал хэлсэн, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн хэр нь ичиж, санаа зовохоо больж, нэр хүндээрээ хохирохгүй үлдэх үзэгдэл ихэснэ.
Цаашлаад энэ нь туйлширсан үзэл, нийгмийн хуваагдлыг өдөөж, мэдээллийн вакумжсан орон зайг үүсгэх сөрөг нөлөөтэй юм.
Ийм тектоник өөрчлөлт, глобал үзэгдлийг сануулахын зэрэгцээ бид сөрөх ёстой гэдгээ зарлаж, подкастаа Post-Fact хэмээн нэрлэсэн юм. Олон нийт, уншигчдадаа өнөөгийн нийгмийг тодорхойлж буй үйл явдал, сэдвүүдийн цаана үлдсэн, хэлэлцэгдээгүй чухал асуудал, шийдлийг зочидтойгоо ярилцахаар шийдсэн.
Бид подкастаараа дамжуулан аливаа сэдэв, үйл явдлын талаар илүү бүрэн, илүү найдвартай мэдээлэлтэй уншигч, үзэгчдийг нэмэгдүүлэхээр экспертүүд, үйл явдлын оролцогчдыг урин ярилцах болно. Аливаа сэдэв, үйл явдлыг хөндөөд өнгөрөх биш хамгийн чухал мэдээллийг задлан дэлгэрэнгүй ярилцаж, таниулахыг зорих болно.
Мөн баримт шалгах байгууллагын хувьд бид зөвхөн онлайн орчин дахь хуурамч мэдээлэлд баримт шалгалт хийгээд зогсохгүй олон нийтэд түгээж буй бүх контентдоо үнэн бодит мэдээлэл түгээхийг эрхэмлэдэг (манай редакцын бодлоготой эндээс танилцаарай). Бид энэ зарчмаар подкастдаа баримт шалгах ажиллагааг мөрдөн аливаа баримтын алдаа, тодруулга, нэмэлт эх сурвалжуудыг контентын тэмдэглэл хэсэгт тайлбарлан бичсэн байх болно.
Ш.Билгүүн (Post-Fact подкастын хөтлөгч)