“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу 37 дахь удаагийн номын баяр тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.
Монголын баримт шалгах төвөөс эрүүл мэндийн хуурамч мэдээллийн эсрэг аян өрнүүлж байгаа билээ. Номын баярын үеэр хуурамч мэдээллийн талаар сургалт орж, асуулт хариултын уралдаан зохион байгуулан, гурван өдрийн турш мэдээллийн асар хөл хөдөлгөөнтэй өнгөрсөн юм. Мөн энэ үеэр Гишүүнчлэлийн хөтөлбөрөө танилцуулж, олон нийтийн дэмжлэг, санал зөвлөмж авч, хүрээллээ улам тэлсэн юм. Иргэд баримт шалгах төвийн талаар мэддэг, дэмжихийг хүсдэг гэдгээ илэрхийлж, мерч бүтээгдэхүүнээс худалдан авч, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нь талархууштай байлаа.

Дөрвөн удаагийн сургалтад нийт 50-60 хүн хамрагдаж, хуурамч мэдээллийн талаар ойлголттой болсон.
Эрүүл мэндийн хуурамч мэдээллийн эсрэг нэхүү аяны хүрээнд батлагдаагүй эмчилгээний арга, хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таних болон эмч, мэргэжлийн хүмүүст хандаж эрүүл мэндийн зөвлөгөө авахыг уриалж, найдвартай эх сурвалжуудыг таниулах зорилгоор мэдээлэл бэлтгэн ажиллаж байна. Мөн баримт шалгалтын ач холбогдлыг ойлгуулахаар мэдээллийг нягталж, эх сурвалжийг баталгаажуулах, агуулгаар хайх зэрэг аргыг хуваалцлаа.

“БаримТАд НЭГД” сургалтад оролцогч Б.Эрдэнэцэцэг “Мэдээллийн эрин зуун гэгдэх энэ үед маш олон төрлийн мэдээлэл түгж байдаг. Бүх мэдээллийн эсрэг бид тэмцэж чадахгүй. Тийм учраас хувь хүн өөрийгөө хамгаалах ёстой юм байна гэдгийг ойлголоо. Тоо томшгүй мэдээллээс аль нь зөв, аль нь хуурамч гэдгийг мэдэх ур чадвартай болох хэрэгтэй. Рекламдсан болгон сайн биш гэдгийг өнөөдрийн сургалтаас ойлголоо” гэлээ.
“БаримТАд НЭГД” сургалтад оролцогч Ч.Ариунзаяа, “Цар тахлын үед фэйсбүүкээр “нэг удаагийн маск өттэй” гэх мэдээлэл түгж, олон хүн хуваалцаж байсан. Төд удалгүй уг мэдээлэл хуурамч гэдгийг баримтаар шалгаж, залруулсан байсан. Тэр үед хүмүүс аливаа мэдээллийг анхны сэтгэгдлээр хуваалцдаг юм байна гэдгийг анзаарсан. Цахим орчинд улс төрийн пропаганда, манипуляц зэрэг иргэдийн тархийг угаах маш олон мэдээлэл түгдэг. Хүмүүс тэдгээр мэдээлэлд нь шүүлтүүргүйгээр, хэт нэг талыг бариад итгээд байдаг. Харин үүнийг шалгаж, мэдээлдэг байгууллага байгаа нь авууштай санагдлаа. Хуурамч мэдээллийг таньж чаддаг хэрсүү, мэдээллийн дархлаатай нэгэн байгаарай гэж хэлэхийг хүсэж байна. Монголын баримт шалгах төвийг дагаж баримттай, зөв мэдээллийг авч байгаарай” гэсэн юм.

Дээрх сургалтаас гадна баримт шалгалт, байгууллагын үйл ажиллагааны талаар 500 гаруй хүнд мэдээлэл хүргэж ажиллалаа. Мөн мэдээллийн боловсрол, ерөнхий мэдлэгийг шалгасан асуулт хариултын уралдаанд 150 гаруй хүн оролцсон байна. Эдгээр үйл ажиллагаа нь олон нийтийн оролцоог дэмжиж, идэвхжүүлэхэд чиглэсэн бөгөөд хамрагдсан хүмүүсийн эерэг сэтгэгдлээр дүүрэн байлаа.







Зургийн тайлбар : Эрүүл мэндийн хуурамч мэдээллийн “БаримТАд НЭГД” аяны асар дахь сургалт, үйл ажиллагааны үеэр
Эрүүл мэндийн хуурамч мэдээлэл нь цахим орчинд олон давтамжтай түгээгдэж жирийн мэдээллээс гурав дахин өндөр хандалт цуглуулдаг. Үүнээс үүдэн эрүүл мэнд, санхүү цаашлаад сэтгэл зүйгээрээ ч хохирох эрсдэлтэй тул эрүүл мэндийн аливаа мэдээлэлд нухацтай хандаж, бүтээгдэхүүний баталгаатай байдлыг хянаж хэвшээрэй.
Эрүүл мэндийн хуурамч мэдээллийн эсрэг “БаримТАд НЭГД” аяны гарын авлагыг эндээс үзнэ үү.