Өнгөрсөн ням гараг буюу долоодугаар сарын 06-ны өдөр Монголын баримт шалгах төвөөс баримт шалгалтын хөгжөөнт тэмцээнийг “Playtime Festival 2025” хөгжмийн наадамд оролцогчдод зориулан амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь нээлттэй явагдсан бөгөөд асуулт хариултын уралдаанаас гадна бид баримт шалгах хэрэглүүр, үйл ажиллагааныхаа талаар танилцуулан мэдээлэл түгээлээ.
Энэ хүрээнд хиймэл оюун ухаан буюу AI-аар бүтээсэн дүрс, бичлэгийг хэрхэн таних талаар мэдээлэл түгээсэн. Технологийн хөгжил нэмэгдэхийн хэрээр хиймэл оюун ухаанаар контент бүтээх нь илүү хялбар болсон. Гэвч гол асуудал нь зохиомол аргаар бүтээсэн үйл явдал, дүрийн мэдээллийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээж, хуурамч мэдээлэл түгээж буй явдал юм. Өдөр ирэх тусам шат ахин хөгжиж буй хиймэл оюуны технологиор бодит байдлаас ялгагдахын аргагүй зураг, бичлэг, аудио зэргийг бүтээж байна. Ийм хиймэл оюунаар бүтээсэн контентыг худал тайлбартай түгээх нь олон нийтийн санаа бодолд нөлөөлж, төөрөгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс бид энэ удаагийн үйл ажиллагаандаа голчлон хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг таних, хэрхэн шалгах аргазүйг онцолсон юм.
Мөн бидний зохион байгуулсан асуулт хариултын уралдаанд 50 орчим хүн идэвхтэй оролцож, өөрсдийн мэдлэг, логик сэтгэлгээг сорьсон байна. Тэмцээний төгсгөлд хамгийн олон асуултад зөв хариулсан оролцогчдыг шалгаруулж, дурсгалын шагнал, урамшуулал гардуулсан. Оролцогчийн зүгээс баримт шалгахын ач холбогдлыг ойлгож, AI хэрэглүүртэй танилцсандаа сэтгэл хангалуун байснаа илэрхийлсэн нэгэн зугаатай мөчийг өнгөрүүллээ.








