Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаан хугацааны дараа “Лхагвын тойм” шууд нэвтрүүлэгт ам нээсэн нь хэвлэлийнхэн нэгдэж нээлттэй ил захидал хүргээд ч үг хэлүүлж чадаагүй “амаргүй” цаг хугацаанд цэг тавьж, сэтгүүл зүйн “нуруу тэнийх” шиг боллоо. Хамгийн өндөр төсөвтэй, хамгийн удаан засагласан Ерөнхий сайд асныхаа ярилцлагыг зөвхөн манай салбарынхан гэлтгүй улс даяараа амьсгаа даран үзэж, нийгмийн сүлжээнд өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байна. Зарим нь түүний урд хойноо гишгэх мэт үсчсэн ярианд залхан бүүвэйлэгдэж, зарим нь түүн шиг “тэмдэглэл хөтөлж”, зарим нь цахим сүлжээнд пост шүршсээр ямар ч байсан ард нь гарав бололтой. Хэлэлцүүлгийн орчинд эерэг сөрөг шүүмж, дотоод гадаад троллчид, органик үзэгчид гээд ёстой л “үнэг, чоно цөм байсаан” гэдэг дуу шиг л юм боллоо.
Харин ярилцлагын дараа өрнөх улс төрийн нүүдэл талуудын эрх ашгийн үүднээс цул агуулгаар бүлэглэн нэгдэж, заримдаа хэт нэг талыг барьсан манипуляц, хуурамч мэдээлэл бэлтгэж, янз бүрээр илрэх магадлалтай тул харьцангуй богино хугацаанд буюу 16 цагийн дараах байдлаар зарим үзүүлэлтэд анализ хийснээ хүргэе.
Ярилцлагын ерөнхий тойм, гол агуулгууд
Ярилцлагын оршил хэсэгт сэтгүүлч Г.Лхагвадорж түүнтэй ярилцах санал тавьж удаан хүлээсэн тухай дурдаж, Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа олон асуудлын талаарх “шаардлагатай бол нэрсийг зарлана” хэмээж байсан мэдэгдлүүдийг үзүүлснээр ярилцлагаа эхлүүлсэн нь шууд дайралт гэж үзэж болохоор нөхцөл үүсгэсэн. Түүний хариуд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаас эхлээд, Хөгжлийн банкны зээл, ЖДҮ-ийг дэмжих сан, Боловсролын зээлийн сангийн талаар нэр устай нь зарлаж, цахимжуулсан гэж хариулсан. Харин сэтгүүлч Г.Лхагвадоржийн хувьд энэ олон үйл явдалд нэр зарлагдаагүй (тодорхой хэмжээнд) гэж үзэж буйгаа хэлээд, ярилцлагын зарчмаа ийм “бөөрөнхий” биш болохыг сануулав.
Улс төрийн маргаан:
Өнгөрсөн намраас хойш өрнөсөн МАН-ын дотоод зөрчил институцын хямралын хэмжээнд хүрсэн гэж олон нийт ойлгож байв. Гэтэл 2025 оны намраас ч биш 3-4 жилийн өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа одоогийн Ерөнхийлөгч ажлаа өгөөд буцаж намын дарга болохтой холбоотойгоор эхэлсэн улс төр үргэлжилсээр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-аас хөөх хүртэл өрнөсөн нь ЕС асан Л.Оюун-Эрдэнэд цочирдмоор байсан тул хэвлэлд ам нээхээр шийдсэн гэжээ. Тэрээр МАН залуучуудаа шахах бодлого баримталж байна гэж үзэж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийн эсрэг байр суурьтай гэдгээ илэрхийлсэн. Цаашлаад МАН-ын дотоод зөрчил нь парламентын ардчилалд хор учруулж, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд хүргэх эрсдэлтэй гэдгийг яриандаа олон удаа давтаж байсан юм.
Орлогоо нотолсон:
Мөн 2025.07.23-нд АТГ-аас түүний хүү, бэртэй холбоотой их хэмжээний мөнгө нь хууль ёсны гэдэг дүгнэлт гаргасан учраас орлогоо нотолж чадсан гэж хэлсэн бөгөөд харамсалтай нь АТГ 14 хоногт хийж болох байсан дүгнэлтийг гаргахгүй байсаар Засгийн газар огцорсон гэдгийг онцолж байлаа.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдлийн давхцал, парламентын ардчилал:
Ерөнхийлөгчийн эрх мэдэл, Засгийн газрын эрх мэдэл үеийн үед зодолдсоор ирсэн ба хэрэв энэ байдал даамжирсаар байвал “импичмент” (албан тушаалаас нь хууль ёсоор огцруулах парламентын процесс) хийхэд бэлэн тухай хэлсэн.
- Ерөнхийдөө эрх мэдлийн хяналт тэнцлийн асуудал, геополитикийн эмзэг байршилд оршдог манай улсын хувьд парламентын ардчиллаа хамгаалах нь яагаад чухал болох талаарх агуулга ярилцлагын дийлэнх хувийг эзэлж байлаа.
Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцорсон шалтгаан:
Тэрээр орлогоо нотолж чадаагүй, түүний Засгийн газрын үйл ажиллагаанд олон нийт сэтгэл ханамжгүй байсан зэргээс биш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй таарахаа больсон нь түүний Засгийн газар огцорсон хамгийн том шалтгаан гэж тайлбарласан.
Нүүрсний хулгай ба Б.Энхбаяр:
Хөгжлийн банкны сонсголыг сайн удирдсан учраас тухайн үед Б.Энхбаяраар нүүрсний сонсголыг удирдуулах болсон. Гэсэн ч нүүрсний сонсгол дээр Б.Энхбаяр Бодь групптэй холбоотой хэсгийг нууж, Бор тээгийн асуудлаар халхалж байсан нь одоо харагдаж байгаа ба энэ нь Бодь группээс авсан 500 мянган ам.доллартаа үйлчилж байсныг илтгэж буй талаар энэ хэсэгт ярьсан.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар:
104 их наядын төсөвтэйгээр ажилласан түүний Засгийн газрын үед төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн, Улаанбаатар хотын төсөв нэмэгдэж, эрх мэдэлтэй болсон, урьд өмнө нь байгаагүй олон цэцэрлэг, сургууль ашиглалтад орсон, эрүүл мэндийн салбарт дуусаагүй байсан бүтээн байгуулалтыг дуусгаж, эрт илрүүлэг хийсэн, аялал жуулчлалын салбарт төслүүд хийж, салбар сэргэсэн, агаарын тээврийн либералчлал хийгдсэн, хүүхдийн мөнгө нэмсэн, мянганы замын бүтээн байгуулалтыг дуусгасан, төсөв нэмэгдсэн ч эдийн засгийн өсөлт нэмэгдсэн, ДНБ өссөн гэв.
Х.Баттулга:
Тэрээр “Х.Баттулга гэдэг хүнтэй Ерөнхийлөгч байхад нь хамгийн хатуу үздэг байсан хүн нь би” гэсэн. Мөн Херо Баатар түүний пи-арыг хийдэг байсан нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг холбоотой юм шиг харагдуулдаг байж магадгүй гэдгийг онцлоод Туул хурдны зам, төмөр замын сэдвээрх ярианд экс Ерөнхийлөгчийг дурджээ. Мөн “Х.Баттулгагүй У.Хүрэлсүх, У.Хүрэлсүхгүй Х.Баттулга гэж байгаагүй” гэснээр өөрөөс нь илүү ойр холбоотнууд гэдэг ойлголт төрүүлэхээр ярьжээ.
У.Хүрэлсүх:
Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаар олон жил эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаал хашсан байдлаасаа болж “вакумжсан”, үүнээс болж өөрийнхөө бий болгосон үзэл санаа, түүхэнд үлдээх хувь нэмрээ битгий алдаач ээ гэсэн санааг дурдаж байсан. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, парламентын ардчиллаа хамгаалахын тулд түүний хийсэн оролдлого нь 126 гишүүнийг пропорцианаль тогтолцоогоор сонгодог болсон систем гэж онцлов.
Ярилцлагын дүгнэлт хэсэг буюу ирээдүйн тухай байр суурь:
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжихгүй, тэмцэхэд бэлэн. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, Засгийн газрын эрх мэдэл ямар байх ёстойг нээлттэй хэлэлцье. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ асуудлыг цэгцэлье. Ерөнхий сайд байхаа больсон учраас энэ асуудлуудын талаар нээлттэй ярьж, лайв хийнэ гэдгээ илэрхийлснээр ярилцлага өндөрлөсөн.
Харин манай ардчилал дахь Ерөнхийлөгчийн эрх мэдэл үеийн үед ямар том байсан, тэр нь ямар их асуудал дагуулж байсныг ярьснаас өөрөө дотор нь байх үедээ яагаад энэ үйл явцын нэг хэсэг болоод явсан бэ буюу “эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүдсэн энэ аюулыг таны Засгийн газрын үед яагаад хөндөж байгаагүй вэ” гэдэг асуултад хангалттай хариулаагүй.
Хамгийн их хамгаалсан агуулга: “Залуу үе” болон “шинэчлэл”
Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлэхдээ дараах хүмүүс болон үйл явцыг идэвхтэй өмгөөлсөн.
Д.Амарбаясгалан ба түүний баг:
Хэдийгээр Д.Амарбаясгалан шүүмжлүүлсэн ч Л.Оюун-Эрдэнэ түүнийг “намын шинэчлэлийн төлөө зүтгэсэн”, “өөрийнх нь баг” гэдэг утгаар нь хамгаалж, түүнийг намаас хөөх нь үндэслэлгүй гэдгийг тайлбарласан.
Залуу улстөрчид:
Нам доторх залуу үеийг “улс төрийн золиос” болгож болохгүй гэдэг байр суурийг хатуу баримталж хамгаалсан.
Өөрийнх нь явуулсан бодлого:
Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн гэрээг сайжруулах, Хөгжлийн банкны асуудлыг ил болгох зэрэг өөрийнхөө хийсэн ажлуудыг “Монгол улсын эрх ашгийн төлөөх тэмцэл” байсан гэсэн.
У.Хүрэлсүх:
Сонирхолтой нь, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн институцийг шүүмжилсэн боловч У.Хүрэлсүхийг хувь хүн болон “итгэл үнэмшил нэгт ах” гэдэг утгаар нь ярилцлагын зарим хэсэгт зөөлрүүлж, хамгаалсан өнгө аястай ярьж байсан. Өөрөөр хэлбэл, “намын ах У.Хүрэлсүх”, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх” гэх хоёр өөр хүний тухай ярьж буй мэт хандсан.
Хамгийн их шүүмжлэл дагуулсан агуулга:
Ерөнхийлөгчийн институц болон “тогтолцоо” буюу одоогийн засаглалын хэлбэр болон Ерөнхийлөгчийн хүрээнийхнийг хамгийн ихээр шүүмжилсэн.
У.Хүрэлсүхийн хүрээлэл (Ерөнхийлөгчийн Тамгын газар):
Тэрээр Ерөнхийлөгчийн институцийг намын дотоод хэрэг болон гүйцэтгэх засаглалын ажилд хэтэрхий их оролцож байна гэж шүүмжилсэн. Ялангуяа Д.Амарбаясгалан нарын хүмүүсийг намаас хөөх асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс ирсэн “шахалт” гэж тодорхойлсон.
Д.Амарбаясгалан (шүүмжлэл болон асуултын бай болсон):
Сэтгүүлч Г.Лхагвадоржийн зүгээс Д.Амарбаясгалантай холбоотой сонгуулийн санхүүжилт, намын дотоод эрх мэдэл болон “бүлэглэл” гэх асуудлуудаар нэлээд шахаж асуусан ч эргэлзээг тайлсан хариулт өгөөгүй.
Хуучин тогтолцоо ба “МАН-ын хуучин фракцууд”:
Нам доторх шинэчлэлийг эсэргүүцэж буй, залуу үеэ шахдаг хуучинсаг үзэл баримтлалыг шүүмжлэлийн гол бай болгосон.
АТГ болон хуулийн байгууллага:
Бэлэг сэлтийн асуудал болон зарим хэргүүдийг шалгахдаа “сонголттой” эсвэл улс төрийн нөлөөтэй хандаж байна гэх агуулгаар шүүмжлэл өрнөсөн.
Хамгийн олон давтагдсан ач холбогдол бүхий үгс
Таван цаг 48 минут үргэлжилсэн тэдний ярилцлагыг Чимэгэ хэрэглүүрээр текст болгон буулгахад 92 нүүр /51441 үг/ болж байна. Энэхүү текстэнд түлхүүр үгээр хайж, хамгийн их давтагдсан үг, агуулгыг ялгаж, сул үгсийг хасаж үзэхэд “нам” гэдэг үг 255 удаа хэлэгдсэнээр тэргүүллээ. Мөн “засаг” гэх үгийг 90 удаа хэлсэн ч “засгийн газар” гэж нэг ч удаа хэлээгүй байна.

Сонирхуулахад, “амаргүй” гэдэг үгийг нэг ч удаа хэлээгүй байна.
Хамгийн олон удаа нэр дурдагдсан хүмүүс
Ярилцлагад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын нэрийг 52 удаа дурдсан нь хамгийн олон бол Д.Амарбаясгаланг 50 удаа дурдсанаар удаалжээ.

Харин нэр дурдагдсан ч харьцангуй бага буюу 10-аас доош удаа давтагдсан хүмүүсийг мөн гаргаж үзлээ.

Сэтгэгдлүүд: 16 цагийн дараах байдлаар 7200 сэтгэгдэл үлдээснээс 15 хүрэхгүй хувь нь бодит хэв шинжтэй, 85 гаруй хувь нь тролл ажиллагаатай
Энэхүү ярилцлагын хугацаанд 03/12-ны 15:00 цагийн байдлаар нийт 7200 гаруй коммент үлдээснээс 5947 нь үндсэн, бусад нь сэтгэгдэлд хариу үзүүлсэн буюу “reply” хийж бичсэн сэтгэгдлүүд байв. Facebook-т оруулсан аливаа мэдээллийн эхний сэтгэгдлүүдийг олон нийтийг чиглүүлэх зорилгоор бэлтгэсэн агуулгаар бичиж, нийгмийн эрүүл хэлэлцүүлгийг сааруулдаг нь манипуляцын нэг техник юм. Энэ үзэгдэл тод томруун харагдсан буюу зохион байгуулалттай сэтгэгдэл бичиж, бодит хүний байр суурь, санал бодлоо хуваалцах орон зайг дарангуйлсан юм. Нийт сэтгэгдлийг анхан шатны үнэлгээгээр 15 хүрэхгүй хувь нь бодит хүний хаягаас үзэл бодлоо илэрхийлсэн бол үлдсэн 85 гаруй хувь нь зорилготойгоор бичиж, үзэгчдийг чиглүүлэхийг санаархсан гэж тоймлож болохоор байна.
Ярилцлагын эхний 10 минутад вьетнам нэртэй болон домэйнд ID кодтой хаягуудаас хэт магтсан троллын урсгал орж ирсэн. Гэхдээ энэ нь Л.Оюун-Эрдэнийн талд бус, эсрэг талаас нь гэж хэлж болохуйц, хүний дургүй хүргэх зорилготой хоосон магтаал бичиж байснаараа онцлог. Энэ хэсэгт “сайн ерөнхий сайдаа алджээ, тангүйгээр бид яах вэ” гэсэн чиглэлээр бичих даалгавар авсан гэж таамаглаж болохоор байна. Энэ чиглэлийг барих урсгал эхний 25 минутад 200 орчим сэтгэгдлээр илэрч байсан.
- Тухайлбал, “Ж.Батмөнх лугаа адил хэмээн өөрийгөө ярьдаг байсныг тань мэдэхийн, хайран сайхан төр түмний толгойлогч хэмээн халаглаж сууна даа“, “Бид чинь орчлонгийн хамгийн шилдэг ерөнхий сайдаа ойлгож хайрлаагүй юм байна даа”, “Том том төсөл хөтөлбөрүүдийн ард МАН-ын ах нар байгаа болохоор өөрийг чинь зайлжээ тээ, одоо яаж гарч ирэх вэ хайрт ах минь ээ“, “Huuh ta bol MANiin burkhan budda baisan yum bishuu, het lag baihaar buhnee aldsan gesen ug yum uu”, “Үнэхээр лаг лаг яриа өрнүүлж байна шт, аргагүй л алдаж гээж болохгүй түмний тэргүүн байжээ өөрөө”, “Таныгаа ерөнхийлөгч болоод эргээд ирнээ гээд хүлээж байгаа шүү ахаа” гэх мэтчилэн бичжээ.
Энэ бүх зорилтот сэтгэгдлийн дараахан “Яасан их долоогч вэ, эхлээгүй байхад магтаад тролл ихтэй хулгайч шүү”, “вьетнамууд яасан олуулаа байнаа аа, *да”, “дан вьетнам хүмүүс коммент бичээд байдаг юм уу” гэх мэтчилэн “тайлал хийж” байгаа мэт бичсэн нь олон нийтэд “Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө магтуулахаар тролл ажиллуулж байна” гэх ойлголт төрүүлэхийг санаархжээ. Пи-арчид үүнийг “нус наах” технологи гэж өөр зуураа нэрлэдэг. Харамсалтай нь энгийн үзэгч, хүлээн авагч иймэрхүү сэтгэгдэл хараад сөрөг бодол төрж, дургүйцэж эхэлдэг байна.
Ярилцлага эхэлснээс 20 орчим минутын дараа буюу 20:52 минутад Пунцагдашийн Нарантуяа хаягаас “Ард түмний ерөнхий сайд” гэж бичсэн нь Л.Оюун-Эрдэнийн талд бичих эхний сэтгэгдэл болжээ. Пунцагдашийн Нарантуяа хаягаас өмнөх Ерөнхий сайдыг сурталчилж, хэт нэг талын мэдээлэл түгээдэг байсан ба одоо ч түүний талд үзэл бодолтой нэгэн. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнийн талыг баримтлах сэтгэгдэл нөгөө талаас 20 минутын турш оруулсан шиг олноороо орж ирсэнгүй, харин ч “Вьетнамнууд ба түүний удирдагч Нарантуяа хаха” гэх мэт сэтгэгдлүүд хөвөрсөөр байв. Мөн энэ үеэр буюу Хайр сэтгэл нэртэй хаягаас “Троллыг асуу сэтгүүлч ээ” гэх сэтгэгдэл 75 удаа илгээж, комментууд хэвийн бус байгааг хэлүүлэхийг оролдсон байна.
Дараагийн хэсэгт буюу 30 орчим минутын дараагаас сэтгэгдлүүд “ямар ч чадваргүй Ерөнхий сайд байсан” гэх агуулгаар чиглүүлсэн гэмээр орж ирсэн. Үүний дараа буюу хоёр цаг орчмын дараа сэтгэгдлүүд дийлэнхдээ “хулгай хийсэн, шоронд орох ёстой, хөрөнгийг хурааж ав” гэх мэт агуулгаар бичиж эхэлжээ. Гэхдээ үүнийг илэрхийлэхдээ минутын завсаргүй, хараалын үг ихээр оролцуулсан, доромжилсон, доог тохуу хийсэн байдлаар ярилцлагыг дуустал үргэлжилсэн. Энэ үед Л.Оюун-Эрдэнийг дэмжигч талаас зохион байгуулалттай сөрөх агуулгууд оруулаагүй, нэг хаягаас бичсэн сэтгэгдлээ олон удаа оруулах, “Ямар олон тролл бэ Оюукагаас айж үхлээ” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байв.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг 16 цагийн дараах байдлаар тоймлоход ийм байна. Дараагийн нийтлэлээр ярилцлагад дурдсан агуулгуудтай холбоотой улс төрийн нүүдлүүд хэрхэн өрнөж, нийгмийн сүлжээнд яаж бууж байгаа талаар хөндөх болно.


