Онлайнаар ажил хийлгэнэ гэх нэрийдлээр таны хувийн мэдээллийг хулгайлах эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #454

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ажилд авна, онлайнаар ажиллуулж их хэмжээний цалин өгнө гэх мэдээлэл түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Холбогдох байгууллагын мэдээлэл байхгүйгээр ажлын зар түгээж буй хуурамч хаягуудад хувийн мэдээллээ өгч болохгүй.

2023 оны 03 дугаар сарын 01-нээс Bujinn Alimaa нэртэй хаягаас “Ухаалаг утас эсвэл компьютер дээрээ өдөрт 1-5 ажлыг онлайнаар хий: 24 цаг тутамд 5,000,000 төгрөгийн орлого олох боломжтой. Шуурхай төлбөр. “ажил” гэж бичнэ үү” гэх постыг олон гишүүдтэй бүлгэмүүд рүү олон давтамжтай нийтэлсэн байна.

Ижил агуулгатай постыг Dreamlord Highway, Баадай Энхцэцэг зэрэг өөр хаягуудаар ч түгээж байх тул баримт шалгалт хийлээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Мэдээллийн эх сурвалж, хаягийг нягтлах

Хамгийн түрүүнд хаягийн домайн өргөтгөл нь pappuyadav.pappuyadav гэсэн байгааг харж болно. Facebook платформд хувийн домайн өргөтгөлийг анх хаягийг нээсэн нэрээр нь оноодог. Хэдийгээр уг өргөтгөлийг солих боломжтой байдаг ч зарим тохиолдолд хүмүүс солихгүй үлдээчихдэг тул тухайн хаяг өөрийнх нь мөн биш эсэхийг шинжих эхний алхам домайн өргөтгөлийг, нэртэй нь харьцуулах байж болно. Доорх зургуудад уг мэдээллийг тарааж буй хаягуудын өргөтгөлийг харууллаа.

Bujinn Alimaa нэртэй хаягийн өргөтгөл
Dreamlord Highway нэртэй хаягийн өргөтгөл
Баадай Энхцэцэг нэртэй хаягийн өргөтгөл

Дараа нь та бүхэн тухайн хаягуудын байршуулсан зураг, хувийн мэдээллийг харьцуулан харж болно. Жишээлбэл, Bujinn Alimaa нэртэй хаяг бидний өмнөх баримт шалгалтаар тогтоосон Undral Nyam-Osor нэртэй хэрэглэгчийн зургийг ашиглажээ.

Баадай Энхцэцэг нэртэй хаяг нүүр зурагтаа эмэгтэй хүний зураг байршуулсан ч танилцуулга хэсэгт харагдах зургууд гадаад эрэгтэй хүний зураг байна. Мөн түүний нүүр зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад RE/MAX UNITED оффисын брокер эзэмшигч, реалтор Д. Алтжин гэх илэрц гарч ирж байна.

Dreamlord Highway нэртэй хаягийн зургууд ч мөн адил хоорондоо зөрүүтэй байна. Мөн ажилд авна гэх зар түгээж буй уг хаягуудад төлөөлж буй байгууллага, холбогдох утасны дугаар, үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээлэл огт байсангүй.

Дээрх шинж тэмдгүүдээс та бүхэн хэн нэгнийг дуурайлган хийсэн хуурамч хаяг гэх сэжиг дэвшүүлж болно.

2. Постын агуулгыг нягтлах

Постод ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад Хаан Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш. Ганбямба гэх хүний ярилцлагад хавсаргасан зураг байна. Уг зургийг хавсаргасан ярилцлагад ямар нэг ажилд авна, онлайнаар ажиллуулна гэх агуулга байсангүй.

Мөн өөр нэг постод бидний өмнөх баримт шалгалтаар тогтоосон ХААН Банкны Их хүрээ тооцооны төвийн захирал А.Орхонбаярын зургийг хавсаргажээ. Ажилд авах албан зард хамааралгүй хүмүүсийн зургийг хавсаргахгүй тул та бүхэн ажилд авна, онлайнаар ажиллуулна гэх энэ төрлийн мэдээлэлд сонор, сэрэмжтэй хандаарай.

Та бүхэнд хэрэг болох үүднээс АНУ-ын Холбооны худалдааны комиссын Хэрэглэгчдэд зориулсан зөвлөгөөнд тусгасан хуурамч ажлын зараас өөрийгөө хамгаалах аргуудаас хуваалцъя. Үүнд:
“Эхлээд тухайн ажлын зарыг интернетээс хайж үз. Мөн ажилд авна гэж буй хүн эсвэл байгууллагын талаар үндсэн мэдээлэл нь гарч ирж буй зэрэгт анхаар.

Эргэн тойрны хүмүүсээсээ асуу. Ажлын зарын тухай ярилцаж, тэд юу гэж байгааг сонс.

Таныг ажилд авах гэж буй байгууллага танаас мөнгө нэхэхгүй. Хууль ёсны ажил олгогч хэзээ ч танаас түрүүлж мөнгө нэхдэггүй” гэсэн байна.

Мөн та ямар ч тохиолдолд танихгүй этгээдэд цахим шуудангаар утасны дугаар, дансны дугаар, Facebook хаягийн нэвтрэх нэр, нууц дугаар зэрэг мэдээллийг огт өгч болохгүй. Энэ нь таныг хувийн мэдээллээ алдахад хүргэх эрсдэлтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document