Манай төв Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний мэргэжлийн ёс зүйн шалгуурыг хангаж, албан ёсны баталгаажуулалтаа сунгалаа. Монголын Баримт шалгах төв нь 2021 оны зургадугаар сарын 09-нд анх IFCN-ний баталгаажуулалтаа авч, 2022 онд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажиллах болсон.
IFCN байгууллага баримт шалгах үйл ажиллагааны ёс зүйн кодыг хатуу баримталдаг, санхүүгийн хувьд нээлттэй, ил тод тайлагнадаг, улс төр болон бизнесийн байгууллага, хувь хүнээс хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйн чиг баримжаатай үйл ажиллагаа эрхэлдэг зэрэг шалгуураар үнэлгээ хийж, гишүүнээрээ элсүүлэн, нэгдсэн сүлжээнд ажиллах боломжийг олгодог.
Өдгөө тус байгууллагад дэлхийн 170 гаруй баримт шалгах байгууллага нэгдэн ажиллаж байгаа ба жил бүр гишүүн байгууллагууд баталгаажуулалтын үйл явцад дээр дурдсан шалгууруудаар хянагдан үйл ажиллагааны зарчмаа мөрдөж буйгаа илэрхийлдэг.
Олон улсын баталгаажуулалттай зарим байгууллага
АНУ-ын Poynter институтийн дэргэдэх Олон улсын баримт шалгах сүлжээ буюу IFCN-ний баталгаат гишүүн болсноор хуурамч, ташаа мэдээллийг илрүүлэх, хянах, бууруулахад чухал нөлөөтэй технологийн дэвшилт хэрэглүүр, платформ ашиглах эрхтэй болохоос гадна бусад орны баримт шалгагчидтай хамтран хуурамч мэдээлэл бууруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой байдаг.