Search

Монголын баримт шалгах төвийн ашигладаг нээлттэй хэрэглүүрүүдийг танилцуулж байна

Манай төв нь 2020 оноос хойш олон нийтийн дунд өргөн тархдаг түгээмэл хуурамч мэдээллийг бууруулахаар баримт шалгалтын үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Үүнээс хойш бид мэдээллийг эрэн сурвалжлах, нягтлах чадварт тасралтгүй суралцахаас гадна энэ чиглэлд ажиллах сонирхолтой сайн дурынхан, мэргэжилтнүүд, оюутнууд цаашлаад олон нийтийг мэдээллийг нягтлах чадварт суралцахыг дэмжиж ажилласаар ирсэн. Энэ хүрээнд бид хороодын нийгмийн ажилтнууд, сэтгүүлчид, оюутнууд, иргэний нийгмийн байгууллагуудад баримт шалгалт, мэдээллийг эрэн сурвалжлах сургалтуудыг орж байсан.

Энэ удаа манай төв өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг нээлттэй, үнэгүй онлайн эрэн сурвалжилгын хэрэглүүрүүдийг олон нийтэд танилцуулж байна. Эдгээрт онлайн мэдээллийг архивлахаас эхлээд аливаа зураг, бичлэгийн эх сурвалжийг олох, байршил тогтоох, вэбсайтыг шалгах цаашлаад хиймэл оюун ухааны контентыг таних зэрэг онлайн эрэн сурвалжилга, баримт шалгалтад өргөн ашигладаг олон төрлийн хэрэглүүр багтаж байна.

MFCC Баримт шалгах хэрэглүүрүүд ба Нээлттэй эх сурвалжийн сангийн нүүр зураг

Мөн манай хэрэглүүрийн сангаас нээлттэй эрэн сурвалжилга (open-source intelligence) болон хиймэл оюун ухааныг хэвлэл мэдээлэлд ашиглаж буй олон улсын туршлага болон хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн хуурамч контентын мэдээллийн сан зэрэг хөтөч рүү нэвтрэх боломжтой.

Олон улсын мэдээллийн сангаас гадна бид Монголын төрийн байгууллагуудаас олон нийтэд танилцуулдаг нээлттэй мэдээллийн сан, статистик мэдээлэл зэргийг эх сурвалжийн сандаа цуглуулан байршуулаад байна. Энэ санд улсын төсвийн зарцуулалтын мэдээлэл, Шилэн данс, Opendata Lab, гадаадын зээл тусламжийн мэдээлэл, байгаль орчны статистикийн мэдээлэл зэрэг олон төрлийн нээлттэй эх сурвалжууд байгаа ба эдгээр нь аливаа эрэн сурвалжилга, судалгаанд мэдээллийн эх үүсвэр болох боломжтой гэдэгт итгэлтэй байна.

MFCC Нээлттэй эх сурвалж, дата сангийн зураг

Хэрвээ танд манай хэрэглүүрүүд болон нээлттэй эх сурвалж, дата сантай холбоотой санал хүсэлт байвал манай hello@mfcc.mn мэйлээр холбогдоорой.

Check document