Баримтаар шалгасан мэдээллүүд хайлтын эхэнд гардаг боллоо  

Баримтаар шалгасан үнэн бодит мэдээллийг олон хүнд хүргэх зорилгоор Google компани Дюкийн их сургуулийн Сурвалжлагчдын лаборатори, Jigsaw, Schema.org болон баримт шалгах байгууллагууд хамтран баримт шалгалтын мэдээллийг Google-ийн хайлтын системд онцлон харуулах болсон.  

ClaimReview гэх энэхүү систем нь Google хайлтын систем дундаас хүлээн зөвшөөрөгдсөн баримт шалгалтын мэдээллийг түрүүнд хүлээж авах боломжийг олгодог ба 2015 оноос хэрэгжиж эхэлсэн энэ функцийг дэлхийн 200 гаруй баримт шалгах байгууллага ашиглаж байна. 

Монголын баримт шалгах төв ч мөн онцлох, өндөр хандалттай баримт шалгалтуудаа Google компанийн баримт шалгалтын мэдээллийг хайх боломжтой Fact Check Tools нэгдсэн хайлтын санд тогтмол нэвтрүүлж эхэллээ. 

Google Fact Check Tools дахь манай баримт шалгалтын мэдээлэл

Ингэснээр Google хайлтын системийн хэрэглэгчид манай баримт шалгалттай холбоотой хайлтуудаас агуулгын тоймыг шууд хүлээн авч цааш линкээр нэвтрэн үргэлжлүүлэн унших боломжтой байх юм. 

Google хайлтын систем дэх манай төвийн баримт шалгалтын илэрцүүд 

Google-ийн нээлттэй мэдээллийн санг зөвхөн Google бус Facebook, Youtube, Bing зэрэг технологийн компани ашиглаж байсан ба олон улс дахь судлаачид 100,000 давсан баримт шалгалтын нийтлэлээс хуурамч мэдээллийн тархалт, онцлогийн талаар судлах боломжтой юм. 

Манай төв ClaimReview-д баримт шалгалтуудаа тогтмол оруулдаг болсноор цаашид Google хайлтын систем болон бусад технологийн платформд баримт шалгалтын илэрцийг түрүүлж гаргаж, хэрэглэгчдэд баталгаатай мэдээллийг илүү ойртуулахад хувь нэмэр оруулж буй юм.  

Бид 2020 оноос хойш олон нийтийн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх, баталгаатай мэдээлэлд суурилсан нийгмийн хэлэлцүүлгийг дэмжихэд чиглэсэн улс төр, нийгэм, эрүүл мэнд, олон улсын асуудлаарх 1200 гаруй баримт шалгалт хийж нийтэлсэн. Харин технологийн дэмжлэгээр хайлтын эхэнд гаргаж, илүү олон хүнд хүргэх болсон нь чанартай мэдээлэлтэй, хэрсүү олон нийтийг бэхжүүлэх зорилгод маань томоохон дэмжлэг боллоо. 

Манай байгууллагын үйл ажиллагааны журам болон бидний санаачилгуудтай дараах линкээр танилцаарай.  

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document