2023 оны 02 дугаар сарын 24-нд 365 нэртэй пэйжид “За ингээд удахгүй Facebook, Instagram ашиглахдаа төлбөр төлдөг болох юм байна. Иргэний үнэмлэхээрээ бүртгүүлээд, төлбөрөө төлж ашиглах нь дээ. Өөрийн тань нэр барьсан хуурамч хаяг нээх боломжгүй болгож байгаа гэж ойлгож болно. Сардаа 50,000 төгрөг юм уу даа. Австрали, Шинэ Зеландаас эхэллээ удахгүй бусад улсад хэрэгжүүлэнэ гэж байна шүү. Утас, интернет, сөх-н мөнгө шигээ төлбөр төлдөг болох нь дээ” гэх пост оруулсан нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар 573 реакц, 254 сэтгэгдэл авч, 296 удаа цааш хуваалцжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Facebook, Instagram хаягийн энгийн хэрэглээ төлбөргүй
“Facebook хэрэглэхэд ямар нэг төлбөр шаардахгүй. Харин Meta компанийн платформууд дээрх зар сурталчилгаанууд нь төлбөртэй байдаг. Ингэснээр энгийн хэрэглэгчдээс төлбөр шаардалгүйгээр, хэрэглүүлэх боломжийг бий болгодог”
Meta компанийн үйлчилгээний бодлого
Facebook, Instagram, WhatsApp зэрэг платформууд нь Meta компанид харъяалагддаг. Тус компани 2023 оны 02 дугаар сарын 19-нд шинэ үйлчилгээ нэвтрүүлж буй бөгөөд эхний ээлжинд Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад хэрэгжүүлж эхэлснээ зарласан. Сар болгон тодорхой төлбөр төлж Verified badge буюу баталгаажсан хаягийн цэнхэр тэмдэглэгээг ашиглах боломжийг олгож буй уг үйлчилгээг ашиглах эсэхээ хэрэглэгч өөрөө шийдэх юм.
Дэлгэрүүлбэл, Meta компанийн мэдэгдэлд:
“Та өөрийн иргэний үнэмлэхээ манай платформд бүртгүүлснээр хаягаа баталгаажсан тэмдэгтэй болгож, үйлчилгээний аюулгүй байдлаа сайжруулах боломжтой. Одоогоор Австрали, Шинэ Зеланд улсуудад туршиж эхлээд байгаа бөгөөд тун удахгүй бусад улсад нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Баталгаажсан тэмдэгтэй болсноор:
-Таны нэр, хаягийг дуурайлгасан хуурамч хаягаас сэргийлэх
-Таны хаягтай холбоотой асуудал, хүндрэл тулгарвал манай үйлчилгээний зөвлөхүүдтэй шууд холбогдох
-Өөрийн хаягийг таниулж, нөлөөллөө тэлэх
-Бусад тусгай үйлчилгээг ашиглах зэрэг боломж нээгдэнэ. Meta Verified үйлчилгээ одоогоор вэб сайтаар бол сарын 11.99 ам.доллар, iOS болон Android төхөөрөмж дээр сарын 14.99 ам.долларын төлбөртэй.
Аль хэдийнээ баталгаажсан тэмдэгтэй болсон хаягууд төлбөр төлөх шаардлагагүй бөгөөд өөрийн хаягийг баталгаажуулах хүсэлтэй хүн болгон уг үйлчилгээг сонгон ашиглах боломжтой” гэсэн байна.
Иймд Facebook, Instagram төлбөртэй болно гэдэг төөрөгдүүлсэн мэдээлэл бөгөөд хэрэглэгч өөрийн сонголтод тулгуурлан төлбөр төлөх эсэхээ шийдэх юм.