Search

Мета компанийн бодлогоос үл хамааран уламжлалт баримт шалгах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ 

Мета компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг өнгөрсөн мягмар гарагт буюу 01 дүгээр сарын 07-нд хийсэн гэнэтийн мэдэгдэлдээ Америк дахь Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрөө (Third Party Fact-checking Program) зогсоож, X (хуучнаар Twitter) платформ шиг Community Notes загвар луу шилжих болсноо зарлалаа. 

Энэхүү өөрчлөлт нь энэ онд АНУ-аас эхэлж, бусад оронд аажмаар хэрэгжих төлөвтэй байна. Энэ бол баримт шалгагчдын зөвхөн Мета компанитай хамтран хэрэгжүүлдэг Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрт хамаатай шийдвэр болохоос биш, үндсэн баримт шалгах үйл ажиллагаанд хамааралгүй юм.   

Манай байгууллага 2020 онд байгуулагдсан цагаасаа эхлэн баримт шалгах үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд 2022 онд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажиллаж эхэлсэн. Мета компанийн зарласан энэхүү шийдвэр манай баримт шалгах үндсэн үйл ажиллагааг зогсоож байгаа мэт ташаа ойлголтыг олон нийтэд өгч болзошгүй байна. Тиймээс тодорхой нэг технологийн платформын бодлогоос үл хамааран, хуурамч, ташаа мэдээллийг баримтаар шалгаж, бодит зөв мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагаа маань үргэлжилсээр байхыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Мета компанийн Facebook платформ нь монголчуудын мэдээлэл авах гол эх сурвалж болж байдаг тул энэхүү хөтөлбөр зогссон тохиолдолд бидний үйл ажиллагааны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг бага зэрэг сааруулах үр дагавартай байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөхуйц хэмжээнд биш бөгөөд баримтаар шалгасан бодит зөв мэдээллийг бусдадаа хуваалцдаг, зохион байгуулалттай хуурамч мэдээллийг таньж мэддэг, учир шалтгааныг таамаглаж, суртал ухуулга, нөлөөлөлд автахааргүй мэдээллийн боловсролтой иргэд олон болж буй өнөө үед энэ нь тийм ч ноцтой өөрчлөлт биш юм. Одоогоор бүс нутгийн хэмжээнд буюу АНУ-д энэхүү хөтөлбөрийг зогсоосон нь Монголын баримт шалгах төвд  шууд нөлөө хараахан үзүүлэхгүй юм.  

Манай төв хараат бус, бие даасан, санхүүжилт, бүтцээ нээлттэй мэдээлдэг, залруулга хийх бодлоготой, арга зүйгээ хуваалцдаг гэдгээ баталж, 2021 онд Олон улсын баримт шалгах сүлжээний албан ёсны баталгаажуулалттай Монголын анхны баримт шалгах төв болсон бөгөөд дээрх ёс зүйн кодоо тогтмол хангаж ажилласнаар гурав дахь удаагаа гишүүнчлэлээ сунгаад байна. Цахим орчинд түгж буй үй түмэн мэдээлэл дундаас олон нийтэд баталгаатай, найдвартай эх сурвалжаас, бодит мэдээлэл хүргэхийн төлөө манай төв хүчин чармайлт гаргасаар байх болно. 

Мета компанийнхан болон баримт шалгагчид юу хэлэв? 

Марк Зукерберг мэдэгдэлдээ “…бид хэтэрхий олон алдаа гаргасан, хэтэрхий олон цензурдсан нөхцөл байдалд хүрээд байна. Өнгөрсөн сонгууль үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тэргүүнд тавих цаг болсныг илтгэсэн гэж санагдаж байна” гээд хэд хэдэн бодлогын өөрчлөлт хийхээ мэдэгдсэн байна. 

Өөрчлөлттөй холбоотойгоор шинээр томилогдсон Олон улсын асуудал хариуцсан захирал Жоэл Каплан “Экспертүүд энгийн хүмүүс шиг өрөөсгөл хандлага, өөрсдийн харах өнцөгтэй. Энэ нь зарим тохиолдолд юуг, хэрхэн шалгаж байгаагаас нь илэрч байсан…Мэдээлэх зорилготой хөтөлбөр олон тохиолдолд цензурдэх хэрэгсэл болсон” гэсэн юм.  

Зукербергийн зарласан өөрчлөлтөд Олон улсын баримт шалгах сүлжээний (International Fact-checking Network) бие даасан, хараат бус, тэнцвэртэй байх ёс зүйн кодыг мөрддөг, хөндлөнгийн үнэлгээгээр баталгааждаг АНУ дахь 10 бие даасан баримт шалгах байгууллага хамаарах юм. 

Хөтөлбөрийг зогсоосонтой холбогдуулан АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Lead Stories баримт шалгах байгууллага “Метатай хамтарсан жилүүдэд бид, эсвэл Олон улсын баримт шалгах сүлжээ Метагаас ямар нэг улс төрийн өрөөсгөл хандлагын талаар гомдол хүлээн авч байгаагүй учир энэ мэдэгдэлийг гайхан хүлээж авч байна” хэмээн мэдэгдсэн бол PolitiFact баримт шалгах төвийн удирдах байгууллага Poynter институтийн захирал Ниэл Браун “Баримт нь цензур биш. Баримт шалгагч нар юуг ч цензурдэж байгаагүй. Харин Мета цензурдэх боломжтой” хэмээсэн юм. 

Олон улсын баримт шалгах сүлжээний захирал Энжи Дробник Холан хөтөлбөрийг зогсоох болсон нь Доналд Трамп дахин сонгогдсон болон улс төрийн дарамт, шахалтаас шалтгаалж байгааг онцлоод, мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Шинэ засаг захиргаа болон түүнийг дэмжигчдийн улс төрийн хүнд дарамттай зэрэгцэн энэ шийдвэрийг гаргаж байгаа нь золгүй явдал юм. Баримт шалгагчид өрөөсгөл хандлагаар ажиллаагүй. Энэ дайралт бол ямар нэг няцаалт, баримтгүйгээр худлаа, хэтрүүлж ярих хүсэлтэй хүмүүсээс ирдэг” хэмээсэн байна. 

Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөр нь 2016 онд бий болж өдгөө 60 гаруй хэл дээр 90 орчим байгууллага ажиллаж байгааг Мета компани вэбсайтдаа мэдээлж байсан. Хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй баримт шалгах байгууллагууд аливаа пост, хаяг, контентыг устгах эрхгүй, зөвхөн тэмдэглэгээ зүүж, бодит мэдээлэл хүргүүлдэг. Харин Мета компанийн Community Standards буюу журмыг нь зөрчсөн контентыг устгах эрх тус компанид өөрсдөд нь байдаг. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document