Мета компани  Асуу чатботын ашиглалтыг дэмжинэ 

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв дэлхийн 29 хэл дээр ашиглагддаг, хиймэл оюун ухаанд суурилсан Check платформын Монгол хувилбар Асуу чатботыг технологийн түнш Meedan компанийн тусламжтайгаар хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Нийгмийн өөр өөр бүлгүүдэд олон янзын хэл дээр мэдээлэл  авах боломж олгож,  хүртээмжтэй, үнэн бодит мэдээлэл хүргэх энэхүү ажлыг Мета компани 2024 оны зургаа болон долоодугаар сард дэмжихээр боллоо.

Тус чатбот нь АНУ, Бразил, Индонез зэрэг дэлхийн олон орны сонгуулийн үеэр хуурамч ташаа мэдээлэлтэй тэмцэхэд хувь нэмэр оруулж, баримтаар шалгасан үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжийг олгож ирсэн байна.

Асуу чатботоос Монголын баримт шалгах төв болон хуурамч мэдээллийг бууруулах “Баримт нэн тэргүүнд – Монгол” үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлэг, контентод дурдсан баримтаар шалгасан бодит зөв мэдээллийг нэг дороос, шуурхай авах боломжтойгоороо онцлог. Асуу чатботыг ашиглахын тулд Монголын баримт шалгах төв рүү чатаар холбогдон “Асуугаас асууя” цэсийг сонгож хайж буй асуулт, линк, зураг, бичлэг зэргийг илгээж хүссэн асуултдаа хариулт авах боломжтой юм. Асуу чатботыг хэрхэн ашиглах тухай дараах бичлэгээс  мэдээлэл авах боломжтой.

Одоогоор тус чатботын өгөгдлийн санд Монголын баримт шалгах төвийн 1000 гаруй баримтаар шалгасан мэдээ орсон бөгөөд сүлжээний гишүүн байгууллагуудын нийтлэл бүтээлүүд ч өдөр бүр нэмэгдсээр байна. Уншигчдын илгээсэн асуултад Асуу чатбот хиймэл оюун ухааны тусламжтай хариулахаас гадна баримт шалгагчид ч иргэдтэй холбогдон үнэн зөв мэдээлэл хүргэх юм.

Мөн үүнтэй зэрэгцээд олон нийтийг эргэлзээтэй мэдээллээ илгээж, бодит зөв мэдээллийг авахад туслах зорилгоор “Асуу” нэртэй мэдээллийн аяныг өрнүүлж, чатботын хэрэглээ болон хуурамч мэдээлэл, суртал ухуулга ямар учраас хэрхэн түгдэг шалтгааныг таниулсан агуулгуудыг бэлтгэн түгээж байна.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document