Meta компанийн Хөндлөнгийн баримт шалгагч түнш байгууллага

Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөр гэж юу вэ? 

Мета компани буюу Facebook, Instagram, Threads, WhatsApp зэрэг сошиал медиа платформыг эзэмшигч компани нь 2016 оноос хойш Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг (Third Party Fact-checking Program) хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд Мета компани зөвхөн Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллагуудтай хамтарч ажилладаг ба манай төв 2022 оноос хойш тус компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд Монгол болон Казакстан улсад түгж буй өндөр хандалттай, олон нийтийн эрх ашгийг хөндсөн эргэлзээтэй мэдээлэлд баримт шалгалт хийн, олон нийтэд мэдээлж, хуурамч мэдээллээс үүдэх эрсдэлийг бууруулж байна. Өдгөө тус хөтөлбөр нь дэлхийд 90 гаруй баримт шалгах байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөр хэрхэн ажилладаг вэ? 

Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд баримт шалгагч нар өндөр хандалттай, хуурамч агуулга бүхий контентуудыг харах хэрэглүүрийг ашиглах боломжтойн зэрэгцээ хэрэглэгчдээс хуурамч мэдээлэл шалгуулах хүсэлтийг бид байнга хүлээн авдаг.  

Хөтөлбөрийн хүрээнд Метагийн үнэлгээний системийн дагуу хуурамч мэдээлэлд үнэлгээ өгөх ба бидний шалгасан постыг бусдад түгээсэн хаягуудад санамж очих юм. Мөн постын доод хэсэгт тухайн мэдээллийг харж буй хэрэглэгчдэд манай баримт шалгалт нээлттэй сануулга хэлбэрээр байршдаг. Энэ нь тухайн мэдээллийн бүрэн дүүрэн, бодит зөв агуулгыг гүйцээж өгдөг ач холбогдолтой. Сануулга тэмдэглэгээ зүүсэн ч тухайн  постыг цааш түгээх боломжтой байдаг нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан бодлого юм. 

Бид хөтөлбөрийн хүрээнд аливаа постыг огт устгадаггүй бөгөөд ийм технологийн чадавх нь зөвхөн Мета компанид хадгалагддаг. Харин Мета компани Худал (False), Төөрөгдүүлсэн (Partly False), Эвлүүлэг (Altered) гэсэн үнэлгээтэй постыг хэрэглэгчдийн  мэдээллийн нүүр хуудаст (news feed) доогуур зэрэглэлд байршуулах ба ингэснээр цөөн хүнд хуурамч мэдээлэл үзэгдэх юм. 

Мета баримт шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог уу? 

Мета компани манай бусад хамтран ажиллагч, санхүүжүүлэгч байгууллагуудын адил манай редакцын бодлого, хараат бус байдалд нөлөөлөхгүй. Бид бие даасан, хараат бус, мэргэжлийн байдлаа хадгалахын тулд ёс зүй, мэргэжлийн стандартуудыг мөрдсөөр ирсэн. 

Манай баримт шалгалтууд нээлттэй, найдвартай эх сурвалжуудыг тэргүүнд тавьж уншигчдад хуваалцдаг бөгөөд бид редакцын зарчмаар ажиллан, хөндлөнгийн этгээдийн хяналтгүйгээр бүтээлээ нийтлэн түгээдэг. 

Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд ямар мэдээллийг шалгадаг вэ? 

Бид Facebook, Instagram, Threads зэрэг платформд өндөр хандалттай, олон нийтийн эрх ашигт аюул, эрсдэл учруулсан контентуудыг шалгадаг. Үүнд вакцин, сонгууль, байгалийн гамшигт үзэгдэл,  хорт хавдрын хуурамч эмчилгээ, зөвлөмж гэх мэтийн олон төрлийн хуурамч мэдээлэлд баримт шалгалт хийн олон нийтэд мэдээлдэг. Манай баримт шалгалтуудыг та дараах цэсээр нэвтрэн үзээрэй. 

Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд сонгуульд нэр дэвшигч, томилогдсон болон сонгогдсон улс төрийн албан тушаалтнуудын албан ёсны бүртгэлтэй хаягуудад үнэлгээ тогтоохыг зөвшөөрдөггүй боловч бид өөрсдийн вэбсайт, сошиал сувгуудаараа олон нийтийн анхаарал, эрх ашгийг хөндсөн сэдэв, асуудлуудад баримт шалгалт, эрэн сурвалжилга хийдэг. 

Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн түншийн хувьд санхүүжилт авдаг уу? 

Мета компани нь хөтөлбөрийн хүрээнд түнш байгууллагуудын баримт шалгах үйл ажиллагааг дэмжихээр санхүүжилт олгодог. Бид бусад санхүүжүүлэгч болон хамтран ажиллагч байгууллагуудтай адил санхүүжилтээ ил тод мэдээлдэг бөгөөд бидний хамтран ажиллагч, санхүүжүүлэгч байгууллагууд манай редакцын бодлого дотоод үйл ажиллагаанд нөлөөлдөггүй болно. Бид хараат бус, мэргэжлийн байдлаа үйл ажиллагааныхаа бүх түвшинд хадгалж ажилладаг. 

Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд хийсэн баримт шалгалтыг өөрчлөх боломжтой юу? 

Манай залруулгын бодлого болон Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд аливаа баримт шалгалтад алдаа байна гэж үзсэн тохиолдолд залруулах хүсэлтийг нээлттэй илгээх боломжтой. Та манай вэбсайт дахь Appeal хийх заавар болон манай Залруулгын бодлоготой танилцаарай.