Бид 2020 оноос эхлэн олон нийтийн үнэн бодит мэдээлэл авах эрхийг дэмжин, сэтгүүл зүй дэх үнэн мэдээлэл түгээх зарчмыг баримтлан, баримт шалгах үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бидний үйл ажиллагаа алхам алхмаар өргөжсөөр олон нийт хүрч, олон улсад хамтын ажиллагаа маань тэлсээр байна. 2021 онд Олон улсын баримт шалгах сүлжээний (International Fact-Checking Network) албан ёсны баталгаажуулалтыг авч, 2022 оноос Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрт хамтран ажиллаж байна.
Хэдийгээр баримт шалгах үйл ажиллагаа нь хуурамч мэдээлэлтэй тэмцэх үндсэн хэлбэрүүдийн нэг боловч сүүлийн жилүүдэд олон улсад болоод Монголд зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээгчид, улс төрийн сонирхлын бүлгүүдийн үйл ажиллагааны улмаас баримт, үнэн мэдээлэлд суурилсан нийгмийн хэлэлцүүлгийн орон зай багасаж байгааг бид өдөр тутмын үйл ажиллагаанаасаа харж байна.
Түүнчлэн технологийн компаниуд баримт шалгагч нартай хамтын ажиллагаагаа хумин олон нийтийн мэдээллийн орчинд үнэн мэдээлэл өмнөхөөсөө цөөн хүнд хүрэх эрсдэл бий болсоор байна. Эдгээр өөрчлөлтийг сөрөн, үйл ажиллагаагаа өргөжүүлж олон нийтийн дэмжлэгт тулгуурлан, онлайн орчин болоод нийгэм дэх баталгаатай, баримттай мэдээлэл хүлээн авагчдыг нэмэгдүүлэхээр бид гишүүнчлэлийн хөтөлбөрөө танилцуулж байна.
Та манай үйл ажиллагааг дэмжсэнээр зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг хүлээн аваад зогсохгүй, хуурамч мэдээлэл, манипуляцыг сэрэмжлүүлж, нийгэмдээ нөлөөлөх дэмжигч гишүүдийн нэг болоорой.