Энэ онд Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM) нийслэл болон Төв, Хөвсгөл аймгийн 16–25 насны 400 оролцогчийг хамруулан хийсэн “Залуучуудын хуурамч мэдээлэлд өртөх эмзэг байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” судалгаа хийсэн билээ. Уг судалгааны дүнгээс онцлон анхаарах нэг зүйл нь залуус худал мэдээлэлд итгэдэггүй үзүүлэлттэй бараг ижил хэмжээгээр “үнэн мэдээлэлд ч итгэдэггүй” байх хандлага илэрсэн нь юм. Товчоор хэлбэл залуучууд авч буй мэдээллүүддээ итгэл алдарсан нөхцөл байдалтай байна. Энэ нь олон улсын судалгаанд ч илэрдэг “урт хугацааны турш хуурамч мэдээллийг зохион байгуулалттай түгээснээр хүмүүс юунд ч итгэхгүй болж, улмаар нийгмийн ёс суртахуун унадаг” гэх дүгнэлтийг баталжээ.

Энэхүү судалгаанд хотын залуучуудын хувьд сэтгэл хөдлөлийн нөлөө бүх насанд тогтвортой хадгалагдаж байгаа бол танин мэдэхүйн нөлөө аажмаар буурч, оронд нь итгэл үнэмшилд суурилсан шүүлт нэмэгдэж байгааг харуулсан.
Түүнчлэн залуучууд хуурамч мэдээлэлд өртөхөд зөвхөн “мэдээллийн боловсрол дутмаг” байдал бус, харин хувь хүний танин мэдэхүй, сэтгэл зүйн онцлог, гэр бүл, найз нөхдийн нөлөө зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг судалгаанд харуулсан.

Хотод сэтгэл хөдлөлд суурилсан мэдээлэл илүү хүчтэй нөлөөлдөг бол хөдөөд хувь хүний итгэл үнэмшилд суурилсан шүүлт давамгайлж байгааг судалгааны дүнгээс харж болохоор байна.
Тиймээс залууст чиглэсэн мэдээлэлтэй харьцах хандлагыг эерэгшүүлэх, баталгаат эх сурвалжаас мэдээллийнхээ бодит үнэнийг олох чадвар эзэмшүүлэх, сэтгэл хөдлөл хуурамч мэдээллийг дэмждэг зэргийг ойлгуулах зорилготой нөлөөллийн ажлыг Хараат бус судалгааны хүрээлэн болон Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв ТББ-ын дэргэдэх Монголын баримт шалгах төв хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хот, Төв, Хөвсгөл аймагт залуучуудын ялгаатай бүлэг, орон нутгийн онцлогт нийцсэн арга зүйгээр баримт шалгах сургалт орж, Facebook-ийн Ил.Эр.Хий.Хэл хуудас болон Instagram дахь GenZ.medialit хаягаар “Нягталдаг бол COOL” нэрийн дор баримт шалгалтыг энгийнээр тайлбарласан контентууд болон баталтгаат эх сурвалжуудыг түгээн дэлгэрүүлэх мэдээллүүдийг хүргэх юм.
Нийслэлд ахлах ангийнханд сургалт орлоо
Тавдугаар сарын 24-ны ням гарагт Монголын баримт шалгах төвийн сургагч багш нар Улаанбаатар хотын Томүжин Алтернатив сургуулийн 16-18 насныхныг хамруулсан танхимын сургалт хийлээ. Сургалтаар хуурамч мэдээллийг төрөлжүүлэн судалдаг шалтгаан болон баримт шалгах энгийн аргуудыг онол дадлага хосолсон загвараар орсон юм. Мөн хиймэл оюун ухааны эерэг, сөрөг талууд болон нийгмийн сүлжээний платормуудын алгоритмын ажиллагааны талаар мэдээлэл өгч, сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах үүднээс залуусыг өөрсдөөр нь хиймэл оюун ухааны хэрэглүүрүүд ашиглан бүтээл хийлгэлээ. Залуучуудын мэдээлэлд хандах хандлага болон ур чадварыг дээрх сошиал хаягуудад оруулах бүтээлээс нь үзээрэй. Мөн орон нутагт орсон сургалт, цаашдын үйл ажиллагааны талаар хүлээн аваарай.






