Search

Мариа Ресса: Сэтгүүл зүйн бүтээлийг хүртээмжтэй болгоно гээд хэт хялбаршуулаад байвал хүлээн авагчдын оюуны чадамж буурна

2025 оны Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чуулганы (GIJC) үеэр Нобелийн энхтайвны шагналт Мариа Рессатай Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо ярилцсан юм. Тэд мэдээллийн экосистемд технологи, сошиал платформуудын үзүүлэх нөлөө болон өнөөгийн сэтгүүл зүйд тулгамдаж буй асуудлыг хөнджээ.

“Сэтгүүлчид дангаараа технологийн компаниудын хэмжээнд нөлөөлж чадахгүй. Засгийн газар, сэтгүүлчид, иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад чухал” гэдгийг Мариа Ресса онцолсон юм.

Тэрээр Филиппиний Rappler агентлагийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд авторитор төрийн эрх баригчид манипуляцаар иргэдийнхээ тархийг угааж буйг баримтаар гаргаж, шүүмжилснийхээ төлөө засгийн газраас тулгасан хилс хэргүүдэд шалгагдаж, эцэст нь цагаадсан алдартай сэтгүүлч юм.

Сэтгүүл зүйгүй сошиал медиа нь эрх баригчдыг хяналтаас алдаж, олон нийтийн санаа бодлыг тусгахгүй шийдвэр гаргадаг болгоход шууд нөлөөтэй

– Цаг гарган ярилцаж байгаад баярлалаа. Та дөнгөж сая тавьсан илтгэлдээ “Бид одоо л хамтарч ажиллаж эхлэхгүй бол дундаж болон жижиг хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагууд хаалгаа барихад хүрнэ” гэж хэллээ. Иргэний нийгмийн салбарт ажиллаж байгаа миний хувьд хэвлэл мэдээллийн салбараа гаднаас нь хараад “Бид ер нь яагаад сэтгүүл зүйг аврах гээд ингэтлээ хичээх хэрэгтэй гэж?” гэсэн асуулт төрдөг юм. Танаас асуух асуулт маань, хэрэв сэтгүүл зүйг аварч чадахгүй бол бид юугаа алдах гээд байгаа юм бэ? Гэхдээ та энэ асуултад “хүний эрх, ардчилал” гэдэг үгийг оруулахгүйгээр хариулж өгөөч?

– Бололгүй яахав. 2024 оны Каннын кино наадамд би Элон Маскийн яг араас тайз руу гарч үг хэлсэн юм. Элон бол хүн төрөлхтөн сэтгүүл зүйгүйгээр ямар ч асуудалгүй амьдрах боломжтой гэж үздэг хүн. Олон нийт өөрсдөө мэдээллээ хуваалцаад, хэрэгцээгээ хангаж болно гэж үздэг. Гэхдээ үгүй л дээ…

Тэртээ 2007 онд Эндрью Кийн “Сонирхогчдын гаж урсгал” (The Cult of the Amateur-номоороо олон нийтэд интернэт бол баталгаатай мэдээлэл, найдвартай эх сурвалжууд, мэргэжлийнхний үүрэг, чанарыг сулруулж байна гэдгийг анхааруулсан) гэдэг ном бичиж байсан. Түүнээс хойш байдал улам л дордсоор байна. Сэтгүүл зүй яагаад стандарт, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг юм, хүн яагаад байнга суралцах хэрэгтэй байдаг юм, бүгд  шалтгаантай шүү дээ. Гэтэл нөгөө талаас, улс орнууд уруудан доройтож, хүчирхийлэл нэмэгдэж байгаа гол шалтгаан бол олон нийтийн санаа бодолд, нийгмийн хэлэлцүүлэгт сошиал медиа хортой, муу мэдээлэл шахаад байгаагаас болж байгаа шүү дээ. Контент бүтээгчид, инфлүенсерүүдийг муулах гэсэнгүй л дээ, гэхдээ сэтгүүлч бидний зорилго бол тийм биш. Бид ёс зүйн хэм хэмжээ, стандарт мөрдөж ажилладаг. Бид хэзээ ч олон нийтэд бэлтгэн хүргэж байгаа мэдээллийнхээ гол дүр нь байхыг зорьж байгаагүй. Гэтэл одоо бүхэл бүтэн нэг үеийн сэтгүүлчдэд өөрсдөө мэдээнийхээ гол дүр болохыг сурталдаад байгаа нь сошиал медиагийн нэг том аюул юм. Сэтгүүлч бол олон нийтэд, тэдний сайн сайхны төлөө үйлчлэх ёстой шүү дээ.

Тэгэхээр, бид сэтгүүл зүйг аварч чадахгүй бол юу алдах гээд байна вэ гэвэл хамгийн түрүүнд эрх барьж байгаа засгийн газруудаасаа хариуцлага шаардах боломжоо алдана. Яагаад гэвэл сэтгүүл зүйгүй нийгэмд засгийн газрууд Дутерте (Филиппины ерөнхийлөгч асан), манай Филиппиний засгийн газар шиг “аашилдаг”. Энэ ажиллагаагаа инфлүенсерүүдэд мөнгө төлж гүйцэтгүүлдэг. Энэ чинь авлига шүү дээ.

Та өөрөө ч мэдэлгүй манипуляцад орж, утсан хүүхэлдэй шиг болмоор байна уу, эсвэл амьдарч байгаа дэлхий ертөнцөө хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар бодит баримт, мэдээлэл авдаг баймаар байна уу. Олон нийтэд хамааралтай бодлогыг бидний саналыг огт тусгахгүй, судалгаагүй баталдаг болчихно гээд бод доо. Сэтгүүл зүйгүй сошиал медиа яг л ийм болгож байна шүү дээ. Зүйрлэвэл, мэсчин боолын тулаан шиг л болчихсон. Гэтэл улс төр ийм байх ёсгүй. Ийм орчинд ямар ч засгийн газар эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Засгийн газрууд энэ нөхцлийг эрт ухамсарлах тусмаа сэргийлэх арга, хамгаалалтуудаа бий болгох боломжтой.

Өнөөдрийн энэ хурдтай өөрчлөлтийг бий болгож буй зүйл нь технологи, яг одоо бол буцалж байна шүү дээ. Сошиал медиа улс орны маань соёл, онцлогийг ч ойлгохгүйгээр бидний орон зай руу шууд халдан орж ирсэн. Үүнийг сошиал медиагийн колончлол гэж нэрлээд байгаа нь учиртай. Нэг цагаан арьст эрхлэгчийг тэр чигээр нь хэдэн сая удаа хуулбарлаад, ялгаатай соёлтой орнуудад байршуулснаас ялгаагүй. Өнөөдрийн нийтийн мэдээллийн орон зайд ийм л зүйл засаглаж байна. Ардчиллыг авч үлдье гэвэл бид энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй, тиймээс хамтран ажиллах хэрэгтэй байна.

Нэг талаас нь харсан зарим нэгэн сэтгүүл зүй уйтгартай, хэрэггүй зүйл гэж хэлж магадгүй. Гэтэл мөн чанар нь өөр юм. Олон нийтийн төлөөх зорилгоор хийсэн, 3000 үгтэй эрэн сурвалжилсан бүтээлийг хүртээмжтэй болгох хэрэгтэй. Гэхдээ хүртээмжтэй болгож байна гээд хэт хялбаршуулаад байвал хүлээн авагчдын оюуны чадамж буурна.

2016 онд Rappler луу чиглэсэн дайралтууд эхлэхэд хоёрхон минут л хангалттай байсан. Сошиал медиад инфлүенсерүүдийн хүчээр мэргэжлийн редакцыг үнэгүйдүүлж чадсан. Мэдээж, хуурамч мэдээлэл, манипуляцын аргаар… Мэдээлэл баталгаатай эсэхийг иргэд ялгаж салгаж чадахгүй байгаа нөхцөлд олон нийтийн дэмжлэг, оролцооны тухай санахын ч хэрэггүй. Олонхоороо хүлээн зөвшөөрдөг дундын итгэл үнэмшил, бодит байдал гэж үгүй бол ямар ч өөрчлөлтийн төлөө зорих, түүнийг хийх боломжгүй. Ийм л сонголт бидний өмнө тулгараад байгаа тул хамтаръя, нэгдье гэдгийг дэлхий даяар хэлж байгаа юм.

Ардчиллыг устгах ажиллагаа хэвлэлийг мэдэлдээ авах, төрийн бус байгууллагуудыг эзлэх, боловсролыг, цаашлаад шүүх эрх мэдэл, төрийн эрхийг авах замаар явдаг

-Та ардчилсан орнууд гэж дурдлаа шүү дээ. Харамсалтай нь дэлхийд тийм ч олон ардчилсан улс үлдсэнгүй. Freedom House-ийн судалгаагаар манай гараг дээр байгаа 10 хүн тутмын 8 нь автократ дэглэмд амьдарч байна гэж гарсан. 2025 оны эхээр V-Dem Монгол Улсыг “алдагдсан ардчилалтай орон” гэсэн ангилалд оруулчихлаа.

-Танай улс одоо ч ардчилсан шүү дээ.

-Бид өөрсдөө ардчилсан улс гэдэгтээ одоо ч итгэдэг л дээ. Тэгэхээр цөөн үлдсэн ардчилсан оронд ажиллаж байгаа сэтгүүлч нар сэтгүүл зүйг, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

-Хүн бол төрөлхөөсөө сайн байх өгөгдөлтэй гэдэгт би итгэдэг. Мөн юуг шударга, юуг шударга биш вэ гэдгийг ялгаж чаддаг. Хамгийн түгээмэл таван шашинд ч өгөөмөр, энэрэнгүйн үзлийг нэгэн адилаар баримталдаг шүү дээ. Сул дорой нэгэндээ тусалдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмждэг, ур чадварт суурилсан ертөнцийг бий болгох нь ардчиллын зорилго. Хүн төрөлхтөн хоорондоо ялгаатай ч хүчтэй байж болно. Энэ хүчний гол тулгуур нь бидний ялгаатай байдал гэсэн үг. Одоо үлдсэн хэдэн ардчилсан улс дэлхийг нуруундаа үүрээд явж байна.

Гэтэл нөгөө талд, технологийн хүрсэн түвшин, чадамжийг бараг бурхантай зүйрлэж болохоор байна. Гэхдээ тэрхүү технологийг удирдаж байгаа хүмүүсийг бурхантай зүйрлэх ямар ч боломжгүй. Олон нийтийн санаа бодолтой тоглохоосоо өмнө өөрсдөө маш их боловсрох шаардлагатай.

-Сонирхоод асууя. Бурхантай зүйрлэхүйц технологи бүтээгээд байгаа тэр хүмүүстэй бид харж байгаа өнцгөө үр дүнтэй хуваалцаагүй, ярилцаагүй, ойлгуулаагүйгээс ийм байдалд хүрч байж болох уу?

-Үгүй ээ. Шалтгаан нь ердөө л шунал, америк хувьцаа эзэмшигчдийн урамшууллын бүтэц. Үүнийг бас гэгээрсэн хувиа хичээх үзэл гэж тодорхойлж болно. ASEAN-ийн орнуудын соёлд энэ ойлголт сайн танигдсан. Тэд эрх чөлөөг урамшуулдаг ардчилсан орнуудыг үгүй хийчихвэл ирээдүйгээ сүйтгэнэ гэдгээ мэдэж байгаа. Технологийн энэ хөгжилтэй уур амьсгалын өөрчлөлт салшгүй холбоотой. Дэлхий ачааллаа дийлэхгүй болж байна. Ийм үед АНУ-ын ерөнхийдөгч НҮБ-д хандаж “Уур амьсгалын өөрчлөлт бол хуурамч мэдээлэл” гэсэн мэдэгдэл хийнэ гэдэг итгэхийн аргагүй. Одоо энэ бүхнийг хүртэл хэн сөрөн зогссон бэ, хэн бүсээ чангалаад хараад суусан бэ гэдгийг эргэж дүгнэх үе. Сөрөн зогсох хүмүүс хэт цөөхөн байвал дэлхий ертөнц сууриараа өөрчлөгдөнө.

-Таны дурдсан хамтын ажиллагаа зөвхөн сэтгүүлчид хамтрах тухай биш гэж бодож байна?

-Сэтгүүлчид дангаараа технологийн компаниудын эсрэг зогсоно гэвэл боломжгүй. Иргэний нийгэм, засгийн газрууд, төрийн бус байгууллагууд гээд нийгмийн бүх институт хамтрах хэрэгтэй. Ардчиллыг устгах ажиллагаа хэвлэлийг мэдэлдээ авах, төрийн бус байгууллагуудыг эзлэх, боловсролыг, цаашлаад шүүх эрх мэдэл, төрийн эрхийг авах замаар явдгийг бид мэднэ. Энэ технологи дэлхийн маш олон оронд хэдийн хэрэгжсэн шүү дээ.

-Засгийн газарт яаж өөсдийгөө сонсгох вэ?

-Би өчигдөрхөн Европын парламентын сонсголд орсон. Хичээж л байна. Сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж, ажлаа хийх цаг. Улстөрчид биднийг анхаарч сонсвол, хүний эрхийг дээдэлсэн хууль эрх зүйн орчин бий болгоход нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

“Баримт нэн тэргүүнд” сүлжээний загварыг террорист бүлэглэлийн зохион байгуулалтаас санаа авч байгуулжээ

-Ярилцлага бичиж байгаа сэтгүүлч бол Л.Анударь. Манай улсын залуу сэтгүүлчдийн нэг. Ану, чамд Мариагаас асуух асуулт байна уу?

Ану: -Бид Филиппины FactFirstPh загвараар хуурамч мэдээллийн эсрэг “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээг байгуулж, менежерээр нь би ажилладаг юм л даа. Бид энэ сүлжээгээ яаж илүү идэвхтэй байлгаж, олон нийтийн төлөөх үйл ажиллагааг нь хэрхэн дэмжих вэ?

-Би нэг хөгжилтэй юм хэлье. Бид сүлжээгээ террорист бүлэглэлүүдийн ажилладаг бүтцээс санаа авч байгуулсан юм. Сайн харвал ялгаатай давхрагуудаас бүрдэж байгаа шүү дээ. Хүн ойр тойрныхоо, ижил зорилго, үзэл бодолтой хүмүүстэйгээ хамтарвал тэр чинээгээрээ итгэлцэл бий болдог. Rappler ч хямралын үедээ гурван өөр баг бүрдүүлж байсан. Гэхдээ энэ талаарх бүх зүйлийг би мэдэхгүй, мэдэхийг хүсдэггүй байсан л даа. Яагаад гэвэл би баригдчихвал энэ бүх мэдээллээ алдана гэдэг эрсдэлээс зайлсхийж оролцоггүй байсан юм.

Хамгийн гол нь ялгаатай бүлгүүдийг бий болгож, тэдгээрийнхээ хоорондын уялдааг хангах нь чухал. Гол суурь нь итгэлцэл, итгэл бол баримт дээр л үндэслэн тогтдог. Хүн төрөлхтөн бие биедээ итгэхийг хүсдэг, тэрхүү итгэлээ алдахгүй байхыг хүсдэг. Тиймээс сүлжээндээ энэ итгэлцлийг бий болгож, олон нийт ч сүлжээнд итгэдэг, баримттай мэдээллийг дэмждэг байлгах нь чухал. Амжилт хүсье.

-Маш их баярлалаа.   

  • 2025 онд Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чуулганд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн баг оролцсон бөгөөд ирэх жилийн хамтын ажиллагаа, олон нийтийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжих чиглэлээрх ажлуудаа төлөвлөж ирсэн юм. Мөн 2024 онд орчуулсан Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” номын нээлтийг 2025 оны 03 дугаар сарын 14-нд Монгол Улсын Үндэсний төв номын санд хийсэн тэр өдөр Филиппины ерөнхийлөгч асан дарангуйлагч Р.Дутертег ГААГ-ийн шүүх баривилсан мэдээлэлтэй давхцаж байсан юм. Номын нээлтийн талаарх мэдээллийг эндээс аваарай.

Check document