Search

Монголын баримт шалгах төв Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын (JTI) стандартад нэгдлээ 

Манай төв сэтгүүл зүйн үйл ажиллагааны стандарт, эрүүл мэдээллийн орчныг дэмжих, сэтгүүл зүйд итгэх итгэлийг сайжруулах зорилготой Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгад (Journalism Trust Initiative) нэгдэн үйл ажиллагааны журам, байгууллагын ил тод байдлаа тайлагнан мэдээллээ. 

Энэхүү санаачилгыг Хил Хязгааргүй Сэтгүүлчид (Reporters Without Borders) байгууллагаас санаачлан 130 гаруй мэргэжилтний тусламжтай бүтээж 2018 онд олон нийтэд танилцуулж байсан. Стандартад нийцэхийн тулд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь олон нийт, уншигчдад үнэн бодит мэдээлэл хүргэхэд чиглэсэн зохицуулалт бүхий нээлттэй редакцын бодлого, байгууллагын орлого, эзэмшлийн ил тод байдал, редакцын бие даасан байдлаа хамгаалж, мэргэжлийн үйл ажиллагааг хэрхэн мөрдөж байгаагаа ил тод илэрхийлсэн байхыг шаарддаг. 2024 оны эхний хагас гэхэд уг санаачилгад хэдийн дэлхийн 1700 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэн 200 гаруй байгууллага ил тод байдлын тайлангаа нийтэлсэн тухай Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллага мэдээлжээ. 

Санаачилгын стандартыг хангаж баталгаажуулалтыг авснаар хэвлэл мэдээллийн байгууллагууд  үйл ажиллагааны зарчим, ил тод байдлаа стандартажсан, хараат бусаар үнэлгээний дагуу нийтэд мэдээлэх боломжийг олгож байгаа нь уншигч, үзэгчдийнхээ итгэлцлийг нэмэгдүүлэх, цаашлаад дэмжигч, хамтран ажиллах байгууллагуудаа өргөжүүлэх, итгэлцэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Монголын баримт шалгах төв нь 2020 онд Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төвийн харьяанд байгуулагдсан ба бид баримт шалгах үйл ажиллагааны журам, ёс зүйн зарчим, залруулгын бодлого зэргээ олон нийтэд ил тод, нээлттэй зарлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай төвийн Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгад нэгдэх үйл явцад Deliotte-ийн Хэвлэл мэдээллийн баталгааны баг үнэлгээ хийсэн. Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын вэбсайтад үнэлгээний үр дүнг цахим хуудсандаа нийтэлсэн бөгөөд гэрчилгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх болно. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document