Search

Инстаграм 18-аас доош насныхны хэрэглээг хянах шинэ тохиргоог танилцуулна

Мета компани 2024 оны 9 дүгээр сарын 17-ны мягмар гарагт Инстаграм платформын 18 наснаас доош хэрэглэгчдээ “Өсвөр насны хэрэглэгч” (Instagram Teen Accounts) хэмээх шинэ аккаунт руу шилжүүлэхээ мэдэгджээ. Энэ нь эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ Инстаграм хэрэглээг хянах илүү боломж өгөхөөр танилцуулж буй шинэ зохицуулалт болохыг Мета компанийн Олон улсын асуудал эрхэлсэн захирал Ник Клегг мэдэгдсэн байна.

Өчигдөр танилцуулсан зохицуулалтаар, эцэг эхчүүд хүүхдээ тухайн платформд юу үзэж байгааг хянах, ямар хүмүүстэй мессежээр харилцаж байгааг харах, өдрийн хэрэглээний хязгаар тогтоох, тодорхой хугацаагаар Инстаграмыг нь идэвхгүй болгох зэргээр хяналт тогтоох боломжтой болох юм. Энэ тохиргоог өөрчлөх бол 16-аас доош насны хэрэглэгчид заавал эцэг, эхийн зөвшөөрөл авах шаардлагатай бол 16-аас дээш насныхан өөрсдөө өөрчлөх боломжтой байх юм.

Эхний ээлжид ирэх хоёр сарын хугацаанд АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг улсад хяналтын шинэ функцүүд нэвтэрч эхлэх бөгөөд бусад улсад ирэх нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Энэ өөрчлөлтөд дэлхий даяар нийт 100 сая гаруй хэрэглэгч хамрагдахаар байгааг мэдэгдсэн байна. Мета компани нь өсвөр насны хэрэглэгчдийн нууцлал, аюулгүй байдлын тал дээр асуудал дагуулаад байгаа нь ийм зохицуулалт гаргах шийдвэрт хүргэжээ.

Энэ талаар Инстаграмын захирал Адам Моссеригийн хэлснээр “Урт хугацаанд энэ зохицуулалт нь бизнесийн хувьд ашигтай. Учир нь эцэг эхчүүд манай платформд илүү итгэж эхэлнэ. Энэ нь эхэндээ хачирхалтай санагдах авч, 17 настай хүүхэд машин барих эрхтэй харин 13 настай хүүхэд эцэг эхийн хараа хяналтгүй “Rated-R” кино үзэж болохгүйтэй л адил юм.”

Өөрчлөлтийн дагуу 18-аас доош насныхан насаа худал хэлж бүртгүүлэхээс сэргийлж, хэрэглэгчдээ иргэний үнэмлэхээр эсвэл царайгаа камераар харуулах зэргээр баталгаажуулах аж. Гэхдээ энэ нь улс болгонд өөр байж магадгүй. Инстаграм энэ тал дээр хиймэл оюун ухаан ашиглан, насаа нууж насанд хүрсэн хүнээр бүртгүүлсэн өсвөр насныхныг олох, үүнээс сэргийлэх тал дээр ажиллаж байгаа ба харин эцэг, эхийн холбоог баталгаажуулах боломжгүй тул гэр бүлийнхэн хоорондоо харилцан зөвшилцөж, энэхүү тохиргоогоор холбогдох аж.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document