Өнгөрсөн мягмар гарагт буюу 1-р сарын 06-нд Мета компанийн захирал Марк Зукерберг АНУ-аас эхлэн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг зогсоож буйгаа зарласан. Үүний хариуд Олон улсын баримт шалгах сүлжээнээс (International Fact-Checking Network) баримт шалгагчдын мэргэжлийн байр суурь болон шийдвэрийн хор уршгийг харгалзан мэдэгдэл гаргалаа. Манай төв энэхүү захидалд нэгдэн Зукербергийн мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлж байна. Дараах захидал нь Олон улсын баримт шалгах сүлжээний албан бус орчуулга бөгөөд хэрвээ захидлын эх хувилбарыг үзэхийг хүсвэл энд нэвтрээрэй.
Хүндэт ноён Зукерберг,
Одоогоос есөн жилийн өмнө бид танд Фэйсбүүк дэх худал мэдээллээс үүдэн бодит хор хөнөөл учирч буй талаар бичиж байсан. Үүний хариуд Мета олон сая хэрэглэгчдийг хууран мэхлэлт, хуйвалдааны онолоос хамгаалахад тусалсан баримт шалгах хөтөлбөрийг бий болгосон. Энэ долоо хоногт та “хэт их цензур”-ын талаар санаа зовсны улмаас АНУ дахь хөтөлбөрөө зогсоож байгаагаа зарласан нь онлайн орчин дахь үнэн зөв мэдээллийг түгээх ажилд гаргасан бараг арван жилийн ахиц дэвшлийг баллах аюул заналхийлж байна.
2016 онд эхлүүлсэн хөтөлбөр нь онлайн орчин дахь үнэн бодит байдлыг дэмжих дорвитой алхам болсон. Энэ нь Facebook, Instagram, Threads дэх хэрэглэгчид платформуудыг өгөөжтэйгээр ашиглахад тусалсан бөгөөд худал, ташаа мэдээлэл тархах явдлыг бууруулсан. Сошиал медиад ихэнх хүмүүс амьдралынхаа талаар шийдвэр гаргах, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ таатай харилцахын тулд найдвартай мэдээлэл хайж байдаг гэдэгт бид итгэдэг, дата ч үүнийг баталж байна. Цензурдэхгүйгээр худал мэдээллийн тархалтыг бууруулахын тулд хэрэглэгчдэд мэдээлэх нь энэхүү хөтөлбөрийн зорилго байсан. Баримт шалгагчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тууштай дэмжиж байгаа бөгөөд бид үүнийг өнгөрсөн жилийн Сараевогийн мэдэгдэлд удаа дараа албан ёсоор илэрхийлсэн. Ямар нэг зүйл үнэн бодит байдалтай ямар учраас нийцэхгүй байгааг хэлэх эрх чөлөө нь бас үг хэлэх эрх чөлөө юм.
Гэхдээ энэ хөтөлбөр нь “цензур тавих хэрэгсэл” болж, “баримт шалгагчид улс төрийн хэт өрөөсгөл хандлагатай байсан бөгөөд ялангуяа АНУ-д бий болгосноосоо илүү итгэлцлийг устгасан” гэж та хэлж байна. Энэ бол худал бөгөөд бид өнөөдрийн нөхцөл байдал болон түүхэн хугацаанд гарсан өөрчлөлтөд үндэслэн аль алинд нь шулуун шударга бодит байдлыг хэлэхийг хүсэж байна.
Мета нь баримт шалгах бүх түншээс Олон улсын баримт шалгах сүлжээгээр баталгаажуулах замаар нам бус байдлын (nonpartisanship) хатуу стандартыг дагаж мөрдөхийг шаарддаг. Энэ нь улс төрийн нам, нэр дэвшигчидтэй ямар ч холбоогүй, бодлого сурталчлахгүй, бодитой, ил тод байдлыг тууштай баримтална гэсэн үг. Хэвлэл мэдээллийн байгууллага бүр бие даасан үнэлгээ, ижил үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаараа үнэлүүлэх зэргээр жил бүр хатуу шалгалтад ордог. Мета эдгээр стандартын нарийн нягт, үр дүнтэй байдлыг магтан сайшаасаар ирсэн. Жилийн өмнө Мета уг хөтөлбөрийг Threads-рүү өргөтгөсөн.
Мета хэзээ ч баримт шалгагчдад контент эсвэл хаяг устгах эрх өгөөгүй ч таны хэлсэн зүйл баримт шалгагчид цензурддэг гэх ойлголтыг төрүүлж байна. Онлайнд хүмүүс Метагийн үйлдэлд баримт шалгагчдыг буруутгаж, дарамталдаг. Таны саяхны сэтгэгдлүүд эдгээр ойлголт, харах өнцгийг өөгшүүлэх нь дамжиггүй. Гэвч бодит байдал дээр Метагийн ажилтнууд үнэн худал нь тогтоогдсон контентыг хэрхэн бууруулах эсвэл шошгожуулахыг шийддэг. Олон жилийн туршид хэд хэдэн баримт шалгагч Метад энэ шошгыг хэрхэн сайжруулж, цензурээс зайлсхийх, төвөгтэй байдлыг багасгах талаар санал дэвшүүлж байсан боловч Мета эдгээр саналыг хэрэгжүүлээгүй. Нэмж дурдахад, Мета улс төрчид болон улс төрд нэр дэвшигчдийг худал мэдээлэл тараасан ч гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон баримт шалгалтаас чөлөөлсөн. Харин баримт шалгагчид улстөрчдийг бусдын нэгэн адил үнэн бодитоор шалгах ёстой гэсэн байр суурьтай байж ирсэн.
Олон жилийн туршид баримт шалгагчид болон бие даасан судлаачид нэмэлт дата авахыг удаа дараа хүссэн ч Мета хөтөлбөрийн үр дүнгийн талаар зөвхөн хязгаарлагдмал мэдээлэл өгч байсан. Гэхдээ бидний мэдэж байгаагаар хөтөлбөр үр дүнтэй байсан. Судалгаанаас үзэхэд баримт шалгах үнэлгээний шошго нь худал мэдээлэлд итгэх итгэл, хуваалцах явдлыг бууруулж байсан. Мөн та Конгресст өгсөн мэдүүлэгтээ Метагийн “салбартаа тэргүүлэгч баримт шалгах хөтөлбөр”-ийн талаар сайрхаж байсан.
Та X-тэй төстэй Community Notes хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн. Энэ хөтөлбөр нь X-ийн мэдэгдэж байгаа шиг хэрэглэгчдэд эерэг туршлага бий болгоно гэдэгт бид итгэхгүй байна. Судалгаанаас харахад Community Notes-д хэрэглэгчдийн олгосон маш олон мэдээлэл хэрэглэгчдэд огт харагддаггүй болох нь тогтоогдсон. Тэдгээр нь стандарт, үнэн зөв байдлын нотолгооноос илүүтэй улс төрийн өргөн хүрээний зөвшилцлөөс хамаардаг. Гэсэн хэдий ч, Community Notes нь Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөртэй зэрэг хэрэгжих боломжгүй гэх шалтгаан байхгүй; эдгээр нь бие биеэ үгүйсгэхгүй. Мэргэжлийн баримт шалгах ажиллагаатай хамтран ажилладаг Community Notes загвар нь үнэн зөв мэдээллийг түгээх шинэ загвар болох боломжтой. Үүний хэрэгцээ маш их бий: Хэрэв хүмүүс сошиал медиа платформууд залилан, хууран мэхлэлтээр дүүрэн гэж үзвэл энэ орчинд цагаа өнгөрөөх эсвэл бизнес хийх хүсэлгүй болно.
Энэ нөхцөлд бид АНУ-ын улс төрийн нөхцөл байдлыг ч авч үзэх шаардлагатай болж байна. Таны шийдвэрээ зарласан цаг хугацаа нь АНУ-ын ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсоны дараа, шинэ засаг захиргаанд технологийн салбараас ирж буй өргөн хүрээний хариу арга хэмжээний нэг хэсэг болж байна. Ноён Трамп өөрөө таны мэдэгдлийг таныг заналхийлсний хариуд хийсэн байж “магадгүй” гэж хэлсэн. Манай баримт шалгагчдын хүрээнд багтдаг зарим сэтгүүлчид өөрсдийн ажиллаж буй улс орны засгийн газраас үүнтэй төстэй заналхийлэлд өртөж байсан тул энэ дарамтыг эсэргүүцэх нь хэчнээн хэцүү болохыг ойлгож байна.
Баримт шалгах хөтөлбөрийг 2025 онд дуусгах төлөвлөгөө одоогоор зөвхөн АНУ-ыг хамаарч байна. Гэхдээ Мета нь ардчилал, хөгжлийн янз бүрийн түвшинд байдаг 100 гаруй оронд ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр улсуудын зарим нь улс төрийн тогтворгүй байдал, сонгуулийн үеэрх гаднын нөлөөлөл, үймсэн олны хүчирхийлэл, тэр байтугай геноцид зэргийг өдөөдөг хуурамч мэдээлэлд өртөмтгий. Хэрэв Мета хөтөлбөрийг дэлхий даяар зогсоохоор шийдсэн бол энэ нь олон газарт бодит хор хөнөөл учруулна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Энэ мөчид олон нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйд илүү их санхүүжилт хэрэгтэйг тодотгож байна. Баримт шалгах ажил нь АНУ болон дэлхийн хэмжээнд дундын бодит байдал, нотолгоонд суурилсан хэлэлцүүлгийг хадгалахад чухал ач холбогдолтой юм. Филантропийн салбарынхан эгзэгтэй энэ үед сэтгүүл зүйд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж үүсэж байна.
Хамгийн чухал нь, Метагийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг зогсоох шийдвэр нь үнэн зөв, найдвартай мэдээллийг чухалчлан үздэг интернэт хэрэглэхийг хүсэж буй хүмүүсийн хувьд ухарсан алхам гэж бид үзэж байна. Бид ирэх жилүүдэд ямар нэгэн байдлаар энэ суурийг бүрдүүлж чадна гэж найдаж байна. Бид баримт шалгах аргыг хүмүүст өдөр тутмын амьдралынхаа талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах хэрэгсэл болгон ашиглах сонирхолтой Мета эсвэл бусад технологийн платформтой хамтран ажиллахад бэлэн хэвээр байна.
Үнэнийг олж авах боломж нь үг хэлэх эрх чөлөөг идэвхжүүлж, олон нийтэд үнэт зүйлтэйгээ уялдуулан сонголт хийх боломж олгодог. Сэтгүүлчид бид хэвлэлийн эрх чөлөөний төлөө тууштай байж, үнэнийг эрэлхийлэх нь ардчиллын тулгын чулуу мөн гэдгийг баталгаажуулж байна.
Хүндэтгэсэн,
15min – Литва
AAP FactCheck – Австрали
AFP – Франц
AkhbarMeter Media Observatory – Египет
Animal Político-El Sabueso – Мексик
Annie Lab – Хонг Конг
Aos Fatos – Бразил
Beam Reports – Судан
BOOM – Энэтхэг
Check Your Fact – Америкийн Нэгдсэн Улс
Chequeado – Аргентин
Civilnet.am – Армени
Colombiacheck – Колумб
Congo Check : Конго, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Төв Африкийн Бүгд Найрамдах улс
Doğruluk Payı – Турк
Dubawa – Нигери
Ecuador Chequea – Экуадор
Ellinika Hoaxes – Грек
Estadão Verifica – Бразил
FactCheckHub – Нигери
Fact-Check Cyprus – Кипр
FactCheck.org – Америкийн Нэгдсэн Улс
FactCheckNI – Умард Ирланд
Factcheck.Vlaanderen – Бельги
Factchequeado – Америкийн Нэгдсэн Улс
Factly – Энэтхэг
FactReview – Грек
Factnameh – Иран
Faktisk.no – Норвеги
Faktograf – Хорват
Fakt Yoxla – Азербайжан
Fatabyyano – Иордан
Full Fact – Их Британи
Greece Fact Check – Грек
Gwara Media – Украин
Internews Kosova KALLXO – Косово
Istinomer – Серби
Källkritikbyrån – Швед
KOMPAS.com – Индонези
La Silla Vacía – Колумб
Lead Stories – Америкийн Нэгдсэн Улс
Les Surligneurs – Франц
Lupa – Бразил
Mafindo – Индонези
Mala Espina – Чили
MediaWise – Америкийн Нэгдсэн Улс
Metamorphosis – Умард Македони
Mongolian Fact-checking Center – Монгол
MyGoPen – Тайван
Myth Detector – Гүрж
Newschecker – Энэтхэг
Newtral – Испани
Observador – Португал
Open – Итали
Pagella Politica / Facta news – Итали
Polígrafo – Португал
PolitiFact – Америкийн Нэгдсэн Улс
Pravda – Филиппин
PressOne.PH – Филиппин
Probe – Филиппин
Rappler – Филиппин
RMIT Lookout – Австрали
Snopes – Америкийн Нэгдсэн Улс
Taiwan FactCheck Center – Тайван
Tech4Peace – Ирак
Telugu Post – Энэтхэг
The Stage Media-Liberia– Либер
Tirto.id – Индонези
The Journal FactCheck – Ирланд
The Logical Indian – Энэтхэг
VERA Files – Филиппин
Verify – Сири
Редакцын тэмдэглэл: Баримт шалгах байгууллагууд энэ ил захидалд нэгдсээр байгаа бөгөөд бид өөрчлөгдөх бүрт засварлаж байгаа болно.